Хэн нэг нь эрх мэдлээ тогтоох зорилгоор бусдыг янз бүрээр дарамтлахыг хүчирхийлэл гэнэ. Хэн нэгэн этгээд өмнөө тулгарсан зорилгодоо хүрэхийн тулд албадлага, хүч хэрэглэх аргыг хэрэглэхийг хэлнэ.
Хүчирхийллийн хэлбэрүүд.
Гэр бүлийн хүчирхийлэл:
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдэхийг хэлнэ.
Мөн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор хяналтаа тогтоон, өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаа юм. Гэр бүл дэх хүчирхийлэл нь нэг удаагийн санаандгүй үйлдэл бус дахин давтагдах, даамжрах шинж чанартай үйлдэл болохын хувьд нийгмийн бусад хэлбэрийн хүчирхийллээс ялгагддаг. Гэр бүлийн болон ойр дотны харилцаатай этгээд буюу этгээдүүд бэлгийн харилцааны шинж бүхий үндэслэлээр үйлдсэн, бие махбод, сэтгэлзүйн болоод бэлгийн харилцааны шинжтэй, хэл амаар доромжлох, айлган заналхийлэхээс эхлээд бие махбодид хүнд гэмтэл учруулах, хулгайлах, бэртээж гэмтээхээр заналхийлэх, айлган сүрдүүлэх, албадах, мөрдөж мөшгөх, хэл амаар доромжлох, орон байранд хүчээр буюу хууль бусаар нэвтрэн орох, шатаах, өмч хөрөнгөө устгах, бэлгийн хүчирхийлэл, хүчээр гэр бүл болох, сүйт бүсгүйн инж сүй буюу төлөөстэй холбоотой хүчирхийлэл, бэлэг эрхтэнг бэртээж гэмтээх, замаар ашиглахтай холбоотой хүчирхийлэл, гэрийн үйлчлэгчийг хүчирхийлэх хүртэл, хүчирхийллийн шинжтэй бүх үйлдэл, мөн тийм үйлдэл хийх оролдлогыг “гэр бүл дэх хүчирхийлэл” гэж үздэг байна. Гэр бүлийн хүчирхийллийн дөрвөн хэлбэр байдаг.
1. Гэр бүл дэх эдийн засгийн хүчирхийлэл: Гэр бүлийн нэг гишүүн нөгөө гишүүнээ орон байр, хоол хүнс, хувцас хунар бусад эд хөрөнгө буюу хэрэгслүүдээс санаатайгаар салгах, тэдгээрт хохирогч хуулиар тогтоосон эрхтэй, өөрийн амьжиргааны эх үүсвэрт хяналт тавих, түүнээс хүртэх байдлыг хязгаарлах зэргээр илэрнэ.
2. Гэр бүл дэх бие махбодийн хүчирхийлэл: Гэр бүлийн нэг гишүүн, нөгөө гишүүнээ зодох, хохирогчийг үхэлд хүргэж болох буюу үхэлд хүргэсэн бие махбодийн гэмтэл санаатай учруулсан, бие махбодийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг нь хохироосон, нэр төр, алдар хүндийг нь гутаасан, өөрийн биеийн хүч, чадал, аливаа зэвсгийг ашиглан эмэгтэйн бие махбодид гэмтэл учруулах, гэмтээхийг хэлнэ.
3. Гэр бүл дэх сэтгэл зүйн хүчирхийлэл: Гэр бүлийн нэг гишүүний үйлдэлтэй холбогдон гэр бүлийн нөгөө гишүүний сэтгэл зүйд нөлөөлсөн үгээр гутаан доромжлох, заналхийлэх, мөрдөн мөшгих, айлган сүрдүүлэх замаар өөртөө итгэх итгэлгүй болгох, өөрийгөө хамгаалах чадваргүй болгох, эмэгтэйг тусгаарлах, доромжлох, ичээх, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь хохирол учруулж болох буюу учруулсныг хэлнэ.
4. Гэр бүл дэх бэлгийн хүчирхийлэл: Гэр бүлийн нэг гишүүн нөгөө гишүүнийхээ бэлгийн халдашгүй байдалд хууль бусаар халдах, түүнчлэн гэр бүл дэх насанд хүрээгүй гишүүний эсрэг бэлгийн шинж чанартай үйлдлийг хэлнэ. Бэлгийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн амьдралын бүх үе шатанд тохиолдож, гэр бүлийн хосууд, ойр дотны хүмүүс, төрөл төрөгсөд, танил найз нөхдийн хооронд, танихгүй хүмүүсийн зүгээс зэрэг маш өргөн харилцааны хүрээнд үйлдэгдэж байна.
Бэлгийн хүчирхийлэл гэдэг нь бэлгийн харилцаанд албадах, эмэгтэйн зөвшөөрөлгүй, саналыг нь үл харгалзан бэлгийн харилцаанд оруулах, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйг албадан бэлгийн харьцаанд оруулахыг завдсан, бэлгийн харьцаанд орсон, ингэхдээ дарамт учруулсан, согтууруулах ундаа, бусад мансууруулах бодисын нөлөөгөөр дээрх үйлдлийг хийсэн байхыг ойлгоно. Энэ нь эмэгтэй хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхаж, дорд үздэг нийгмийн хандлагаас үүдэлтэй үйлдэгддэг эрх мэдлийн гэмт хэрэг, хувь хүний аюулгүй, халдашгүй чөлөөт байдлын эсрэг үйлдэл юм.
Бэлгийн хүчирхийллийн хохирогч нь хэн ч байж болох ч ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд, охид өртдөг байна. Хүчин нь хүний бие махбодын гагцхүү “бэлгийн” эсрэг дайралт биш үнэн хэрэгтээ хүний бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэндийн бүрэн бүтэн байдал, өөртөө итгэх итгэл, нэр төрийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг юм.
Хүчин болон бэлгийн халдлага нь эрх мэдлийн гэмт хэрэг бөгөөд хохирогчийг эрхшээлдээ оруулах сэдэлтээр, эрх мэдэл, хяналтыг мэдрэх зорилгоор үйлдэгддэгч манай улсын хууль тогтоомжид хүсэл тачаалын гэмт хэрэг гэж үзэх агуулгаар тусгагдсан байна. Бэлгийн дур хүсэл нь эмэгтэйчүүдийг хүчирхийлэх шалтаг, тайлбар нь болдог байна. Хүчинг зөвхөн хурьцал гэж тооцдог. Хүчиндэх гэмт хэргийн бүрдэл нь хурьцал эхэлмэгц төгсгөл болно. Хүчингийн хэрэг ихэвчлэн итгэл эвдэх, хуурах, эрх мэдэл болон эдийн засгийн хувьд эрхшээлдээ оруулах аргаар үйлдэгддэгийг үл харгалзан зөвхөн хүч хэрэглэх, эсхүл хэрэглэхээр заналхийлэх үйлдлийг хүчинд тооцдог. Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчин, бэлгийн хандлагын талаарх бодлого, эрх зүйн орчин хохирогчдод ээлтэй бус байна./
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл:
“Хүүхдийн эсрэг дарамт, хүчирхийлэл” гэж хэн нэгэн хүүхдийг эрхшээлдээ байлгах зорилгоор хүч, эрх мэдэл, давуу талаа ашиглан, хүүхдийн халдашгүй эрх, эрх чөлөөг зөрчсөн, гэм хор учруулсан, учруулахаар завдсан, эсхүл хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. Хүүхдийн эсрэг дарамт хүчирхийлэлд бэлгийн, бие махбодын, сэтгэл санааны, үл хайхрах зэрэг хэлбэрүүд багтана.
“Хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл” гэж хэн нэгэн этгээд хүүхдийг өөрийн эрхшээлдээ байлгах, давамгай байдал тогтоох, шийтгэх зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг, мөн энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэргийг,
“Хүүхдийн эсрэг сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл” гэж хэн нэгэн этгээд хүүхдийг дээрх зорилгоор хүч хэрэглэх буюу хэрэглэхгүйгээр үг хэл, үйл хөдлөлөөрөө нөлөөлөх байдлаар сэтгэл санааны дарамтад оруулсныг, эсхүл энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэргийг,
“Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл” гэж хэн нэгэн этгээд хүүхдийн бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөг зөрчсөн, бэлгийн харилцаанд оруулахаар завдсан, оруулсан, бэлгийн, садар самууны шинжтэй бусад үйлдэлд уруу татсан, шаардсан, эсхүл мэдсээр байж хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэргийг,
“Хүүхдийг үл хайхрах явдал” гэж хэн нэгэн этгээд хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэнд, хөгжил боловсрол, хайр халамж, аюулгүй байдлыг нь хангах зэрэг суурь хэрэгцээг нь гачигдуулсны улмаас хүүхдэд гэм хор учруулсан болон учруулахаар завдсан, эсхүл мэдсээр байж хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэргийг ойлгоно.
Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл
- Хүчирхийлэлд хэн өртдөг вэ?
- Хүүхдүүд
- Эмэгтэйчүүд
- Эрэгтэйчүүд
- Ахмад настнууд
- Хүчирхийлэл хаана гардаг вэ?
- Гэр бүлийн орчин
- Хорих, түр саатуулах төв
- Боловсрол олгох бүх л орчин
- Ажлын байр
- Хамт олны хүрээ
- Бусад газарт
Хүчирхийллийн талаарх гомдол, мэдээллийг хаана гаргах вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл нь далд үйлдэгдэж, улмаар давтагдаж байдаг. Иймд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол хүндрэн даамжирсаар ноцтой аюулд хүргэдэг. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож, дахин давтагдахаас сэргийлэх асуудал нь түүнийг эрт шатанд нь илрүүлэхтэй шууд холбоотой байдаг.
Иймд гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэхэд гомдол, мэдээлэл чухал юм. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид ихэнх тохиолдолд хүчирхийлэл үйлдэгчээс шууд хараат байдаг тул хуулийн байгууллагад хандаж чаддаггүй, айдастай байдаг. Иймд дээрх асуудлаар хохирогч өөрөө гомдол гаргахаас гадна хуулиар зарим субьектүүдэд мэдээлэх үүргийг хүлээлгэсэн байдаг.
Үүнд:
Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багш, Эмнэлгийн мэргэжилтэн нь албан үүргээ биелүүлж байх үедээ хүчирхийлэл үйлдэгдсэн болон үйлдэгдэж болзошгүй талаар мэдсэн бол заавал мэдээлэх үүрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн үед хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудал хамгийн чухал байдаг.
Иймд хохирогч болон түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа нь чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй байх үүднээс гомдол, мэдээллийг дараахь хоёр байгууллага хүлээн авах үүрэгтэй байдаг.
Цагдаагийн байгууллага:
Нутгийн захиргааны байгууллага Алслагдмал хөдөө орон нутагт цагдаа ирэх боломжгүй тохиолдолд сум, багийн Засаг даргад гомдол, мэдээллийг гаргаж болно. Гомдол, мэдээллийг дараах хэлбэрүүдийн аль нэгнээр гаргаж болно:
- Утсаар
- Биеэр /амаар/
- Факсаар
- Бичгээр /өргөдөл/
- Шуудангаар
Хохирогч ямар дэмжлэг, туслалцаа авах эрхтэй вэ?
Ихэнх тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон түүний гэр бүлийн гишүүд нь удаан хугацааны дарамт, айдас дор байснаас хэвийн амьдралд эргэн ороход олон талын бэрхшээлтэй тулгардаг. Иймд зөвхөн хүчирхийлэл үйлдэгчийг шийтгэснээр хохирогчид тулгарч буй бэрхшээлүүд арилахгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хохирогчид дараах үйлчилгээг төрөөс үзүүлэхээр заасан байдаг.
Үүнд:
Хамгаалуулах:
Хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлахын тулд түр хугацаагаар хамгаалах байранд байрлуулна. Хэрэгцээт мэдээллээр хангуулах болон зөвлөгөө, дэмжлэг туслалцаа авах: Хохирогчийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэхэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх.
Нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээнд хамрагдах:
Энэхүү үйлчилгээ нь хохирогчийн түүхйиг сонсож, хэрэгцээг үнэлэхээс эхлээд хүчирхийллийн улмаас сэтгэцийн гүн цочрол, сэтгэл гутралаас гарахад нь дэмжлэг үзүүлж, улмаар илааршуулах урт хугацааны заслын үйлчилгээ юм.
Хүчирхийлэлд дахин өртөхөөс урьдчилан сэргийлэн хамгаалуулах:
Хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлж, цаашид даамжрахаас сэргийлэх, хохирогч болон тэдний гэр бүлийнхэнд мэдээлэл өгч, аюулгүйн төлөвлөгөө зохиох, хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах, ухамсар зан үйлд нөлөөлөх сургалтын хөтөлбөрт хамруулах болон харъяа нутаг дэвсгэрийн засаг захиргааны хяналтанд байлгах гэх мэт хамгаалалтын арга хэмжээнүүдэд хамрагдах эрхтэй.
Бусад байгууллага, мэргэжилтэнтэй холбогдон тусламж авах:
Хохирогчийн нөхцөл байдал болон түүний шийдвэрийг үндэслэж холбогдох хувь хүн, байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллавал үйлчлүүлэгчид таатай үр ашигтай үйлчилгээ болох юм. Энэхүү үйлчилгээ, дэмжлэгтэй хохирогчийг холбох үүргийг цагдаагийн ажилтан болон харьяа хороо, сумын нийгмийн ажилтан гүйцэтгэдэг.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс гаргасан мэдээлэл