Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко-той уулзлаа. Уулзалт нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой-н хүрээнд болж, харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүрсэн түвшинд бэхжүүлэх, хөгжлийн зорилтуудыг уялдуулах асуудлаар санал солилцсон байна.
С.Ганбаатар дарга Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийг танилцуулж, эдгээр төслийг хэрэгжүүлэхэд дэлхийн өндөр технологитой үйлдвэр, паркуудын туршлагаас суралцаж нутагшуулах шаардлагатайг онцлов. Мөн Польшийн KGHM корпорацийн зэс хайлуулах үйлдвэрүүдийг жишээ болгон дурдаж, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бичил болон дунд үйлдвэрлэлийн хөгжилд Польшийн туршлагаас судлахыг санал болголоо. Үүнтэй холбогдуулан эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хамтран ажиллах боломжтойг тэмдэглэсэн байна.
Элчин сайд Кшиштоф Бойко хоёр ард түмний харилцан хүндлэл, итгэлцлийг гүнзгийрүүлэх нь иж бүрэн түншлэлийн үндэс гэдгийг онцлоод, Польшийн аж үйлдвэр, ялангуяа уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн технологи, эрх зүйн орчин талаарх туршлагаар хуваалцах, хамтран ажиллах бүрэн боломжтой гэж мэдэгджээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Уянга, Ж.Золжаргал нар оролцсон байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба