Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын хамтарсан баг сонирхолтой бүтэцтэй, ховор төрлийн эмгэг болох Situs inversus totalis оноштой өвчтөнд цөсний хүүдийг хэвлийн дурангийн аргаар амжилттай авчээ.
Тус хагалгааг мэс заслын зөвлөх зэргийн эмч Б.Алтангэрэл, Б.Сумьяа, Ж.Отгонбаяр, Б.Түвшинбаяр, Б.Жарденбек, Ш.Аззаяа, С.Цээсүрэн, Д.Эрдэнэсүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг цаг гаруй хугацаанд, ховор эмгэгт тохирсон өвөрмөц технологи ашиглан гүйцэтгэсэн байна. Эмчлүүлэгчийн бүх дотор эрхтэн хэвийн байрлалаасаа эсрэг талд байршилтай байсан нь хагалгааны үед өндөр анхаарал, нарийвчлал шаардсан хүндрэлийг үүсгэж байжээ.
Situs inversus totalis нь хүн амын дунд нэн ховор тохиолддог эмгэг бөгөөд 10,000 хүн тутамд дөнгөж нэг бүртгэгддэг. Энэ эмгэг нь аутосоммын рецессив удамшлын хэлбэрээр дамждаг бөгөөд тухайн хүний дотор эрхтнүүд баруун, зүүн талыг эсрэгцүүлэн байрладаг онцлогтой.
Ийнхүү ховор тохиолдлын хагалгааг Монгол эмч нар өндөр түвшинд амжилттай гүйцэтгэсэн нь дотоодын анагаах ухааны чадавх, туршлагыг харуулсан онцлох үйл явдал боллоо.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг
Сэтгэгдэл (1)