Орос улс нүүрс, тэр дундаа коксжих нүүрсэндээ ногдуулдаг импортын татварыг тэглүүлэх асуудлаар Хятадтай дахин хэлэлцэхээр төлөвлөж байна.
Хятад нь 2014 оноос импортын нүүрсэнд 3-6%-ийн татвар ногдуулах болсон билээ. Тодруулбал, антрацит, коксжих төрөл 3%, битум 6%, брикет болон бусад нүүрсний төрөлд 5%-ийн татвар ногдуулж буй.
Гэхдээ нүүрсний томоохон нийлүүлэгч орнууд Индонез, Австралитай чөлөөт худалдааны хэлэлцээртэй учир импортын татварт хамаардаггүй. Тус орнуудын дараагаар нүүрсний экспортын хэмжээгээр гуравдугаарт ордог Оросын хувьд импортын нүүрсийг татваргүй болгох асуудлыг 2015 онд Хятадын талд тавьж байсан ч тодорхой шийдэлд хүрээгүй юм.
Оросын нүүрсэнд импортын татварыг тэглэх тухай хүсэлтийг Хятадын талд тавих асуудлыг Түлш, эрчим хүчний цогцолбор болон экологийн аюулгүй байдлыг хөгжүүлэх стратегийн асуудал хариуцсан Комиссын түвшинд хэлэлцэн, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд гуравдугаар сарын 31-нд багтаан танилцуулахаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн онд Кемерово мужид айлчлах үеэрээ, Орос Азийн орнуудад нүүрсний экспортоо 50%-иар нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн. Үүний тулд дотоодын нүүрс үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хэмжээг РЖД-ийн дэд бүтцийг хөгжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх хөтөлбөртэй уялдуулан хамтарсан төлөвлөгөө боловсруулах тухай баримт бичигт тэрээр арванхоёрдугаар сарын 19-нд гарын үсэг зурсан юм.
mongolianminingjournal.com