Чили улсыг яагаад ийм нарийхан урт юм бэ гэж их гайхдаг. Асар өндөр Андын нуруугаар тусгарлагдсан энэ нарийн зурвас газарт мөнх цаст оргилууд байгалийн хил болж өгсөн юм. Андын нурууны оргил Аконкагуа 7000 (7049 м) метрээс дээш өндөртэй төв азийн хэдэн том оргилуудын дараа орох сүрлэг уул юм. Мэдээж дэлхийн хамгийн нарийхан урт тогтоцтой улс. 4300 км урт, дундажаар 170 км өргөнтэй.
Антарктидийн хуурай цөлийг эс тооцвол Дэлхийн хамгийн хуурай цөл Атакама Чилийн хойд хэсэгт бий. Жилд 15 мм бороо ордог гэхээр ер нь ордоггүй гэсэн үг. Зарим хэсэгтээ хэдэн зууны турш бороо ороогүй. Гэхдээ Чилийн зарим хэсэгт хур тунадас бараг ордоггүй ч далайн чийгээр тэжээгддэг ургамалтай тэрийг нь Лама гөрөөс иднэ. Атакамагийн цөлд Дакар Ралли болж тамирчдын шандасыг сорьж байсан газар. Чили нь байгалийн бараг бүхий л гоё тогтоцийг өөртөө агуулсан бөгөөд урд хэсэг Патагониад мөнх цаст оргил, мөсөн гол, Юрийн галавын үеийн том үлэг гүрвэлийн яснууд олдсоны дотор аварга том өвсөн тэжээлтэн Аргентинозавраас том үлэг гүрвэлийн гавал олдож байв. Хамгийн хуурай цөлөөс туйл орчмын хүйтэн гээд эрс тэс цаг агаартай.
Easter арал буюу Рапа Нуи гэж үзэсгэлэнт бас нууцлаг арал Чилийн мэдэл байдаг. Хэн барьсан нь үл мэдэгдэх 1000 орчим аварга том хүн хөшөөнүүд, эх газраас олон мянга жил тусгаарлагдсан амьтадын зүйл бий. Эх газраас 3500 км тусгаарлагдсан энэ арал дээр хүн яаж очсон, хэрхэн тэр том чулуун хөшөө бүтсэн нь нууц байгаад сүүлд 800 жилийн өмнө хүн очсон гэдэг баримт олдсон. Полинезууд буюу Номхон далайн оршин суугчид анхлан иржээ. Чарльз Дарвины хувьсгалын онол бүтэх чухал олдворын хэсэг, харьцуулалтууд энэ арлын бүлгээс олдсон байдаг.
1960 онд Валдивиагийн 9.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь, тэмдэглэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт болж үүссэн цунами нь Япон, Филиппин, Хавай гээд Номхон далайн нөгөө талд хүрч байв. 10 метр өндөр цунами 10.000 км гаруй зам туулж Хавайд хүрч байж. Ер нь Валдивиа 150 орчим жилдээ нэг том газар хөдөлдөг тектоникын хавтангийн уулзвар дээр байдаг газар.
Латин Америкын анхны эмэгтэй уран зохиолын Нобэлийн шагналт Габриэла Мистрал Чилийнх. 1945 онд шагналаа гардсан түүний боловсролын өв улсын боловсролын салбарт том дэвшил авчирсан юм.
Чили нь зэсийн хамгийн том үйлдвэрлэгч улс. Эдийн засаг нь зэс дээр тогтож хөгжиж буй бөгөөд Чукикамата гэж дэлхийн хамгийн том зэсийн ил уурхайтай. Аль МЭӨ 500-р зуунд Чилид зэс хэрэглэж байсан баримт бий. Инкүүд дараа нь Испанийн колоны үед гээд үргэлжилнэ. Өнөөдөр 3 кг зэсийн 1 кг нь Чилийн тамгатай гэхээр зэсний их гүрэн билээ.
Ганц од нэртэй Чилийн далбаа нь АНУ-ын Техасын далбаатай тун төстэй бөгөөд Техасаас 22 жилийн өмнө бүтээгдсэн юм. Нэгнээсээ хуулаагүй гэж үздэг.
Чили нь улс төрийн хувьд адармаатай замыг туулжээ. 1810 онд Испаниас тусгаар тогтносон юм. Дэлхийн 2-р дайны дараа буюу 1960 оноос Зэсийн том уурхайнуудаа нийгэмчилснээр жинхэнэ гамшиг эхэлжээ. Манайд мал нийгэмчилдэгтэй адилхан. Улмаар улсын компани байгуулж тэр нь улс төрчдийн идэж уудаг гол суваг болж социалист ерөнхийлөгч Салвадор Алэндагийн үед Чилийн эдийн засаг элгээрээ хэвтлээ. Генерал Аугусто Пиночет цэргийн эргэлт хийснээр Чилид эдийн засаг сэргэсэн.
Пиночет алдарт эдийн засагч Милтон Фридманаас зөвлөгөө авч Чилийг босгож ирсэн боловч цэргийн дэглэмийн үед олон хүн ор сураггүй болж зовсон байдаг. Чөлөөт эдийн засгаар улсаа босгосон ч нөгөө гараараа энгийн иргэдийг их хэлмэгдүүлсэн юм. Эмэгтэйчүүд үүнд ихээр өртжээ. Пиночетийн өөр нэг гавьяа нь хар тамхи тариалагчдыг эх орноосоо хөөж, алахыг нь алснаар арай гэж амь үлдсэн хэд нь Колумби улсын хар тамхины маф цэцэглэх үндснийг тавьсан байна. Пиночет сайн, муу хийсэн зүйлтэй ч дарангуйлагч, хүний эрхийг уландаа гишгэгч байсан учраас муу нэр нь сайныгаа цохин унагасан юм. Тийм ч учраас гуравдагч ертөнцийн сайн муу хосолсон хамгийн сонирхолтой жишээ болсон улс.
Өнөөдөр Чили дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй улсын нэг болжээ.
Batzaya Bayasakh нүүр номоос