Монголын хөрөнгийн биржид 2019 онд хийгдсэн анхны IPO болох “Түмэн шувуут” ХК нийт хувьцааныхаа 25 хувийг буюу 50,000,000 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс нэгдүгээр сарын 31-ний өдрийн 17:15 цаг хүртэл авч дууслаа.
“Түмэн шувуут” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад 2,991 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 54,575,195 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 9.1 хувиар давсан үзүүлэлт боллоо.
Тус компанийн үнэт цаас худалдан авах захиалгуудыг хуваарилалтын төлөвлөгөөний дагуу биелүүлж, тайланг 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөрт багтаан Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэх юм. СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагч нар тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүснэ.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж