Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгүүлсэн “Түмэн шувуут” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүллээ. Цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Түмэн шувуут” ХК-ийн үүсгэн байгууллагч Л.Эрхэмбаяр, “Түмэн шувуут” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болд, “Голомт Капитал ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнхжаргал нар Монголын хөрөнгийн биржийн 5,892 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.
“Түмэн Шувуут” компани анх 2004 онд 18 ажилтан, 20,000 өндөглөгч тахиатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Одоо 160 гаруй ажилтан, 310,000 гаруй өндөглөгч тахиатай. Монголын өндөг үйлдвэрлэлийн салбарын 53 хувийг дангаар гүйцэтгэдэг.
Тус компани өндөглөгч тахианы аж ахуй, усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх болон махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барих зорилгоор нийт хувьцааныхаа 25 хувь буюу 5,000,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болголоо.
Нийт 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьжээ. Үнэт цаас худалдан авах захиалгыг энэ сарын 15-наас эхлэн Монголын хөрөнгийн биржийн бүх гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан энэ сарын 31-ний өдрийн 15:00 цаг хүртэл хүлээн авах юм байна. Ингэснээр “Түмэн шувуут” энэ онд IPO гаргасан хамгийн анхны ХК боллоо.