Тээр жил (цагаан сарын урьдхан) Ерөнхий сайд асан С.Баярын УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хаягласан ил захидал мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, тэрүүхэндээ шуугиан тарьж байв. Саяхан (арваадхан хоногийн өмнө) Х.Нямбаатар гишүүний ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид хаягласан бас нэг захидал нийтлэгдсэн. С.Баярын доошоо цөмөрсөн, Х.Нямбаатарын дээшээ самарсан хоёрыг жишээд үзбэл дүндээ дүн л юм. Хэн хэн нь байраа мэдсэнгүй.
Гэхдээ С.Баярын хувьд “Эрдэнэт”-ийн хэргээр биш, Оюутолгойн асуудлаар хоригдсоныг тооцвол Ж.Батзандан эхний оноогоо алдлаа. Тэр “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж, Засгийн газрын баталгаа гаргасан С.Баяр нарыг барьж хорих ёстой гэсэн билээ. Гэтэл АТГ С.Баярыг энэ хэрэгт холбогдуулан шалгаагүйгээр үл барам барьцаанд тавьсан хүмүүсээс нэгийг нь ч барьсангүй. Сарын дараа АТГ юу гэж дуугарахаас С.Баярын хувьд оноо авах, алдах нь тодорхой болно. “Шүүхийн өмнө уулзья” гэсэн ам тангарагтаа хүрнэ л гэх байх.
“Аз болж, гай болж” өмнөх парламентад ганц хувь байсан Батзандан МАН-ын парламентад гурваараа, дөрвөөрөө орж ирсэн. Түүнээсээ болоод “Батзанданг хэн сайн дуурайх вэ?” уралдаанд Батзандан өөрөө сүүл мушгихад хүрээд байна. Х.Нямбаатар гишүүний ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид хаягласан ил захидал үүний нэг жишээ.
“Задарсан дээдсийн завхралыг жаахан ч гэсэн засах гэж яваа залуу хүний хувиар танд хандаж байна” гэж эхэлсэн (Батзандангийн багалзуур хоолой шууд л сонсогдоно) түүний захидал “Та ШЕЗ-ийн даргаар ажиллаж эхэлснээс хойш таван жил өнгөрөхөд Монгол Улсын шүүх засаглалд ямар дэвшил шинэчлэл, ахиц өөрчлөлт хийгдсэн бэ?” гэх асуултаар үргэлжлээд “Монголын шүүхэд шударга ёс үгүйлэгдэх хамгийн том шалтгаан нь та өөрөө юм” хэмээн дүгнэсэн. Мундаг!
Гэхдээ энд нэг эндүүрэл байна. ШЕЗ гэдэг нь шүүхийн аюулгүй ажиллагаа, хараат бус байдлыг хангаж ажиллах үүрэгтэй энгийн нэг ажлын аппарат. Түүнээс биш шүүгчийг томилдоггүй, чөлөөлдөггүй. Бас дээр нь шүүн таслах ажиллагаанд ч оролцдоггүй. Шүүгч буруу шийдвэр гаргасан байлаа гэхэд ШЕЗ “Буруу шүү” гэж хэлэх эрхгүй. Нэг үгээр хэлбэл шүүгч нарын зарц, УИХ-аар бол тамгын газар нь. Тиймээс эрх хэмжээнд нь хэт томдсон зүйлээр ШЕЗ-ийг буруутгасан нь хуульч хүний хувьд том алдаа.
Шүүхийн захиргааны хууль гарч ШЕЗ-ийг бие даалгаснаас хойш шүүгч нартаа хийж өгсөн хамгийн том зүйл нь жил жилийн төсвийн хэлэлцүүлэг дээр ад шоо болон байж шүүгчдийнхээ цалинг нэмэгдүүлсэн явдал. Харин үүнээс бусдад шийдвэрийг УИХ гаргаж ирсэн. Шүүгчдийг томилох, чөлөөлөх асуудлыг гэхэд Ерөнхийлөгч шийддэг.
Хоёрдугаарт шүүгч нар авилгажсан, хууль бусаар хөрөнгөжсөн гэх баримт байгаа бол Х.Нямбаатар гишүүн ШЕЗ-тэй хэрэлдэхийн оронд АТГ-т өөрөө өргөдөл өгөөд шалгуулчих хэрэгтэй юм. Сая ам.долларын хадгаламжтай гээд байгаа залуу шүүгчийн тухайд хүүхэд нь хүнд өвчин тусаад гадаадад эмчлүүлэх болоход чинээлэг айлд бэр орсон эгчийнхээ хадгаламжийг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн, эгч нь Америкт амьдрахаар явсан учраас банк нэрийг нь салгаж өгөөгүй байгаа тухай мэдээлэгдсэн. Уул үзээгүй байж хормой шүүхийн үлгэр болов.
Харин Хаан банкнаас 174 шүүгчид орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож, хариуд нь банкны талд шийдвэр гаргасан гэдгийн хувьд санаатай хийсэн гүтгэлэг байж болох юм. Болсон явдал гэвэл ШЕЗ-ийг бие даалгахаас бүр өмнө 2003 онд УДШ-ийн ерөнхий шүүгч нь (тэр үед ШЕЗ-ийг УДШ-ийн дарга тэргүүүлдэг байлаа) шүүгч нарынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд Хаан банкинд хүсэлт гаргаж сарын 1 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд (ипотекийн зээл гараагүй, банкууд жилийн 22 хувийн хүүтэй зээл олгодог байлаа) хамруулсан аж. Тэгэхээр Х.Нямбаатар гишүүний энэ хийрхэл санамсаргүй зүйл үү, санаатай үйлдэл үү гэдгийг эргэцүүлж бодох ёстой.
Нэгдүгээрт өөрөө өмгөөлөгч байсан, шүүх дээр олон удаа ялагдал хүлээж байсны хувьд хувийн өс хонзон байж болох. Хоёрдугаарт, ШЕЗ-ийг татан буулгаж, Хууль зүйн яамны харъяанд аваачих тухай яриа, Х.Нямдорж нарын хуулийн төсөл ч бас явж байгаа. Үүнийг гүйцэтлдүүлэхийн тулд санаатайгаар шүүгчдийг оролдох шаардлага гарсан байж болно.
Гуравдугаарт шүүгчдийг томилох нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл бөгөөд хуульд зааснаар зургаан жилийн хугацаатай томилдог тул шүүгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөхийн тулд (Ц.Элбэгдоржийн томилсон шүүгчдээс салах) үүнийг сэдсэн байж ч болох. Сошиал хэрэглэгчдийн дунд “Авилгач шүүгчдээс салцгаая” гэдэг хөдөлгөөн өрнөөд эхэлчихсэн байгаа нь үүний нэг нотолгоо.
Түүнийг ил захидал дэлгэсний дараа “Veritas Partners” фирмийн нэгэн хуульч дэлхий нийтэд “Рузвельтийн жор” нэрээр үлдсэн хар технологийн тухай ярьсан байв. Ерөнхийлөгч Рузвельт АН-ын эсрэг шийдвэр гаргадаг гэж үзсэн зарим шүүгчдийг ажлаас чөлөөлөхийн тулд шүүхийн бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай хуулийн төслийг Конгресст оруулж, үүнийхээ араас яг одооных шиг “авилгажсан шүүгчид” гэх шуугианыг нийгэмд цацаж, Конгресст нөлөөхийг оролдсон тухай. Х.Нямбаатарыг хуульчийнхаа хувьд хэр сайн, муу гэдгийг мэдэхгүй ч муу юмандаа бол гаршиж л яваа юм байна. Дүүргийн ИХ-аас УИХ-ын гишүүн болтлоо сугарсан хэний ч үл мэдэх залуу хүний толгойд ийм бодол төрнө гэж хэн санах билээ? Сайн ах нарын нөлөө байх л даа. Гал ноцоож чадахгүй бол утаа буу уугиул! гэж үг бий.
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (10)