ОХУ-ын эмэгтэй уран гулгагчид дэлхийд ноёрхож байгаа гэдгээ дахин нэг нотоллоо. Дэлхийн хошой аварга Евгенья Медведева, тивийнхээ аварга Алина Загитова нарын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж, эцсийн дүнд А.Загитова түрүүллээ.
Энэ жил 15 настай А.Загитова чөлөөт үзүүлбэрт 156.65 оноо авснаар өөрөөсөө гурав эгч Е.Медведевагаас 1.31 оноогоор илүү гарч, шинэхэн олимпын аварга боллоо. Ингэснээр орос охин олимпын аварга болсон хоёр дахь хамгийн залуу тамирчин болов. Түүний урд АНУ-ын Тара Липински 1998 онд Наганогийн олимпод 15 нас, 257 хоногтойдоо ганцаарчилсан төрөлд алтан медаль авсан амжилтаараа бүх цаг үед тэргүүлдэг.
Түүнчлэн “Пёнчан 2018”-д оролцож буй орос тамирчид алтан медаль авч амжаагүй байсан бол А.Загитова анхны алтан медалийг нь авчирлаа. Харин уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд алт, мөнгөн медаль авсан Оросын баг 14 медальтай боллоо.
Канадын уран гулгагч Кэйтлин Осмонд хүрэл медалийн эзэн боллоо. Сочид багийн төрлөөр мөнгөн медаль хүртэж байсан канад бүсгүй энэ удаагийн олимпод багийн төрлөөр алт, ганцаарчилсан төрөлд хүрэл медаль зүүсэн юм. Түүнчлэн өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ.