УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулсан “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө. Уг хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, зээл, хөрөнгө оруулалтад хамрагдах боломж, хүртээмжийг сайжруулах зорилготой бөгөөд дэлхийн 30 гаруй улсад амжилттай хэрэгжиж буй санаачилга юм.
Нээлтийн үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан олон улсад жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд анхаарал нэмэгдэж байгааг онцолж, Монгол Улс ч 2011 оноос хойш энэ чиглэлд эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж ирснийг дурдлаа. Гэвч барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсролын хомсдол, зах зээлийн хязгаарлалт, жендэрийн хэвшмэл ойлголт зэрэг нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн өмнө тулгарсан гол бэрхшээл хэвээр байгааг санууллаа.
Монголбанк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран уг хөтөлбөрт Монгол Улсыг нэгдүүлж, Төв Азийн бүсэд нэгдсэн анхны улс болсон байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эмэгтэй зээлдэгчдийн дундаж зээлийн хэмжээ нь эрэгтэйчүүдийнхээс хоёр дахин бага, хүү нь илүү өндөр байгааг дурдаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зохицуулалт хийх шаардлагатайг онцоллоо. Монголбанк хөтөлбөрийн үндэсний зохицуулагчаар ажиллаж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн өгөгдлийг цуглуулж, шинжилгээ хийж, үр дүнд суурилсан бодлого боловсруулах чиглэлээр ажиллаж эхлээд байна.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц энэ хөтөлбөр нь зөвхөн жендэрийн тэгш байдлыг хангахаас гадна эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийн нэг хэсэг болохыг тэмдэглэж, санхүүгийн үйлчилгээнд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх нь эмэгтэйчүүдийн амьжиргааг дэмжих, гэр бүл, хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд шууд нөлөөлөх ач холбогдолтойг дурдав.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа эмэгтэйчүүд бизнес эрхэлснээр зөвхөн өөрсдийнхөө орлогыг нэмэгдүүлэх бус, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг ч хөрөнгийн бүртгэл, сүлжээний дутагдал зэрэг олон саадтай тулгардаг тул бодлогоор шийдвэрлэхийг уриаллаа.
Дэлхийн судалгаагаар 10 эмэгтэй тутмын нэг нь бизнес эрхэлж буй нь 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт. Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг ч тэдний 87 хувь нь бичил бизнес эрхэлдэг. Санхүүжилт, зах зээлийн дэмжлэг дутмаг хэвээр байгааг арга хэмжээний үеэр оролцогчид онцолж байв.
“Санжайн хишиг” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Отгонжаргал өөрийн бизнесийг хэрхэн босгосон талаар туршлагаа хуваалцаж, анх зээл авахад олон бэрхшээлтэй тулгарсан ч 20 гаруй удаагийн зээлийн түүхтэй, зээлийн хүртээмж, нөхцөл сайжирвал эмэгтэйчүүд илүү бодит дэмжлэг авах боломжтойг онцолсон юм.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба