“Түмэн шувуут” компанийн анхдагч зах зээлийн арилжаа өнөөдрөөс /2019.01.15/ эхэллээ. Нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэл хоёр долоо хоногийн хугацаанд захиалга авах юм байна.
2017 оны байдлаар дотоодын өндөг үйлдвэрлэлийн 53 хувийг дангаараа хангасан “Түмэн шувуут" компани олон нийтээс 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр IPO гаргаж байгаа юм. Ингэснээр 2019 онд дотоодын хөрөнгийн захад гарч байгаа анхны IPO болж байна. Тус компани нийт хувьцааныхаа 25 хувийг санал болгож байгаа бөгөөд 50 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа ажээ.
“Түмэн шувуут” компани татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө дан ганц тахианы аж ахуйгаа бус үр тариа, гурил, малын тэжээл, тахианы мах үйлдвэрлэл зэрэг олон төрлийн үйл ажиллагаагаа тэлэх зорилготой байгаа ажээ. Тус компанийн андеррайтераар “Голомт капитал” Үнэт цаасны компани ажиллаж байна. “Голомт капитал” өнгөрсөн онд “Мандал даатгал” компанийн IPO дээр үндсэн андеррайтераар, “Эрдэнэ Ресурс” компанийн давхар бүртгүүлэх ажилд туслах андеррайтераар ажиллажээ.
2017 онд Монгол Улс нийт өндөгний хэрэглээний 55 хувийг импортоор авч байсан байна. Харин 2018 оны хувьд нийт 9.7 сая ам.долларын өндөг импортолсон нь 2017 оныхоос 30 гаруй хувиар өндөр дүн болжээ. Өөрөөр хэлбэл дотоодын өндөгний зах зээл цаашид тэлэх орон зай нь байна гэж харж болохоор байгаа юм.
bloombergtv.mn