Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэл болон 2019 оны төсвийг танилцууллаа.
Мэдээллээс үзвэл нэгдсэн төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсан байна. Батлагдсан төсөвтэй харьцуулахад нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгджээ. Тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг бөгөөд үүнд Тогтворжуулалтын сангийн 207 тэрбум, Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөгийг оруулаагүй байна. Тэнцвэржүүлсэн тэнцэл 2010 оноос хойш анх удаа 12 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелсэн бөгөөд 670 тэрбум нь уул уурхайн салбараас, 1.3 их наяд нь бусад салбараас орсон байна. Энэ нь Засгийн газраас явуулж байгаа бодлого, эдийн засаг, хөрөнгө оруулалт өссөн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхижсэн, төсвийн сахилга батыг чанд баримталж тодотгол хийгээгүй, Зээлжих зэрэглэл нэмэгдсэн зэрэгтэй холбоотой гэж Сангийн яам үзжээ6
Батлагдсан төсвийн санхүүжилт 92 хувьтай байна. 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй нь сонгон шалгаруулалт оройтсон, маргаан гарсан, газрын асуудалтай холбоотой байжээ.
Засгийн газрын өр 21 их наяд төгрөг бөгөөд 2019, 2020 онд төлөх их хэмжээний өр байхгүй. 2017 оны төгсгөлд Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээ 74,4 хувь байсан бол 2018 оны эцсээр 60,9 хувь болж буурчээ. Цашид энэ тоог 40 хувьд хүргэвэл төсөвт дарамт учрахгүй гэж тооцоолж байна.
2018 онд 600 гаруй мянган хүн 78 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоор авч байсан. Тэгвэл ойрын өдрүүдэд 808 мянган хүнд 120 тэрбум төгрөгийг буцаан олгохоор төлөвлөж байна.
Цаашид төсвийн сахилга батаа улам сайжруулж, татвар төлөгчдийн мөнгийг оновчтой, үр ашигтай хэлбэрээр зарцуулбал төсөв эрүүлжиж, өр багатай, эдийн засгийн өсөлт өндөр байх боломжтой юм.