Дэлхийн өрийн хэмжээ 2017 онд дээд хэмжээнд хүрч нийтдээ 184 их наяд доллар болсон тухай Олон улсын валютын сан (ОУВС) мэдээлэв.
Дэлхийн өрийн нэг хүнд ноогдох хэмжээ нь 86 мянган доллар байгаа нь хүн амын дундаж орлогоос хоёр дахин их ажээ. Дэлхийн улсын болон хувийн өрийн нийт хэмжээ нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 225% болсныг ОУВС сануулж байна.
ОУВС-гийн танилцуулсан өрийн үзүүлэлт нь сангийн өмнөх аравдугаар сарын үнэлгээнээс хоёр их наядаар нэмэгдсэн байна. Шинэ үзүүлэлт нь 2017 оны сүүлчийн мэдээ ба түүн дээр зарим орнуудын өмнө танилцуулагдаагүй зээл нэмэгдсэн зэргээс бүрэлджээ.
Дэлхийн өрийн хэмжээг ОУВС 1950-иад оноос эхлэн 190 улс орны мэдээлэл дээр үндэслэн тогтоож иржээ. Хамгийн их зээлтэй орнууд нь АНУ, Хятад, Япон болж байна.
“China Securities Journal” гэдэг Хятадын улсын хэвлэл өнгөрсөн долоо хоногт бичихдээ, Хятадын Засгийн газар эдийн засгаа дэмжихийн тулд ирэх жилээс өрийн хэмжээг хорогдуулах ажлыг удаашруулж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байв. Дашрамд дурьдахад, сүүлийн жилүүдийн төсвийн алдагдлын өсөлт нь тус орны $21,5 их наяд гэсэн өрийн дарамтын хяналт алдагдаж магадгүй гэсэн түгшүүр төрүүлж байгаа юм.
М.Цогт