x

Амт гэж бурам...

-Аарц, сүү ямар үнэтэй вэ?

-Ааруул хэд гэж байна?

-Цагаан тос, хайлмаг хаанаас ирсэн бэ?

-Архангайн Цахир аа. Аарц, сүү 3000, ааруул 15000...

Ажил тарахын өмнө Тусгаар тогтнолын талбайгаар орвол “түм түжигнэж, бум бужигнаж” байна. Улаанбаатарын хамгийн том “Цагаан идээний зах” энд гарчээ. Архангайн хамгийн цаад талын Цахир сум (нийслэлээс 700 км), Чулуут, Их тамир, Тариат, Хангай, Өндөр-Улаан сумдаас малчид ирж цагаан идээгээ борлуулж байна. Сум сумаараа асар босгоод сүү, аарц, цагаан тос, амталсан тос (зарим газар “саглай” гэж нэрлэдэг), шар тос, хайлмаг, ааруул, өрөм, ээзгий дэлгэжээ. Чулуутаас ирсэн 30 гаруй кг татах эр хонины данагар ууц ч тавиатай харагдана. “5-6-хан ирсэн юмаа, сүүлийнх нь...” гэнэ. Үнэ 250 мянга...

Хөлдөөсөн аарц, сүү кг нь 3000-3500

Нэрмэлийн исгэлэн ааруул, хурууд 12000-13000

Хорхой ааруул, чипсэн ааруул 15000

Хуруу зузаан сарлагийн өрөм 15000

Хольсон тос буюу хайлмаг 7000-8000

Хураасан өрөм (цагаан тос ч гэдэг) 8000

Мэхээртэй тос 12000

Ээзгий 12000

Шар тос 15000

Шимийн архи литр нь 5000

Тавгийн ааруул 200-250 мянга байна. Сар шинээр хэвийн боовоор таваг засч, шинийн дараа хатааж хаяхын оронд ааруулын таваг засаад шинэ хуучрахаар амьтан, ах дүүд хуваах нь хот хүрээ газрынхны хувьд “моод” болж дэлгэрээд байгаа. Эрүүл мөртөө чанартай, эко хүнс гэдэг дээ.

Сарлагтай нутгийн сүү нь өтгөн, ааруул нь амттай, өрөм нь хуруу зузаан гардаг. Аарцны ааруулаар зассан таваг 200 мянга орчим, харин “ширгээмэл” буюу аарц, ээдэм хоёрыг зуурч хийсэн зөөлөн амттай, зорсон юм шиг хэв сайтай шинэ төрлийн тавгийн ааруул 250 мянга байна. Хэдэн жилийн өмнө “сүүн ааруул” үнэд орж, эрэлттэй байсан. Одоо ширгээмэл гараад ирж. Амт гэж ванлий.

Амталсан өрөм бас салахын аргагүй. Шинэхэн өрмийг чихэртэй зуураад бялуу чимэглэдэг крем шахагчаар бөржгөр бөөрөнхий хэвлэж хатаасан нь арааны шүлс асгаруулна. Амт гэж бурам аа бурам.

-Тавган дээр тавихад хайлах болов уу?

-Хайлахгүй ээ, хатаасан өрөм дажгүй.

-Үнэ хэд вэ?

-15000 аа.

Сум сумаараа нэг асарт орсон нутгийнхан дуу шуутай, инээд хөөртэй. Ирсэн худалдан авагчид ч ам сайтай. Хотынхны цэрвээд байдаг “гурилтай ааруул”, “устай сүү”-ний тухай гомдол санал ч алга. Амталгаа хийлээ, үнээ тохирлоо, авлаа. Эргэж хургаад, эргэлзэж тээнэгэлзээд байх ч зүйл алга. Тоолдог хэд нь л байвал...

Архангайнхны цагаан идээний үзэсгэлэн Тусгаар тогтнолын талбайд энэ жил гурав дахь жилдээ гарч байгаа юм байна. “Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” ТББ-аас “Цагаан идээ-Зөв хэрэглээ” уриан дор жил бүрийн сар шинийн өмнө энэ талбайд зохион байгуулдаг. Өглөө 09.00-10.00 цагт цуглаад орой 18.00 цаг гээд бууж байна. Цагаан идээ борлуулж байгаа хүн бүр энгэртээ мандат зүүсэн байгаа нь нэг ёсондоо бидний худалдан авч байгаа идээний “гарал үүслийн гэрчилгээ” юм даа. Уулын зэрлэг сонгино хүртэл кг нь 5000 гээд байж байна. 

Үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд эхлээд 7 хонож байгаа аж. 31-нийг хүртэл гарах ёстой ч “Авчирсан идээгээ бараг дуус байна даа. Дахиад 2 хоног зогсчихвол барчих байх” гэх хүмүүс ч байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа учраас дүүргийн төсөвт татвар хураамж төлнө, орлого оруулна. Үзэсгэлэн худалдааг санаачлан зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дүүргийн засаг захиргаатай ярилцаж, түрээсийн тодорхой хэсгийг хөнгөлжээ. Үзэсгэлэнд оролцогчдыг орон нутгаас авчирах ажлыг зохион байгуулж, зар сурталчилгааны ажлыг хариуцдаг гэнэ.

Талбай тойрсон асраар явж дуусмагч үүд хавиар “манай нутгийнхан” бас байраа эзэлжээ. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг дээ. Тэгээд ч саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг хойно. Баянхошуунд байрладаг “Нүүдэлчин чанар” ХХК-ийнхан боовны таваг, ууцны цараа бариад ирж. Сийлбэртэй модон таваг, цар хосоороо 140-180 мянга. Бага, дунд, их гарын гэсэн гурван янз байна. Тэдний үндсэн үйлдвэрлэл нь зургаа, найман ханатай гэрийн мод. Аргагүй л хаяа нийлсэн байгаа биз.

Зургаан ханатай, сийлбэртэй модон гэр бүрэн тавилгатайгаа (эсгий, бүрээс, цаваг гээд бүх юмтайгаа бариатай гэр) 38 сая гэж байна. Тавилга нь дангаараа 10 сая...

Цаашаа яваад хөлдөөсөн жимсний худалдаатай таарлаа. Цагаан сарын ширээн дээр шинэхэн жимсний ундаа тавилгүй л. Ханиад томуу ихтэй энэ үед аарц, чацаргана, шинэхэн жимсний ханд шиг сайн амин дэм үгүй. Оросоос оруулж ирсэн гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, үхрийн нүд  кг нь 13000, Увс, Завханаас ирсэн чацаргана кг нь 6000 төгрөг байна.

Ийм л нэг “цагаан сарын хэрэгцээ цөм бүрдсэн” үзэсгэлэн худалдаагаар яаруухан ороод гарлаа. Та ч гэсэн яараарай.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • салаавч (103.212.119.161)
    Наад орк луйварчид чинь тэгээд бүгл Архангайхан юм байхдаа
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 36 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 42 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 50 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 1 цаг 52 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 2 цаг 5 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 2 цаг 21 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 2 цаг 25 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 2 цаг 32 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ 14 цаг 39 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна 15 цаг 44 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа 16 цаг 17 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно 16 цаг 28 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 16 цаг 54 мин Намын бүлгүүд “Орано майнинг”-тай байгуулах гэрээний талаар мэдээлэл сонсов 17 цаг 36 мин Стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг УИХ-ын даргад өргөн барилаа 18 цаг 12 мин Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагч, багш нарт батламж гардуулж, талархал илэрхийллээ 20 цаг 9 мин Х.Нямбаатар: 20 мянган айлыг хийн түлшинд шилжүүлж, давхар шаталтат зуух тараана 21 цаг 11 мин Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний “эрэлчид” 21 цаг 58 мин Хил дамнасан төмөр замыг холбосноор нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ 22 цаг 18 мин Н.Учрал: "Орано майнинг" эхний санхүүжилтээр 500 сая доллар гаргана 22 цаг 30 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ
Top