x

Дээд боловсрол Дэмий

Түмэн хүнд ногдох дээд боловсролын байгууллага болон суралцагч оюутан, төгсөгч "сэхээтэн"-ий тоогоор бид дэлхийд толгой цохидог аж. Ийм олон "сэхээтэн"-тэй улс чинь хөгжинө гэж үзүүлээд өгдөг байлгүй, шинжлэх ухаан нь тасраад явчаа биз гэтэл байдаггүй шүү. Харин ч бүр ацад нь жагсдаг болсон. За яахав, шинжлэх ухаан нь яахав ядуугийн гай юм байх. Ядаж "сэхээтэн" юм чинь харьцааны соёлтой, нийгмийн боловсрол сайтай байдаг байх даа, гэнгүүт бүүр ойчоод өгнө. Энэ мэт харьцуулалтыг олон хүн хийж, бүгд л халаг хоохой болдог. Гэтэл үүнийг засах, залруулах саналыг бараг хэн нь ч гаргасангүй. Би л гаргахаас даа. Хальт тодров :-) 

За эхлээд нэг түүх дурсчихая. Бүгд түүхчид болцгоочихсон улс даа бид чинь. Гэхдээ энэ түүхийг бол тэр бүр ярихгүй байгаа юм. Уг нь хамгийн чухал түүх. Өөрөөр хэлбэл саяхны түүх.

Монгол улс 20-р зуунд үсрэнгүй хөгжив. Бүх салбарт гоц дэвшил гаргасан. Тэр дундаа хамгийн том дэвшил нь хүн амын нэмэгдэл. Бүх түүхэндээ байх магадгүй, тусгаар улсдаа 2 сая хүнтэй болов. Тэр дундаа 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр хамгийн олон хүүхэд төрөв. Тэгээд эрүүл саруул өсч бойжицгоожээ. Энэ хэрээрээ 1995 оноос хойш ажлын байрны эрэлтийг нэмэгдүүлэх нь гарцаагүй болоод байв.

Үүнтэй зэрэгцээд 1990-ээд онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн биш хаа сайгүй бужигнаан болж байсан ба боловсролын салбарт ч элий балай юм их болов. Үүний нэг бол 1992-1993 онуудад хийсэн анги алгасуулах будлиан. Үүний уршгаар 1998-1999 онуудад тэртэй тэргүй олон хүүхэд дунд сургуулиа төгсөх байсныг 2 дахин нэмэгдүүлснээр дээд сургуулийн эрэлт бүр солиоров. Ажил олдохгүй байх ч яахав нэг л шалтгаан. Яагаад заавал дээд сургууль гэж? Уг нь ТМС гэж байдаг даа, тэр хаачив? Өө нээрээ тэнд чинь 10 төгссөн хүн ордоггүй шд, тэгээд ч одоо ТМС байхгүй болцышд. Яагаад? Яахав дээ, төгсөөд ажил байхгүй юм чинь. Түүнээс гадна...

Буурал түүхийн нугачааг дахин өгүүлсүгэй. Салбар бүрт үсрэнгүй дэвшил гаргасан 20-р зуунд Монголчууд сэтгэл, оюуныхаа мухарт нэг тээглэсэн балай бодол бат хийж авчээ. Тэр нь сэхээтэн гэдэг "хэргэм". Ноёд баяд, харц ядуус аль нь ч ялгаагүй, бүгд малчин байсан Монголчуудыг иргэншилд хөл тавихад нь сэхээтэн, ажилчин, малчин гэж 3 бүлэгт албан ёсоор хувааж, сэхээтэн нь дарга болдог гэж ойлгуулсан агаад энэ нь боолын нийгмийг "алгасаж" феодалын нийгэмд хэдэн мянган жил амьдарсан Монголчуудын хувьд язгууртан ба харц ард гэдэг ойлголтыг л баталгаажуулсан нэмэлт тодруулга байлаа. Монгол ардын бараг бүх үлгэрт нусгай бор хүү хаан болоод төгсдөг. Үлгэр бол ард түмний хүсэл мөрөөдлийн илэрхийлэл байдаг. Тиймдээ ч Монгол хүн бүр дээд сургуульд сурч "язгууртан" болох хүсэлтэй болжээ. Өөрөө үгүй юмаа гэхэд үр хүүхдээ заавал.

Яг энэ хандлагаараа нөгөө олон төгсөгчид бүгд оюутан болохоор дайрав. Конкурс гэж нэг юм авах нь тодорхой агаад мэдээж зарим нь тэнцсэнгүй. Тэнцэх ч учиргүй нөхдүүд олон байв. Нөгөө Баабарын хэлдэг шиг "Тэнэглэх доод ёроолыг нь хийгээгүй мөртлөө, сэтгэх дээд хязгаарыг нь хатуу тогтоосон бурхан ямар шударга бус юм бэ" нөхцөл үүсэв. Тэнэг төрсөн байлаа, муу сурсан байлаа гээд ч дээд сургуульгүй үлдэх нь жинхэнэ тэнэг "харагдах" тул дээд сургуульд бүгд орцгоожээ. Хаанаас ийм олон дээд сургууль гараад ирэв ээ?

Дахин түүх сөхвөл, Боловсролын тухай хуулинд "боловсролын байгууллага нь ашгийн бус байж болно", Төрийн бус байгууллагын тухай хуулинд " ашгийн төлөө бус байгууллагыг ТББ гэнэ" гээд "нийгмийн төлөө үйлчилдэг ТББ нь боловсрол, хүмүүжил, шинжлэх ухааны үйл ажиллагаа эрхэлнэ" гэсэн бол Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын хууль (хуучин нэрээр)-д байсан "нийгмийн төлөө үйлчилдэг ТББ-ын орлогыг албан татвараас чөлөөлнө" гэсэн заалтууд нь үндсэндээ дээд сургуулиудыг өсөж үржих замыг нээгээд өгөв. Уг санаа нь дээд боловсролыг дэмжих гэсэндээ ч бус, ерөөс Монголын төр боловсролоо тэжээж дийлэхээ байсанд л шалтгаан нь оршиж байв. Аргаа бараад менежментийн хувьчлал гэж балай юм ч сэдэж үзсэн. Бүх л шатны боловсрол, сургалтын байгууллагууддаа зарлаж байв шүү. Үнэндээ бүтэлтэй юм болоогүй.

За тэгээд нэг талаас эрэлт байна, нөгөө талаас татвар алга. Дээрээс нь ажлын байр цөөн байсныг хэлэх үү, хуучны жинхэнэ сэхээтнүүд ажилгүй байсныг хэлэх үү, ялангуяа багш нар хог дээр үсэрчээд байсныг хэлэх үү, хэнд ч гэсэн нэмэлт орлого хэрэгтэйг хэлэх үү, багшлах боловсон хүчин энд тэндгүй бэлэн байв. Байр савны хувьд ч асуудалгүй, мөнгөө л төлдөг юм бол таарах таарахгүй хоосон өрөө тасалгаа хямдхан олдож байлаа. Ганц үлдсэн асуудал нь самбар болон сандал ширээ. Бяцхан мөнгө байгаад, боловсролын газарт танил байвал бүх юм ОК. Товчхондоо ингэж энэ олон их дээд сургуулиуд Монголд бий болсон юм.

Олон их дээд сургууль, олон "сэхээтэн"-ий хор уршиг бол зөндөө л дөө. Үүнийг бүгд л хэлдэг. Гэхдээ зөвхөн үр дүнг нь, зовлонг нь яриад байх шиг байна. Би жаахан ялгараад, угаасаа гоц ухаантай болохоороо :-) "зовлонгийн шалтгаан"-ыг нь ярия.
- Эдийн засгийн онолын үүднээс, зах зээлд олон нийлүүлэгч бий болоод нийлүүлэлт монопсони болоод ирэхээр үнийн өрсөлдөөн үүсч, бүтээгдэхүүний хуурамч төрөлжилт бий болдог бөгөөд чанарын асуудал хойно тавигдах зүй тогтол байдаг. Ойлгомжтой биз.
- Дээд боловсрол гэдэг бол хүн бүрт зориулсан зүйл биш гэдэг нь нийгмийн хөгжлийн явцад нотлогдсон агаад гагцхүү толгойгоо илүү ажиллуулах боломжтой нь дээд боловсролтой болох нь зөв гэж үздэг. Нөгөөтэйгүүр, илжигний чих мих гээд ардын үг ч бас байдгийг санагтун.
- Нэгэнт л хоногт 24-хөн цаг байдаг ба нэг хүн нэг цагт нэг л байршилд байж чадах тул ажлын байр олшрох хэрээр нөгөө бэлэн багш нар цөөрөөд ирэв. Одоо яахав? Яах юу байдын, танай ангийн нөгөө хэн чинь онц сурдаг биз дээ, тэр нөхрөөр хичээл заалга!
- Энэ зах зээлийн нийгэмд чинь эдийн засагч хүн хамаг мөнгийг нь хамдаг гэнэ, дараа нь хуульчид ордог юм гэнэ... Ийм яриа хаа сайгүй болов. Ингээд энд тэндгүй эдийн засаг, бизнесийн, хуулийн сургуулиуд олширлоо. Тэгээд ч нөгөө талаас ийм мэргэжлээр сургахад их юм шаардлагагүй. Ямар ч лаборатори, техник хэрэггүй, самбар шохой сандал ширээ байхад хаваасаг. Ингэж мэргэжлийн солиорол эхэлсэн.
- Бэлэн дээд сургууль байна, бас нэг "юм дуулгаж магадгүй" хүүхэд байна. Бас хүн байна даа энэ чинь, шар хор байна. Бусдаас юу дутах вэ, энэ нөхрийг сургуульд оруулаад авбал "яаж ийгээд" төгсчихнө. Дараа нь "нэг юмны" мэргэжилтэн хийгээд явж байтал, аандаа ажил албандаа зүгширч тэгээд "дэвших" биз... 
- Хүүхдээ оюутан болгох нь үндсэндээ эцэг эхчүүдийн бусдаас "дутуугүй харагдах" гэж хичээсний үр дүн бөгөөд тухайлан ийм эхлэлтэй тул хүүхэд нь бусдаас "дутуу харагдахгүй" байхыг л сурна. Дутуу харагдахгүй байхын тулд "бүхнийг" хийхэд бэлэн. Гэхдээ "хар ажил" лав биш.
- Зиа нэг юм төгслөө, ээ базарваань. Одоо ажил!!! Нэгэнт "язгууртан" болчихсон хүн хар ажил хийж "доошоо орох" нь зохимжгүй тул гэртээ суугаад "ажил олдохгүй байнөө" гэж хэлэх нь зүгээр л алтан дундаж гэдгээ илэрхийлэх нэг хэлбэр юм. Нийтээрээ ажилгүй байхад хэн тэнэг юм шиг "сэхээтэн" болчоод хог цэвэрлэж, дугуй хийлж явах билээ дээ. Ёстой хэзээ ч үгүй, чадахгүй за.
- Цаад хүүхэд чинь ядаж баклаавартай юм чинь хэдэн тоо цохиод байж чадах биз, худалдагчаар ажиллуул... Ах дүүсийн хооронд ийм яриа явна. Тэгэсгээд удалгүй "дээд боловсролтой хүнийг ажилд авна" гэдэг зар хаа сайгүй харагдана. Яагаад гэвэл эрхбиш "баклаавартай" болохоороо нүүрээ аятайхан будаж, цэвэрхэн хувцасладын.
- Удалгүй хувийн сургуулиуд тараа таниулж эхэллээ. Бүгд биш л дээ. Гэхдээ талаас илүү нь. Хувийн сургуульд сурдаг гэвэл "конкурсанд унасан нөхөр", улсын сургуульд оноо дутсан дураак. Тодорхой.
- Гэнэт хаанаас ч юм аав ээжүүд дахиад нэг юм сонсоодхов: Сэхээтний дээд нь эмч багш инженер гурав. Ингээд хүүхдээ ятгаж гарав. Нэг талаас, конкурсанд унаснаа мэдэгдүүлэхгүйн тулд, нөгөө талаас аав ээжийн ятгалга байгаа тул ямар ч сонирхолгүй, дур хүсэлгүй боловч эрхбиш улсын сургууль, тэгээд ч олон оюутан элсүүлдгийг хэлэх үү, шаанстай болохоор нь УБИС, ТИС, ХААИС-ийг сонгоно. Нөгөө дургүй, хүчгүй, сураагүй нөхдүүд чинь төгсөж ирээд миний хүүхдэд хичээл зааж, миний машиныг засаж, миний байшинг барина, бас миний идэх мах гурилыг бүтээнэ гэсэн!

За за, ингэсгээд болиё. Зовлон тоочоод, тайлбарлаад байвал бичээд л байх шинжтэй. Одоо засаж сайжруулах арга замаа бичихгүй бол болохгүй нь. Хоосон цэцэрхээд, хэн бүхний мэдэх юм эрээчээд байх нь зүйд нийцэхгүй. За тэгэхээр үүнийг засах дараах арга хэмжээнүүдийг авууштай.

Боловсролын системийг ганц ганцаар нь хэсэглэж яриад бүтэхгүй ээ. Бүхэлд нь шинэчлэх, уялдуулах шаардлагатай тул эхлээд ерөнхий боловсролын тогтолцооноос эхлэе. Сургуулийн өмнөх боловсролын хувьд бол одоохондоо яриад байх юм алга. Зүгээр л цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа. Нэг шалтгааныг нь өмнө дурдсан, хүн амын үсрэнгүй өсөлтийн жилүүдэд төрсөн нөхдүүд одоо өөрсдөө хүүхэд үйлдвэрлэж байгаа. Олуулаа учир олон л хүүхэд үйлдвэрлэж таарна. Харин нөгөө шалтгаан нь улсад мөнгө "байхгүй" .

Уг нь бол ерөнхий боловсролын 12 жилийн сургалтын систем нь шинжлэх ухааны анхны суурь суулгахаас гадна иргэний нийгмийн боловсрол олгодог шалгарсан тогтолцоо. Бага сургуульд уншуулж бичүүлж, ойр зуур тоо бодохыг заах бөгөөд хамгийн гол нь яагаад ногоон гэрлээр зам хөндлөн гарах ёстой, яагаад заавал хууль биелүүлэх ёстой, ер нь хууль гэж юу юм, эх орон гэж юу вэ, байгаль орчныг яагаад хайрлах ёстой, яагаад гудамжинд хог хаяж болдоггүй вэ, хүн яагаад ажил хийх ёстой байдаг вэ гэхчлэн дувт хүмүүжлийн ач холбогдолтой зүйл зааж сургадаг. 

Харин дунд ангид бүх шинжлэх ухааны суурийг заана. Алгебр, геометр, физик, хими, газарзүй, хэлзүй, түүх, биологи... гээд л. Энэ л дунд ангид бүх хүн зөв бичиж сурна. Зөв бичнэ гэдэг нь алдаагүй, цэвэр үзэмжтэй бичих төдий биш. Харин өргөдөл гэж ийм юм байдаг, ийм зарчим баримталдаг. Харин захиа бол ийм. Хэрэв албан захидал болбол ингэж өөрчлөгдөнө. Албан бичиг болчихвол бүр ийм болно... гэж зааж сургадаг. Уншихад хүртэл ийм тийм юмыг ингэж тэгэж уншиж ойлгох ёстой гэж заах агаад унших дуртай юмыг нь л уншуулна. Түүнээс манай уран зохиолын хичээл шиг Лермонтов ... онд төржээ, үхжээ гэж цээжлүүлэхгүй. Зөв уншиж, бас бичиж чадна гэдэг бол боловсролын суурь.

Харин ахлах ангид цаашид ямар мэргэжилтэй хүн болох сонирхолтой байгаа, түүгээр нь төрөлжүүлж тухайн шинжлэх ухааныг гүнзгийрүүлж заадаг. Өөрөөр хэлбэл хэлзүйн шинжлэх ухаанд дур сонирхолтой хүүхдүүдэд байц, тусагдахуун, ялгац, дагавар, нөхцөл гээд л зааж гарна даа. Түүнээс хэлзүйгээр явахгүй, барилгын инженер болох хүсэлтэй хүүхдэд тэр өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн, хавсарсан нийлмэл өгүүлбэр энэ тэр пад ч байхгүй. Зөв бичдэг л бол бусад нь юуны хамаа. Гэлээ гээд монгол хэлний хичээлийг програмаас нь бүр хасчихгүй. Зөв бичих чадварыг нь улам хөгжүүлнэ. 

Зарим гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиуд шаардлагагүй гэж үзээд зарим нэг хичээлийг хасчихдаг. Жишээлбэл хөдөлмөрийн хичээл. Ингэж болохгүй ээ. Хөдөлмөрийн хичээл бол хүмүүжлийн ач холбогдолтой чухал хичээл. Гэтэл манайд болохоор яаж цаг өнгөрөөе дөө гэсэн байдлаар багш нь ч ханддаг, хүүхдүүд нь ч ханддаг. Хэн хэллээ дээ, хөдөлмөрийн хичээл дээр яагаад гэр барихыг зааж болдоггүй юм бэ гэж. Зөв санаа шүү, над шиг байрны хүүхэд гэр барих байтугайг мэдэхгүй. Тэгэхээр ахлах сургуульд аль нэг хичээлийг бүрмөсөн хасах байдлаар төрөлжиж, гүнзгийрдэггүй, харин төрөлжилтөд онц хамааралгүй хичээлүүдийн цагийг багасгаж, ач холбогдлыг нь ойлгуулах, гол нь хэрэглэж сургах зорилготойгоор энгийн түвшинд бүх хичээлийг жигд ордог. Гүнзгийрч байгаа хичээл бол ойлгомжтой. Арай түлхүү орно, илүү нарийн үзнэ.

Яг энэ тогтолцооны онцлогийн дагуу ахлах сургуульд хүн бүр сурах албагүй байдаг. Дунд сургууль төгслөө, суурь боловсролтой боллоо, шинжлэх ухааны талаар цэгцтэй ойлголт авлаа. Илүү юм хэрэггүй. Цаашид суралцах, судлах хүсэл байвал ахлах сургуульд орж болно. Эсвэл шууд дуусгаж болно. Энэ системийг л ерөнхий боловсрол олгох 12 жилийн сургалтын тогтолцоо гэдэг. 

Харамсалтай нь манайх 10 жилээс 12 жил рүү шилжихдээ сургалтын програмаа зүгээр л сунгаад татчихсан. Тэгээд онгорхой цоорхойгоо бөглөж байгаа нь энэ гээд нэг л их гэрийн даалгавар өгнө. Дахин дахин нуршсан, давтсан, хашрааж, шийтгэж байгаа юм шиг. Үүний "ачаар" хүүхэд сурах дургүй болж байна. Бас хөдөлмөрлөх дургүй ч болж байх шиг. 

За тэгэхээр, нөгөө сурах чиглэлийг эрхэм болгож ахлах сургуульд үргэлжлүүлж сурсан цөөн хэд чинь төгсөх болоод ирлээ. Одоо хаачих вэ? Мэдээж их дээд сургууль руу. Ойлгомжтой конкурс авна. Гэхдээ маний үеийнх шиг сургууль сургуульд бүртгүүлээд тэнээд байж болохгүй л дээ. Одооны элсэлтийн ерөнхий шалгалт бараг болж байнаа. Гэхдээ арай ч бас биш. Болохгүй байгаа юм нь юу гэхээр, сургууль бүр өөр өөр шалгуур оноо өөрсдийн дураар тавиад байна. Үүнийг нэгдсэн байдлаар, сургууль сургуулиар нь биш, харин тухайн мэргэжлээр нь журамлах шаардлагатай. Дашрамд дурдахад, Л.Гантөмөр сайд хаа очиж энэ олон замбараагүй мэргэжлүүдийг цэгцэлж, кодчилж байгаа юм шиг байна лээ. Эхлэж л байгаа бололтой. 

ЭЕШ-нд бүтэн оноогоо авсан хүүхдүүдийг 1-р курст нь үнэгүй сургах хэрэгтэй. Бас бус хүүхдүүдийн төлбөрийг тодорхой хувиар хөнгөлнө... гэх мэт улсын тэтгэлгийн тогтолцоог бий болгож 70 мянгыг устгах хэрэгтэй! Гээд ярихаар хүссэн хүсээгүй төлбөрийн асуудал руу яваад орчихно доо.

Одоо сургалтын төлбөр хэд байдаг гэчих вээ? Дунджаар 1.8 сая гэв үү. Маний үед жилийн төлбөр 250,000 орчим байлаа. Тэр үед дундаж цалин 50,000 байсан гэхээр 5 дахин зөрүүтэй байж. Одоо үед дундаж цалин 700,000 гэхээр 2.5 дахин зөрүүтэй юм байна. Бидний үеийнхээс 2 дахин бага юм байна! Бас бидний үед сургалтын зээл гэж байгаагүй. Албан ёсоор бол хаанаас ч мөнгө олох арга байхгүй. Тиймээс хүн амьтнаас гуйж түүгээд л аав ээж маань нэлээн л ажил болдог байсан. Одоо бол төлбөр нь бага, банкны зээл авах боломжтой, бас гадуур дотуур мэр сэр ажил ч олддог болж, тэгээд бүр улсаас сар бүр 70 цаас өгдөг гэхэд... арай, арай л... байна даа. 

Захын хувийн дунд сургуулийн дундаж төлбөр 3 сая, нэмэх нь өдөр өнжүүлэхийн мөнгө сард 300 мянга, тэгээд бас бус зардал гээд нэмэгдэхээр нэг хичээлийн жилийн нийт зардал 7-8 сая болчихсон байхад дээд сургуулийн сургалтын төлбөрийг дор хаяж 10 сая болгох нь бодит үнэнд нийцнэ. Төлбөр өндөр болохоор олон оюутан сурч чадахгүй, угаасаа тэгэх шаардлагагүй. 

Гэнгүүт нөгөө популистууд нь "ядуу айлын сурлага сайтай хүүхэд" энэ тэр гээд унанаа. Шударга хэлэе, ядуу айлд сурлага сайтай хүүхэд байх боломж угаасаа бага байдаг. Сурна гэдэг чинь эхнээсээ аваад дуустлаа мөнгө шаарддаг. Мөнгөгүй бол ахлах сургуульд орох шаардлагагүй. Үнэ төлбөргүй ТМС байж л байна. Тэнд сур, төгс, ажилд ор, тэгээд өөрөө мөнгөтэй бол, дараа нь дээд сургуульд орж болно.

Төлбөр нэмэхтэй зэрэг хэрэгжүүлэх ёстой, мартаж болшгүй нэг юм бий. Давтаж хэлэе, энэ бол тэтгэлгийн систем. Засгийн газрын болон хувийн хэвшлийн, төрийн бус байгууллагын, гадаадын болон олон улсын байгууллагын... гэх мэт. Бас хандив тусламж ч байж болно. Ямар ч байсан сурч чадах хүн бүрт үнэ төлбөргүй суралцах боломж нээлттэй байх ёстой. Бас элсэх боломж.

Монголын их дээд сургуулийн сургалтын програмын тухайд хэлэх зүйл алга. Зүг чигийг нь ч мэдэхгүй юмаа тааж буудаад юүхэв. Мэдэж магадгүй юмаа л ярих нь зөв биз. Гэхдээ би боддог юм, дээд боловсролын програмд бүх хичээлийг англи хэлээр явуулбал зүгээр юм уу гэж. Мэдээж түүх, соёл иргэншил, хэл, утга зохиол зэрэг зарим тодорхой хичээл, бас мэргэжлүүдийг тухай тухайн хэлээр нь заана л даа. Гэхдээ л бусад хичээлүүдийг англи хэлээр сургавал бид боловсролын хувьд шат ахих байх.

Оюутнууд маш их завтай байна. Тэднийг завгүй болгомоор байх юм. Аль ч улсад шинжлэх ухааны нээлтийг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хийдэггүй. Харин их дээд сургуулиуд нээлт хийдэг. Тухайлан ийм учраас багш, оюутнуудыг мэргэжлийн судалгаа, шинжилгээний ажлаар шахая. Угаасаа энд тэнд судалгаа, төсөл боловсруулах тендерт аль нэг сургуулийн хэдэн багш нар хувиараа оролцож худал үнэн онол ярьж ялаад, хэдэн оюутнаа зарцалж, бас барьцаалж хулхи юм хийгээд явдаг. Эргээд хүлээх хариуцлага ч байдаггүй, үр дүн ч гардаггүй. Үүнийг зогсоож сургуулиас нь нэгдсэн байдлаар албан ёсоор зохицуулдаг болгоё.

Ер нь тендерсээд ч байх явдалгүй. Шууд мэргэжлийн сургуульд нь, чиглэлийн тэнхимд нь ажлаа өг, төсвөө өг. Сургууль нь багш нартаа хуваарилаг, багш нар нь оюутнуудаараа хамжуулна биз. Оюутнууддаа цалин мөнгийг нь ёсоор нь өгөөд, суралцаж байгаа чиглэлээр нь эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дайчил. Зарим нэг багш нар оюутнуудыг үнэгүй "унадаг" даа. Ийм явдлыг бүр таслан зогсоо. Оюутнууд зарц боол биш. 

Ингээд үнэхээрийн суралцах хүсэлтэй, сэтгэх чадвартай оюутнууд хичээлээ англиар үзээд, суралцаж байгаа мэргэжлийнхээ дагуу ажиллаад, судлаад, дадлага хийгээд, гоёж гоодохоо байгаад, архидаж шоудах завгүй болоод ирэхээр чадвартай боловсон хүчин болно. Зүгээр л даам гарна. Нээрээ шүү, Монгол хүний дундаж IQ дэлхийн дунджаас дээгүүр байдаг. Гадаадад суралцсан Монголчууд ч үүнийг үйл хөдлөлөөрөө нотолно. Төгсөгчид нь чанаржаад ирэхээр аандаа Монголын боловсрол, Монгол улс даам гарна.

Энэ бүх шинэчлэлийг яаж хийх тухайгаа ярьсангүй юү? Уг нь яриад л байгаа юмсан. Товчхондоо, анх нийлүүлэлтийг дэмжихдээ татварын арга хэрэгсэл ашигласан юм бол буцааж хумихдаа бас л татварыг ашиглая. Их дээд сургуулийн бизнес эрхлэгчдээс татвар авах цаг болсон. Бааз сууриа бэхжүүлбэл бэхжүүлж амжихаар л хангалттай хугацаа өнгөрлөө шд. Хувийнх, улсынх хамаагүй ээ. Хоюулангаас нь татвар ав. Аль ч их дээд сургуульд ямар ч санхүүжилт, татаас өгөх ёсгүй.

Үүгээр ч зогсохгүй, ийм ч стандарт, тийм ч стандарт гээд дарамтлаад бай. Ядаж л бакалавртай хүн багшлах ёсгүй, нийт багш нарын тал хувь нь доктор байх ёстой ч гэдэг юм уу дайраад байхаар хүссэн хүсээгүй цөөн багштай болж цөөн оюутан элсүүлнэ. Зэрэгцүүлээд ийм ч юм судал, тийм ч юм шинжил гээд судалгаа шинжилгээний бүхий л төсөвт ажлуудаа тэднээр хийлгэ. Ингээд байхаар их дээд сургууль хаашдаа цөөрнө, бас чанаржина. Аа нээрээ, тэр оюутны хотхон гэдэг балай юмаа орхиорой. Юманд чинь эрэмбэ дараа гэж байдаг. Өч төчнөөн асуудал яая даа гэж байхад, одоохондоо лав тэр чинь бүтэшгүй зүйл. Тэгээд ч дээд сургууль, оюутныхаа тоог цөөлчихвөл түүний чинь хэрэг угаасаа байхгүй болно.

Ахлах сургуульд ороогүй нөхдийг яах вэ гэж үү? Тийм ээ тийм, би мартаагүй. Дөнгөж 14-15 настай, насанд хүрээгүй, эрхзүйн бүрэн чадамжгүй хүүхдүүд байгаа, тэднийг шууд ажилд хөөж болохгүй. Тэднийг ТМС-д оруулнаа. ТМС гэдэг нь одоогийн энэ МСҮТ-ийг хэлээгүй шүү. Тэр бол арай л биш, дэндүү дутуу, хэтэрхий халтуур байна. ТМС-үүд нь 3 жилийн сургалтын хөтөлбөртэй, жинхэнэ утгаараа "соци үеийн" ТМС байх ёстой. Гол нь төлбөргүй (эсвэл маш бага төлбөртэй) байх бөгөөд оюутнуудад нь тэтгэлэг өгөхгүй, харин найдвартай ажлын байр амална. Тэр ТМС чинь хаана байна гэж үү?

Их дээд сургуулийг олшруулсан аргаар л ТМС-үүдийн тоог нэмнэ дээ. Ахлах сургууль болон дээд боловсролд зарцуулж байсан мөнгөө ТМС рүү хандуулаад, ТМС байгуулбал татваргүй болгоод, нэмж улсаас санхүүжилт олгоно. ТМС-ээс эсэн бусын стандарт эхэндээ шаардахгүй. Задгайд нь хаяна. Дараа нь бага багаар шахна. Тэгээд ч цаадуул чинь тэнэг биш учир бас бус бэлтгэлээ аандаа хангаад явна. Зөвхөн компаниудтай байгуулсан "ажиллах хүчнээр хангах, дадлагажигч авах, хамтран ажиллах" гэрээ чинь хаана байна гээ л болоо. Түүнийг нь үндэслээд л санхүүжилт олгоно. Ингээд ирэхээр яах ийхийн зуургүй л, хувийн компаниуд дэргэдээ өөр өөрсдийн ТМС байгуулаад ирнэ. Тэр мөртөө тэр нь ганц Улаанбаатарт овоорохгүй, амлая. 

Улаанбаатарын хүн ам нэмэгдээд бүр болохоо байлаа гээд л сандарцгаагаад байх юм. Уг нь бол бүх дээд боловсролын байгууллага дан ганц Улаанбаатарт байдаг учраас л ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм шүү дээ. Худлаа гэж бодож байна уу? Тэгвэл статистик харахгүй юу! Энэ жил нийт хэдэн оюутан төгсөв, тэдний хэд нь нутаг буцав, тооцоод үзнэ биз. Тэднийг дагаж ирсэн аав ээж, ах дүү, амраг садныг нь бол дурсаа ч үгүй байна.

Аль мэргэжил ирээдүйд эрэлт хэрэгцээтэй байх, аль салбарын боловсон хүчнийг түлхүү бэлтгэх, аль мэргэжилд илүүтэй тэтгэлэг зарлах, бодлогын ямар арга хэрэгсэл ашиглан хэрхэн яаж хөдөлмөрийн нөөцөө удирдах тухай би дурссангүй. Монголын төр эрхбиш нэг юм боддог л байлгүй. Дээд боловсрол эзэмшихэд 4 жил зарцуулдаг, УИХ-ын сонгуулийн хугацаа 4 жилийн давтамжтай байдаг нь боловсролын тогтолцоо, боловсон хүчний бодлого, хөдөлмөрийн нөөцийн хуваарилалттай холбоогүй байх, тийм ээ?

Эх сурвалж: DELGER.BLOGSPOT.COM


Жич: Дараах холбоосуудаар орж их дээд сургуулийн тоо мэдээллийг харна биз.
http://bayarkhuu.niitlelch.mn/content/5742.shtml
http://www.forum.mn/p_pdf.php?obj_id=4443

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 3 цаг 48 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 58 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 5 цаг 50 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 5 цаг 59 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 6 цаг 22 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 7 цаг 7 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top