УБТЗ-ын 2018 оны тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биеллээ. Тус нийгэмлэг нь энэ жил 24.5 сая тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн юм. Оны эцэст энэ үзүүлэлт 25 сая гаруй тоннд хүрэх нь тодорхой болоод байна. Энэ нь өнгөрсөн жил тогтоосон түүхэн амжилтаа ахиулж байгаа хэрэг юм. УБТЗ өнгөрсөн жил 22.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь тус нийгэмлэгийн түүхэнд байгаагүй амжилт байлаа.
2018 онд УБТЗ-ын тээврийн хэмжээ улам өсөж, харилцагч нартаа төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай үйлчилгээ үзүүлсэн нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого, улсын татварын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг хангахад чухал түлхэц боллоо. Төмөр замын тээврийн хэмжээ эрс өссөнөөс хөдлөх бүрэлдэхүүн тэр тусмаа ачааны вагон хүрэлцэхгүй дутагдаж байсан ч УБТЗ-ын удирдлагын баг, хамт олон тээвэр зохион байгуулалтын ажлыг оновчтой зөв зохион байгуулж чадсанаар харилцагч нарынхаа тээврийн захиалгыг биелүүлж, экспорт, импорт, орон нутгийн тээврийн ажлыг амжилттай гүйцэтгэлээ.
УБТЗ 2018 онд 25 сая гаруй тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасанаар тус нийгэмлэг тээх нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлынхаа дээд цэгт тулж очив. Энэ нь тус нийгэмлэгийн суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчилж хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсныг харуулж байна.
“УБТЗ” ХНН