Израилын зүгээс Газын зурваст зургаан долоо хоногийн хугацаанд гал зогсоох санал тавьсан ч ХАМАС бүлэглэл үүнд татгалзсан хариу өгсөн тухай “BBC” мэдээллээ. Саналд ХАМАС-ын зэвсэг хураах шаардлага багтсан нь гол маргаан үүсгэсэн шалтгаан болсон байна.
Палестины өндөр албан тушаалтны мэдээлснээр, хэлэлцээний хүрээнд Израилын тал барьцаанд байгаа хүмүүсийн тал хувийг суллах нөхцөлийг санал болгосон ч, ХАМАС-ыг голлон сонирхож буй дайныг бүрэн зогсоох, Израилын цэргийг Газын зурвасаас татан гаргах зэрэг асуудалд ямар ч амлалт өгөөгүй байна.
Санал солилцоо үр дүнд хүрээгүй энэ үеэр Израил Газын зурваст цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Хан-Юнис хот дахь хээрийн эмнэлэг агаараас цохилтод өртөж, нэг хамгаалалтын ажилтан амиа алдан, есөн хүн шархадсан бол Израилын Батлан хамгаалах яам уг цохилт нь ХАМАС-ын удирдагчийг онилсон үйлдэл байсан хэмээн тайлбарласан байна.
Мөн НҮБ-ын нэгэн агентлаг Газын зурваст байдал “хамгийн хүнд нөхцөлд хүрлээ” хэмээн мэдэгдэв. Израилын зүгээс Палестины нутагт ямар нэгэн хүмүүнлэгийн хангамж нэвтрүүлэхийг хориглосон нь зургаан долоо хоног үргэлжилж байгаа бөгөөд Израилын “хоол хүнс хангалттай” гэх мэдэгдлийг НҮБ эрс няцаасан юм. НҮБ болон бусад байгууллагууд Газын бүслэлт нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байгааг онцолж байна.
Израилын Ерөнхий сайд барьцааны хүмүүсийг суллах, гуравдугаар сарын 1-нд дууссан түр гал зогсоох хэлэлцээрийг сунгахыг шаардсан хэлбэрээр хангамжид хориг тавьсан хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)