x

Ж.Золжаргал: Өнөөдрийн эдийн засгийн буруу бүтцээр цаашаа явах боломжгүй

УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл хэт их тэлэлттэйгээс эхлээд маш их шүүмжлэл дагуулсаар байна. Бодит тооцоолол муутайг эдийн засагчид онцолж буй. Та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийн 80 хувь төрийн оролцоотой байна. 38 хувь нь төсөв, төрийн өмчийн том компаниудын борлуулалтын орлого гээд нэмбэл бараг 80 хувь болно. Төрийн эдийн засаг гэдэг ерөөсөө чөлөөт зах зээлийн эдийн засаг биш. 1990 оны өөрчлөлтөөр чөлөөт нийгэм байгуулъя гэсэн. Улс төрийн эрх чөлөөгөө эдэлсэн. Эдийн засгийн эрх чөлөө байхгүй, төвлөрсөн байдалтай байна. Энэ зөв үү, буруу юу гэдэг суурь үзэл баримтлалын онолын асуудал гарч ирж байна.

Парламентад ороод, төсөв хэлэлцэхийг харахад, “Энэ бол зөв юм аа” гэдэг байр суурьтай гишүүн нэлээн их байна. Тэр үүднээсээ төсөв улам л томроод байна. Хэрвээ чөлөөт зах зээлтэй, чөлөөт нийгэмтэй байна гэж бодож байгаа бол төсөв ул сууриараа тэлж байгаа нь буруу. Өнөөдрийн эдийн засгийн бүтэц буруу. Энэ чигээрээ цаашдаа явах боломжгүй учраас өөрчлөх л хэрэгтэй. Төсвийг бууруулах хэрэгтэй. Төсөв хэт их тэлэлттэй байна гэдэгтэй санал нэг байна.

-Хамтарсан Засгийн газар 35 их наядын зарлагатай төсвийн төсөл оруулж ирсний гол шалтгаан юутай холбоотой байна гэж та хэлэх вэ?

-Ер нь төсөв дээр л хамгийн том улс төр явдаг юм байна. Эдийн засаг тэр чигээрээ төрөөс хамааралтай. Улстөрчид төрд цуглуулсан мөнгийг яаж хуваарилах вэ гэдэг дээр их идэвхтэй ажилладаг. Их, бага хэмжээгээр төслөө дэмжүүлэхийг оролдож байна. Жаахан юм хийе гэж бодоод оруулж ирсэн төсвөө дэмжүүлсэн хүн нэг их айхтар шүүмжлэхгүй, “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэсээр байгаад төсөв томроод байдаг юм байна. Энэ бол нэг дэх шалтгаан нь. Хоёр дахь шалтгаан нь, төрийн эдийн засагтай, төрийн албан хаагчдын тоо ихтэй улс учраас улс төрийн тогтвортой байдлаа бий болгохын тулд хүмүүсийн шаардлагыг тодорхой хэмжээгээр биелүүлэхээр цалин, тэтгэвэр нэмнэ. Хамгийн харамсалтай нь, юм болгоныг нь төр шийдэж өгнө.

-Хувийн компаниудад хүртэл татаас өгөхөөр төсвийн төсөлд тусгасан байсан?

-Тийм ээ. Иймэрхүү байдлаар тогтсон учраас төсөв жил болгон томроод байна. Эндээс эрсдэл гарч ирнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд урсгал зардлыг 30 хувиас хэтрүүлэхгүй, зээл 60 хувиас багагүй байх гэсэн тусгай шаардлагууд бий. Тэдгээр дээр жаахан орон зай гаргаж авахын тулд ээлжит бус чуулганаар өөрчилсөн нь нэлээн маргаан дагуулсан. Нэг удаа төсөл нь буцаагдаад, эргээд орж ирсэн. Одоо жаахан орон зай гаргасан учраас төсвөө бага зэрэг нэмээд, “шинэ дүрэм”-дээ тааруулаад оруулаад ирж байна. Төсөв нэмэх хоёр дахь шалтгаан нь, орлого байна гэдгийг баталж харуулах явдал. Орлого хаанаас бүрдүүлэх вэ гэхээр гол нь нүүрс, зэсээс. 90 гаруй хувийг уул уурхайгаас олно. Ирэх жил 83 тонн нүүрсийг 129 ам.доллараар борлуулна гэж тооцсон. Сүүлийн хэдэн жилийн хандлагаас үүдэн ингэж үзэж байна. Гэхдээ эрсдэлтэй. Олон хувилбар хэрэгтэй.

-Хятадын нүүрсний хэрэглээ 2025 оноос хойш оргил үеэс буурч, хэтдээ эрэлт улам багасах төлөвтэй байна. Иймд цаашид нүүрсний салбарын экспортыг өөдрөгөөр төсөөлж тооцох нь алдаа болох вий?

-Үгүй яах вэ, Хятад Улс угаасаа том хэрэглээтэй. Гадаадаас авч байгаа нүүрсний хэмжээ нь 300, 400 сая, ирэх жилүүдэд 500 сая хүргэх төлөвтэй байна. Ийм тодорхой хэмжээгээр нэмэх боломж байна. Гэхдээ 80 сая гэдэг миний бодлоор их тоо, хүрэхэд маш хэцүү. Нүүрсний үнэ ирэх жил олигтой нэмэгдэхгүй байх аа. Угаасаа ч тийм хандлагатай байна. Хятадын үл хөдлөхийн зах зээлийн үнэ унасан. Хүнд үйлдвэрлэл нь буурч байна. Гангийн хэрэглээ нь багассан. Гадагшаа ган гаргах хэмжээ нь нэмэгдэж байна. Тийм болохоор бид нүүрсний үнэ сайхан байна гэж бодвол эрсдэлтэй. Хамгийн гол нь, одоо төсвөө тэлээд, дараа жил дахиад тэлэх бодолтой байгаа шүү дээ. Мөнгө хаанаас орж ирэх вэ гэвэл нүүрсний борлуулалтаас. Өөрөөр хэлбэл, буцаад түүхий эдийн борлуулалтаасаа асар их хамааралтай болж байна. Мөн хэт тэлчихсэн төсвийг “тэжээх”-ийн тулд олдсон үнээр нь, олдсон нөхцөлөөр нүүрсээ зарахаас өөр аргагүй болно. Ер нь Монгол Улс алсдаа алдагдалтай байх нөхцөлийг үүсгэж байна.

-Та Монгол Улсын эдийн засаг ирэх онд 8 хувьд хүрч өсөх боломжтой гэж үзэж байна уу?

-Хятад улсын эдийн засаг инерциэрээ өсч байхад манайд дагаж өснө. Манайх жижигхэн учраас илүү хурдацтай өснө. Хятад манай бүтээгдэхүүнийг худалдаж авбал эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрэх боломжтой. Гэвч төсөв жил болгон өсөөд байдаг. Мөнгөө олж, эдийн засгаа өсгөхийн тулд нөгөө л нүүрс, зэсээ зарна. Зарахын тулд хилийн боомт, харилцааны асуудлууд үүснэ. Хятадын гадаадаас авдаг хэмжээнээс илүүг Монголоос авах хүсэлтийг манайх тавина. Тэгвэл бид ямар нэгэн юман дээр буулт хийж таарна. Хэдийгээр монголчууд нүүрсийг өөрсдөө одоо олборлож чадаж байгаа ч хил холболтын төмөр зам, дээрээс нь тээвэр, бүр уурхайн олборлолт дээр хүртэл хятадууд орж ирэх асуудал яригдана. Тэгээд том хэмжээний оптек гэрээ байгуулна. Уг нь бид оптеп гэрээнүүдийг хүндэтгээд, хуучин том гэрээнүүдээ үлдээгээд, биржээр нүүрсээ заръя гэсэн шийдвэр гаргаад хоёр жил болж байгаа шүү дээ. Гэвч оптек гэрээтэй, олборлолтыг хүртэл гадаадынхнаар хийлгэх ийм нөхцөл байдал үүснэ гэсэн дэл сул яриа гарч байна. Энэ нь нүүрсний үнэ 100 хувь хамааралтай болно гэсэн үг. Төсвийн тэлэлтийн эрсдэл энд байна.

-14 мега төслийн нэг нь Францын Засгийн газрын 15 жилийн 100 хувийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул төсөл. Та Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргын хувьд энэ төсөл хэр чухал бөгөөд үр ашигтай гэж дүгнэж байна вэ?

-“Энэ төсөл юунд хэрэгтэй юм бэ” гэсэн асуултыг хүмүүс их тавьж байна. Мөнгөн дүн нь, миний сонссоноор 220 сая евро байх аа. Тэр хиймэл дагуул монголчуудын интернэтийн хэрэгцээг улс даяар хангаж чадахгүй. Хэмжээ нь бага юм билээ. Ямар нэгэн байдлаар дайн дажин болох, газар хөдөлдөг юм уу олон улсаас ирж буй үндсэн шилэн кабель тасарч эвдрээд, интернэтийн эх үүсвэргүй болчихвол үндэсний хиймэл дагуултай гадны улсаас олон улсын интернэтийн эх үүсвэрийг манай хиймэл дагуул руу явуулаад, тэнд нь ойгоод, буцаад Монголын хүлээн авах станцуудад ирээд, манайх сүлжээнийхээ ядаж суурь хэрэгцээг хангах юм. Энэ бол аюулгүй байдалтай холбоотой зүйл.

-Арилжааны ашиггүй, хэт их мөнгө зарах юм биш үү?

-Энэ хиймэл дагуулыг оруулж ирэхэд арилжааны ямар нэгэн ашиг алга. Хөрөнгө оруулалтаа нөхөхгүй. Энэ төсөл найдвартай эх үүсвэр, аюулгүй байдал гэдгийг маш сайн ойлгомжтой тайлбарлаж өгөх хэрэгтэй. Одоо цаг агаар, интернэт, харилцаа холбоо гээд бүгдийг хангах юм шиг хийдүүлсэн яриа их явж байна. Техникийн хувьд тийм боломж байхгүй юм билээ. Үндэсний хиймэл дагуул гэж ярьж байгаа бол үндэсний оролцоотой байх хэрэгтэй. Монгол Улс, МУИС-ийн залуус 2017 онд “Мазаалай” гээд жижигхэн куб сат нисгэсэн. Одоо хоёр дахиа нисгэх гэж байна. Тэр бол нам орбитын жижиг, судалгааны зориулалттай. Одоо бүрдсэн баг, мөн олон улс, Япон, Европ, Америкт ажиллаж байгаа Монголын сансрын инженерүүдэд ийм суурь мэдлэг бүрдсэн. Тэд олон улсаас худалдаж авах том хиймэл дагуулын 1/10 орчмоор Монголдоо арилжааны үр ашигтай, бага хэмжээний хиймэл дагуул хийх үндэс суурийг тавьж, үйлдвэрлэл эхлүүлж чадна. Хэрвээ бид олон улсын том төсөл хийх бол заавал монголчуудын оролцоо байх хэрэгтэй.

-Салбарынхан Нийт хөрөнгө оруулалт нь 829.4 тэрбум төгрөг гэдэг үнэтэй байна гэж шүүмжилж буй. Санхүүжилтийн тухайд та юу хэлэх вэ?

-Санхүүжилтийг ойролцоогоор гурав хуваасны нэг нь Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, нөгөө хоёр нь арилжааны банкууд байгаа юм. Бид буцаагаад л төлнө гэсэн үг.

-2024 оны есөн сард гадаад валютын улсын нөөц 4.66 тэрбум ам.доллар болж, оны эхнээс 5.26 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өсгөх боломж харагдаж байна уу?

-Гадаад руу юм зарвал валютын нөөц нэмэгдэнэ. Зардаг юм нь тодорхой шүү дээ.

-Нүүрсэнд ч 100 хувь найдлага тавиад нэмэргүй байх л даа. Тийм ээ?

-Нүүрсэнд хэтэрхий их тулгуурлаж, гадаад валютын нөөц өснө гэж бодох эрсдэл нь нэгдүгээрт, Хятадын эдийн засаг унавал орлого тасарна. Унасан ч хамаагүй ээ, бид ахиухан хэмжээгээр гаргаад, орлогоо бүрдүүлнэ гэдэг хувилбараар ороод, урд хөршөөсөө гуйна. Тэгэхтэй зэрэг үнэ унана, нөхцөл хүндэрнэ. Тэр нь монголчуудад алдагдалтай гэсэн үг. Тийм болохоор төсөв тэлэхийг ерөөсөө болимоор байна. Хамтарсан Засгийн газар хамтдаа том өөрчлөлтийг зориг гаргаж хийе гэж байгаа бол хамтдаа эдийн засгаа эрүүлжүүлж, төсвөө багасгаж, төрийн эдийн засагт оролцох хэмжээг 80 биш, ядаж 40 хувь болгож байж Монгол Улс жаахан эрүүл болох байх. Тэгэхгүй бол төрийн эдийн засаг гэдэг бол дарга нарын шийддэг л эдийн засаг. Тэгэхээр дарга тойрсон, нам дагасан бизнес хөгждөг. Нам дагавал мөнгө олдог. Тэгвэл буцаад шударга бус байдал нийгмээс тасрахгүй. Ерөөсөө юу ч өөрчлөгдөхгүй. Өөрчилнө гээд холимог парламент байгуулсан. Өөрчилье гэж хамтарсан Засгийн газар байгуулсан. Сая төсвийн хэлэлцүүлгээр ажиглаж байхад төсвийн тэлэлтийг зогсоох, эдийн засаг дахь төрийн оролцоог хоёр дахин бууруулах зорилт тавьж байж бид цааш явахгүй бол хаа ч хүрэхгүй юм байна. Гишүүд өөрийн асуудлаа суулгаж аваад, ингээд яваад байвал жил болгон төсөв улам нэмэгдээд л байна. Эндээс мухардалд орно, эрсдэлд орно. Мөнгө нь бүрдэхгүй болно.

-Эрчим хүчний салбарт засаглалын шинэчлэл хийхгүйгээр үнэ нэмэх нь үр ашиггүйг судлаачид анхааруулж байна. Та эрчим хүчний үнийг нэмэх нь зөв гэж бодож байна уу?

-Эрчим хүчний хуулин дээр Эрчим хүчний зохицуулах хороо хөрөнгө оруулалтаа нөхөөд, эдийн засаг ашигтай байхаар үнэ тогтооно гэж заасан. Зохицуулах хороо нь таван зохицуулагчтай. Тэд хараат бусаар шийдвэр гаргах эрхтэй. Энэ хараат бус шийдвэрийг нь улс төрчид бариад, 30 жил болчихсон. Томьёогоороо үнээ тооцвол уурхай, станц нь алдагдалгүй байх ёстой. Гэтэл асар их алдагдалтай олон жил явсаар маш хүнд байдалтай болсон. Шинээр станц барих сонин биш, станц байхгүй болохоор монголчууд тэр өндөр өртгийг бүгдээрээ хувааж төлж байна. Өнөөдөр айлуудын төлж байгаа мөнгө хямдхан юм шиг боловч буцаагаад айлуудын дундаа цуглуулсан мөнгөөр бид энэ өр ширийг дарж таарна. Энэ нэг алдаа. Дээрээс нь гэр хороолол руу дэд бүтэц тавья, шинээр барьж байгаа орон сууцуудыг дулааны шугамд холбоё гэхээр эх үүсвэр байхгүй. Цахилгаан станц нь баригдахгүй, ашиггүй болчихож байгаа гэсэн үг. Өнгөрсөн 30 жилийн буруу шийдвэрийн үүднээс эрчим хүчний үйлдвэрлэл хөгжихгүй, бусад салбараа, эдийн засгийн тэлэлтийг нь болчихсон байна.

-Үнэ бодит байх ёстой болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Улстөрчид, Засгийн газар зарлаад, үнийг дээш доош болгох боломж угаасаа байхгүй. Мэргэжлийн хүмүүс, салбар, зөвлөлд нь хуулийнхаа дагуу шийддэг эрхийг нь л өгчихмөөр байна. Тэгээд өөрсдөө тоогоо гаргаж ирээд, шийдээд явна. Тэрнээс болоод орлого багатай өрхүүд хямрах тохиолдлууд гарвал яг тэр зорилтот хүмүүстээ төсвөөс хөнгөлөлтийн мөнгийг нь нөхөж өгөх зохицуулалтууд хийж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Одоо худлаа үнээс болоод худлаа эдийн засаг хөгжөөд байна. Улаанбаатар хотын төвийн том шилэн барилгуудыг хар. Метр квадратынхаа дулааны төлбөрийг бодит өртгөөс нь 70 хувь хямд төлдөг. Тэдэнд дулаан алдагдал огт хамаагүй. Бодит тарифтай бол барилгынхан ханаа хүртэл арай дулаахан материалаар барина шүү дээ. Засгийн газар төрийн өмчийн компаниудын удирдлагыг томилоод, зааж ажиллуулдаггүй, тэд нь аж ахуйн бие даасан үйл ажиллагаа явуулдаг байх хэрэгтэй. Тэрний дараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлүүд орж ирнэ. Тэгээд Монгол Улс олон үүсвэрт жижиг, дунд хэмжээний нүүрсний цахилгаан станцууд, алсдаа хагас бие даасан эрчим хүчний үйлдвэрлэлтэй болох өөрчлөлт хийх хэрэгтэй.

-Төсвийн төсөл дээр ХХААХҮ-ийн сайдын багцад 555 тэрбум төгрөгийг хувийн хэвшилд татаас болгон олгоно гэсэн байсан. Салбарын сайд энэ талаарх тодруулгад тань ямар хариулт өгсөн бэ?

-Би хоёр, гурван тоог их гайхаж харсан. 555 тэрбум төгрөгийг төсөөлбөл замбараагүй их мөнгө. ХААХҮ-ийн сайдын багц удахгүй бараг их наяд төгрөг болох юм билээ. Энэ жилийнх нь 905 тэрбум. Төсөлд 555 тэрбум төгрөгийг хувийн хэвшилд татаас болгож өгнө гэсэн байгаа юм. Шалтгааныг нь асуусан, тодорхой хариулт хэлээгүй. Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд, ковид шиг нөхцөл байдал үүсэхэд бид бэлэн байх ёстой. Тийм учраас энэ онцгой чухал салбар. Хүнсний аюулгүй байдлыг хангаж, тогтвортой байдлыг бий болгохын тулд бид мөнгө зарахаас аргагүй гэсэн.

-Хувийн хэвшилд ямар шалгуураар олгох юм бол?

-Тэр мөнгийг хэн, ямар компани авч байгаа вэ, юу хийдэг, ямар шалгууртай вэ гэдгийг бид мэдэх эрхтэй. Яг л эрчим хүчний салбар шиг хиймлээр чирээд яваад байгаа салбарт сөрөг үр дагавар нь улам л томроод явна. 555 тэрбум төгрөгийн татаас хувийн хэвшилд олгоно гэж юу ч гэсэн үг юм. Тэрийг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Дараагийнх нь цахим хөгжил Монголд эрчимжлээ. Үнэхээр эерэг үр дүн гарсан. Гэхдээ хурдтай юмны цаана мэдээж алдаа гардаг.

Ижил функцтэй программууд, хэрэглэдэггүй зөндөө программ байна. Баахныг худалдаж аваад, нэвтрүүлж чадаагүй хаясан байна. Ийм хуулийн заалттай. Бидний түүснээр 370 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж цахим системд байна. Та нар хуулийн дагуу асуусан юм уу гэж асуулга тавьсан. Зургаан чиглэлээр асуулга тавьсан гэсэн хариулт өгсөн. Бусад нь мэдэхгүй, одоогийн байдлаар надад хариу өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжихгүй, шалгахгүй. Бодитой үнэ үү, хийсгэсэн үү гэмээр зүйлс энэ төсвийн төсөлд нэлээн байна гэж бодож байна. Энэ дээр ажиллахаар өмнөөс нь харам төрөөд байгаа байхгүй юу.

-Яагаад тэр вэ?

-Энэ чинь хүмүүсийн мөнгө шүү дээ. Тэрнээс биш төрийн мөнгө гэж нэг юм тэнгэрээс унаж ирээд, дарга нар хураах гээд байгаа юм ерөөсөө биш. Дээр нь Хөшигийн хөндий, Хар Хорум хот, “Өөдөө тэмүүлэх Монгол”, “Гүүр” гээд ТЭЗҮ, зураг төслийнх нь нийлбэр дүн асар өндөр байна. Миний бодлоор, монголчууд, улаанбаатарчууд тулгамдаж буй асуудлаа шийдмээр байна шүү дээ. Дэд бүтцийн мөнгийг яагаад хоосон газар руу аваачиж хаях гээд байгаа юм бэ. Гэр хорооллынхоо асуудлыг шийдмээр байна, тийшээ мөнгө хиймээр байна шүү дээ. Хоосон газар аваачиж байхаар шинэ газраа анхнаас нь гоё, зөв төлөвлөх хэрэгтэй. Яармагийг яг тэгж хийсэн. Хоосон талбай дээр ёстой гоё, зөв төлөвлөлт хийнэ гээд байсан хаана байна. Битүү түгжрээ, орж гарч болохгүй. Тархин доторх юм цэгцрээгүй байхад шинэ газар очоод, нүхэн жорлонгоос эхлээд хачин л юм болно. Тэр мөнгөнүүдээ хэрэгтэй хүмүүстээ зарцуулъя л даа.

-Та өмнө нь хувийн хэвшилд ажиллаж байсан, одоо түмний төлөөлөл боллоо. Танд энэ хоёр алба-ны аль нь амар санагдаж байна вэ?

-Төсвийн хэлэлцүүлгийн үеэр төсөв мөнгийг хараад “шок”-нд орсон. Ямар аймаар их мөнгөтэй юм бэ. Хүн болгон салбараа бодно. Өөрийн гэсэн амбицтай. Мэргэжлийн амбиц, салбарын хөгжил, цаана нь найз нөхөд, хамаатан садны компаниар дамжуулаад мөнгө гаргуулчих гэсэн янз бүрийн бодолтой хүмүүс мэдээж бий байх. Энэ бүх олонлог төсөв дээрээ шавж ирээд, бүгдээрээ аваад, төсөв нь томроод, буцаад оролцсон хүмүүс чинь олон юм ярьж чадахаа больдог. Ингээд томроод л яваад байна. Энийг хараад би “Энэ ерөөсөө сууриараа буруу байна. Монгол Улсын төрийн оролцоо хэтэрхий ихэдсэн байна” гэж бодож байна. Ямар ч байсан олон намын нэгдэл байгаа болохоор бага багаар эерэг өөрчлөлт гарах болов уу гэж бодож байна. Төсвийн зарцуулалт, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулахгүй бол төр мэргэн шийдвэр гаргаад, зөв бодлого хийгээд, хөгжинө гэж байхгүй ээ. Мөнгөнөөс хамаарч цаана нь тэтгэгддэг том юм үүсээд байвал улам л мухардалд орно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! 9 цаг 40 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ 15 цаг 0 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) 15 цаг 11 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа 15 цаг 36 мин Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болов 15 цаг 40 мин Тэгш хамруулах боловсролын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав 15 цаг 43 мин Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна 15 цаг 46 мин 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэнэ Уржигдар 15 цаг 32 мин Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 49 мин Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Уржигдар 09 цаг 45 мин Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Уржигдар 09 цаг 40 мин Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 08 цаг 16 мин Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 2024-11-29 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 2024-11-29 Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2024-11-29 "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 2024-11-29 Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 2024-11-29 Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 2024-11-29 Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 2024-11-29
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт х... Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цаса... "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ
Top