Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг баталлаа.
Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжаас гаргах юм. 2019-2023 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт 166,3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
Хөрөнгийг эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, мэргэжлийн холбоодыг чадавхижуулах, кластерын системд шилжүүлэх, өндөр ашиг шимтэй мал, амьтан импортлох, нутагшуулах, тэжээл, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, технологи нэвтрүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхэд зориулна.
Хөтөлбөр хэрэгжсэнээр:
- Сүү боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт 35 хувиар нэмэгдэнэ
- Өсгөн үржүүлэх үхрийн тоо хоёр дахин, нэг малаас авах сүү, махны гарц 20 хувь, үйлдвэрийн аргаар боловсруулах сүү, махны хэмжээ 30 хувиар нэмэгдэнэ
- Шингэн сүүний импортыг тэглэж, хуурай сүүний импорт 30, бусад сүүн бүтээгдэхүүний импорт 15 хувиар буурна
- Өндөгний импорт 90, зөгийн балны импорт 70 хувь буурна
- Эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн хангамж 40, техник, технологийн шинэчлэл 30 хувиар нэмэгдэх юм.
Энэ хэрээр гадагшаа урсах их хэмжээний валют эх орондоо үлдэнэ гэж тооцоолж байна. 2016 онд манай улс гаднаас малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл авахад 41 сая ам.доллар буюу 98 тэрбум гаруй төгрөг зарцуулсан. 2017 оны байдлаар энэ тоо 1,6 дахин өсч 64 сая ам.доллар буюу 160 орчим тэрбум төгрөгт хүрчээ.