АНУ-ын Төрийн департамент нийт 214 сая ам.долларын 139 буцалтгүй санхүүжилтийг цуцалсан тухай мэдээллийг The Washington Free Beacon мягмар гарагт нийтэлжээ. Шийдвэрийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио баталсан бөгөөд өдөр тутмын хэрэгжилт нь эхэлсэн байна.
Цуцлагдсан төслүүдэд:
-
Узбекистанд хэрэгжүүлж байсан "иргэний оролцоо"
-
Молдова дахь "мэдээний редакцуудын тогтвортой байдал"
-
Беларусь дахь "худал мэдээлэлтэй тэмцэх"
-
Армен дахь "байгаль орчны тогтвортой байдал"
-
Их Британид хэрэгжүүлж буй "хэвлэл мэдээллийн байгууллагуудын олон талт байдал" зэрэг багтаж байна.
Гадаад дахь төсөл хөтөлбөрүүдэд зарцуулагдаж буй зардлыг АНУ-ын Төрийн департамент хоёрдугаар сарын сүүлчээр шалгасан бөгөөд түүнчлэн Илон Маскийн тэргүүлдэг DOGE (Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлаг) нэмэлт хяналт тавьж, зарим төслүүдийг үр ашиггүйд тооцжээ. Үүний дүнд цуцлах төсөл, санхүүжилтийн хэмжээ нэмэгдсэн байна.
Хөтөлбөрүүдийг голчлон АНУ-ын Төрийн департаментын Ардчилал, хүний эрх, хөдөлмөрийн асуудал хариуцсан товчоо (DRL) санхүүжүүлдэг байсан. Харин шинэ мэдэгдэлд эдгээр төсөл нь “DEI буюу олон янз байдал, тэгш байдал, оролцоог нэмэгдүүлэх” нэрийн дор хэрэгжсэн ч засгийн газрын тэргүүлэх чиглэлд нийцэхгүй, үр ашиггүй төрийн бус байгууллагуудыг санхүүжүүлж, татвар төлөгчдийн мөнгийг оновчгүй зарцуулж байна” гэж дурдсан байна.
Эх сурвалж: DW, The Washington Free Beacon