Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.16/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай албан ёсны яриа хэлэлцээг 2023 оны 09 дүгээр сараас эхлүүлж, өнгөрсөн хугацаанд талууд нийт хоёр удаагийн зөвлөлдөх уулзалт, гурван шатны хэлэлцээг зохион байгуулаад байна. Мөн тус хэлэлцээрийг байгуулах асуудал болон хэлэлцээрийн явцыг нийт зургаан удаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, гадаад худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дунд дөрвөн удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсныг дурдсан.
Мөн тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг анх Эдийн засаг, хөгжлийн дэд сайд ахлан хариуцаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 44 дүгээр тэмдэглэлийн дагуу тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг шинэчлэн байгуулах үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад даалгасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу хэлэлцээр хийх ажлын хэсгийг 2025 оны 1 дүгээр сард шинэчлэн байгуулсан. Тус ажлын хэсэг нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хэлэлцээрийн төслийн бичвэрийг эцэслэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, гишүүний бүрэлдэхүүнд холбогдох яамдын газрын дарга нарыг оролцуулан байгуулсан. Харин барааны жагсаалтад санал зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, холбогдох яамдын оролцоо бүхий 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан гэв.
Барааны жагсаалтад санал боловсруулах дэд ажлын хэсгээс 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нийт 23 барааг тус хэлэлцээрийн Монголын тарифын үүрэг амлалтын жагсаалтаас хасуулах саналыг ирүүлснийг Л.Гантөмөр сайд дурдахын зэрэгцээ хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем”-ийн зургаан оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн дөрвөн төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон гэж байлаа.
Манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоон хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгууллаа. Тухайлбал, өндөгний хувьд манай улсын сүүлийн гурван жилийн дотоодын хэрэглээ жилд дунджаар 448.6 сая ширхэг байсан бөгөөд үүнээс 165 сая ширхэг буюу 36.8 хувийг импортоор нийлүүлсэн байна. Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалах зорилгоор өндөгний зах зээлийн 20 хувийг импортын орон зайд үлдээж, 90 сая ширхэг хүртэлх импортын өндөгт гаалийн татварыг 7.5 хувь байхаар тохиролцсон, харин 90 сая ширхгээс илүү өндөг импортлогдсон тохиолдолд гаалийн татвар 15 хувь байхаар тохиролцсон. Харин улаанбуудайн хувьд манай улс жил бүр ургац хураалтын нөхцөл байдал, гурилын үйлдвэрлэлийн технологийн шаардлагаас шалтгаалж 30.0-70.0 мянган тонн улаанбуудайг импортлох шаардлага үүсдэг бөгөөд айлын талаас хатуу болон зөөлөн улаанбуудайд нийтэд нь 180.0 мянган тонны квот санал болгосон. Үүнийг 50.0 мянган тонн хүртэл хэмжээнд одоогийн татварын хэмжээг 1.25 нэгж хувиар бууруулж, 3.75 хувийн татвар ногдуулах бөгөөд 50.0 мянган тонноос дээш импортлогдсон хэмжээнд 5 хувийн татвар хэвээр хадгалагдахаар тохиролцсон. Олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд түгээмэл ашиглагддаг “Ерөнхий тэнцвэрийн загвар” (GTAP)-ыг ашиглан тооцоолол хийж үзэхэд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, Евразийн эдийн засгийн холбоо руу хийх нийт экспортын хэмжээ 24.1 хувь буюу 28.4 сая ам.доллароор тус тус нэмэгдэх үр дүн гарч байна. Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспорт 125-140 хувь, хувцас 84 хувь, ноос ноолуур 64 хувь, нэхмэл сүлжмэл хувцас 55 хувь, арьс ширэн эдлэл 46 хувь тус тус нэмэгдэх боломжтой байна. Эдгээр зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн ийнхүү гаалийн татваргүй нэвтэрч чадсанаар зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөх чадвараа цаашид нэмэгдүүлэх өргөн боломж бүрдэхийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцолсон.
Энэхүү худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн экспортын зардал буурахаас гадна худалдааны үйл ажиллагаа илүү нээлттэй болж, гадаад худалдаа эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг асуудлуудыг хөнгөвчилж, хялбаршуулна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцээрт зайлшгүй ашиглагддаг боловч дотооддоо бэлтгэн нийлүүлж чадахгүй байгаа гадаад улсын гаралтай орц, материалыг экспортлох барааны өртгийн 50 хүртэл хувьд тооцуулах боломж бүрдүүлснээр илүү хялбараар экспортлох бараандаа тарифийн чөлөөлөлт авах боломж бүрдэнэ; Гаалийн байгууллагууд 4 цагийн дотор худалдаа эрхлэгчид барааг олгож худалдаа эрхлэгчдэд тулгардаг бодит саад бэрхшээл буурна; Барааны гарал үүслийн гэрчилгээг хатуу шаардахгүйгээр 12 сарын дотор нөхөн гаргаж, тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ; Бүх бараанд тавьдаг гаалийн шалгалтыг багасгаж, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлнэ; 5000 еврогоос бага үнэтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй болж жижиг дунд бизнес, цахим худалдаа эрхлэгчдэд хялбар экспортын боломж бүрдүүлнэ гэсэн онцлох зохицуулалт тусгасныг дурдсан байв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал худалдааны түр хэлэлцээрт ороход бэлэн эсэх, таван орны стандартыг хангасан 367 бараа, бүтээгдэхүүн бидэнд байгаа юу гэдэг нь хамгийн чухал асуудал гэж байлаа. Мөн тэрбээр “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах зорилт тавиад, тодорхой хөрөнгө, хүч зарцуулж байгаа энэ цаг үед түр хэлэлцээрт орж зарим бүтээгдэхүүнийг квотын хүрээнд тарифыг нь тэглэж буй нь баялаг бүтээгчдийнхээ хүч, хөдөлмөрийг үнэгүйдүүлэх эрсдэлтэйг анхааруулж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хэлэлцээрт орохдоо нийтийн эрүүл мэндийн үр нөлөөг харах нь зүйтэй гээд Монгол Улс 2003 онд батлагдсан Тамхины хяналтын суурь конвенцод нэгдсэн. Уг конвенцод олон улс чөлөөт худалдааны гэрээ хийхдээ тамхи, тамхин бүтээгдэхүүнийг гааль татвараас чөлөөлдөг, хөрөнгө оруулалтыг дэмждэг байдлыг зогсоох заалттай. Үүнийг бариад хэлэлцээрт нэгдэхээс өмнө тамхи, электрон тамхин бүтээгдэхүүнийг хасах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариултдаа, 2024 оны 07 дугаар сарын 03-ны хоёр тал барааны жагсаалтаа эцэслэсэн нөхцөл байдалд миний хувьд хэлэлцээрт орж эхэлсэн тул бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй байна хэмээв. Мөн парламентын гишүүдээс дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах шаардлагатай гэсэн байр суурийг олноор илэрхийлсэн тул бид хэлэлцээрийг үргэлжлүүлэх саналыг тавьж, Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас ямар бараа, бүтээгдэхүүнд тариф тавих талаар санал авсан. Дотоодод үйлдвэрлэж буй 23 бараа, бүтээгдэхүүний хамгаалах санал ирсэн тул энэ дагуу хэлэлцээрийг сүүлийн гурван сар хийж байна гэж байлаа. Түүнчлэн тэрбээр, өнөөдрийн байдлаар Монгол Улсад оруулж ирж буй нийт тамхины 50 хувийг Бүгд Найрамдах Солонгос улс, 23 хувийг Бүгд Найрамдах Казакстан улс эзэлдэг гээд цаашид тамхи, тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварыг их хэмжээгээр нэмэх саналыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас оруулж ирнэ гэж хариулав.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг уг асуудлаар Эдийн засаг болон Төсвийн байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлэг хийж, санал, дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн гишүүдийн тооцоо, судалгаа дутуу байна гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд хэлэлцээрт орсноор эдийн засгийн боломж, бодит ашиг, үр дүнг тооцсон тодорхой асуудлыг оруулж ирэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн энэхүү хэлэлцээр Монгол Улсын эдийн засаг, иргэдийн ахуй амьдралтай шууд холбоотой тул асуудлыг нягталж, гишүүдийн байр суурь, олон талын мэдээллийг нэгтгэх шаардлагатай. Иймд төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувь нь дэмжлээ.
Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив
Дараа нь Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь гадаад ертөнцтэй холбогдох гол гарц, үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл гэдгийг дурдаад Засгийн Газраас агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин ажиллаж байгааг онцлов.
Өнөөдрийн байдлаар манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж байгаа бөгөөд сүүлийн таван жилд ТС-1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2021 онд 27.879 тонн, 2022 онд 38.492 тонн, 2023 онд 61.719 тонн, 2024 онд 69.984 тонн хүрч тогтмол өссөн үзүүлэлттэй байгааг Ц.Туваан сайд дурдахын зэрэгцээ аялал жуулчлал, эдийн засгийн идэвх нэмэгдэж байгаа нь 2028 он хүртэл зорчигч, ачаа тээвэрлэлт тогтвортой өсөлттэй байх төлөвтэй бөгөөд агаарын тээврийн зорчигч тээврийн тоо 2024 онд 2.2 саяд хүрсэн бол 2028 онд 2.55 сая хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн боломжит доод үнээр нийлүүлснээр хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахаас гадна иргэдэд хүрэх нислэгийн тийзийн үнэ буурахад тодорхой хувиар нөлөөлөл үзүүлэх боломжтой гэв.
Мөн тэрбээр, Манай орон хөрш хоёр улстай хуурай боомтоор хиллэдэг, далайд гарцгүй орны хувьд агаарын тээвэр нь чухал ач холбогдолтой бөгөөд агаарын хөлгийн түлшийг ОХУ-аас төмөр замаар их хэмжээгээр Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх боломжтой. Харин БНХАУ-аас онгоцны түлш худалдан авахад төмөр замын царигийн зөрүүтэй байдлаас шалтгаалан Замын-Үүд боомтоор, шилжүүлэн ачих байгууламжаар дамжуулан авах бөгөөд одоогоор онгоцны түлшийг хадгалах зориулалтын сав, насос станц, дотоодын тусгай вагонцистерн байхгүй байна. Мөн БНХАУ-аас нийлүүлэх онгоцны түлшний стандартын хувьд Жет-А түлш бөгөөд өнөөдөр ашиглалтад ороод байгаа Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжид ТС-1 агаарын хөлгийн түлштэй хамтад нь ашиглах технологийн шийдэл анхнаасаа төлөвлөгдөөгүйг дурдлаа.
Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ болон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Засгийн газраас экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, тэр дундаа агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтэд нөлөөлж, хомстол үүсэж болзошгүй байна. Иймд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой нийлүүлэх боломж бүрдэхийг онцлон тэмдэглэсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Н.Алтанхуяг, Г.Дамдинням, Г.Ганбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүд хэлэлцээрт ОХУ-ын итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж нь агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтийг бүрэн хариуцахаар тусгагджээ. Гэтэл Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэрийг 1.7 тэрбум ам.долларын зээлээр барьж, 2028 онд ашиглалтад оруулах бөгөөд энэ үйлдвэр агаарын хөлгийн түлш бэлтгэхэд чиглэж ажиллана. Иймд дотоодод үйлдвэрлэсэн түлшээ хаана борлуулах, улмаар үүнийг хэрхэн зохицуулах талаар илүүтэй лавлаж байлаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариултдаа, газрын тос боловсруулах үйлдвэр 2028 оны эхний улиралд ашиглалтад орно. Ойролцоогоор жилдээ 80 орчим мянган тонн агаарын хөлгийн түлш үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 2022 онд Монгол Улс, ОХУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан санамж бичигт агаарын хөлгийн шатахууны 75 хувийг тухайн итгэмжлэгдсэн компани, үлдсэн 25 хувийг бусад аж ахуйн нэгжүүд бүрдүүлэхээр тусгагдсан. Үүний зэрэгцээ монголын газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон тохиолдолд дотооддын компани давуу эрхтэй нийлүүлэх эрхтэйг санамж бичигт тусгасан гэв.
Ингээд Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 19 гишүүний 10 нь буюу 52.6 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ
Мөн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн.
Энэ талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, тус зөвлөл нь орон тооны 7 гишүүн УИХ-ын 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор томилогдон ажиллаж байгааг дурдаад хууль тогтоомжоор хүлээсэн үндсэн чиг үүрэг, Зөвлөлийн дүрэм, 2024 оны ажлын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн тайлан, төсвийн баримт бичгүүд, хуулийн төслүүдэд өгсөн дүгнэлт, зөвлөмжийн талаар товч тусгаж, УИХ-ын цахим хуудсанд байршуулсныг дурдлаа.
Мөн тус зөвлөлөөс өгсөн дүгнэлтдээ, Монгол Улсад төсвийн хэт тэлэлт, мөчлөг дагасан, эрсдэлийг нэмэгдүүлэх бодлого хэвээр хадгалагдсаар байгаа нь эдийн засгийн хөгжлийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах бодлогын зорилт хэрэгжихгүй байхад хүргэх магадлалтай, түүнчлэн макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг хэт өөдрөг төсөөлж буй нь төсвийн орлого, зарлага, алдагдлыг өсгөн төлөвлөх боломжийг бүрдүүлж байна. Эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэж байгаа нь хувийн хэвшлийн орон зай, эдийн засгийн суурийг тэлэх боломжийг хязгаарлахын зэрэгцээ төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиггүй бодлого үргэлжлэх хандлагатай байгааг анхааруулсан. Зөвлөл эдийн засгийн гадаад, дотоод эрсдэл, бодит нөхцөл байдлыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд харгалзан үзэх, төсвийн орлого нэмэгдэж байгаа үед хуримтлал үүсгэх, эрсдэлийг бууруулах бодлого баримтлах, төсвийн орлогын өөдрөг төсөөлөлд найдаж төсвийг тэлэх бодлогыг үргэлжлүүлэх хандлагаа эргэж харах, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, орлого өндөр байгаа жилүүдэд хуримтлал үүсгэх, мөчлөг сөрсөн бодлого баримтлах шаардлагыг төсөлд харгалзан үзээгүй байгааг анхаарч дотоодын нийт бүтээглдэхүүнд төсвийн зарлагын эзлэх хувийг өнөөгийн түвшнээс бууруулж 25-28 хувьд хүргэх, эрдсийн түүхий эдийн экспортод хэт дулдуйдсан бодлого хэрэгжүүлэх нь эдийн засгийн төрөлжилт бий болох нөхцөлийг хязгаарлаж байгаа төдийгүй эдийн засагт учрах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхааруулж ажилласан гэв.
Мөн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийг алдагдалгүй байхаар баталсан ч энэ онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөж байснаар төвлөрөхгүй тохиолдолд нийт тэнцлийн алдагдал бий болох магадлалтай, эдийн засгийн мөчлөг дагасан бодлого хэвээр хадгалагдаж байгаа тул цаашид эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлогын бодитой суурийг тавих шаардлагатай гэж үзэж байна. Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байгаа 2025 оны эхний улирлын статистикийн тоо мэдээллээс авч үзвэл энэ оны 1-р улиралд улсын төсөвт 6,432.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөө -1,241.1 тэрбум төгрөгөөр буюу 16.2 хувиар тасалдаж байна. Үүний улмаас төсвийн тэнцэвэржүүлсэн тэнцэл 353.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Эдгээр тоо мэдээлэл нь тус зөвлөлөөс өгч байсан дүгнэлт, зөвлөмжүүд оновчтой, бодитой байсныг илтгэн харуулж байгааг онцлон тэмдэглэв.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Удирдлагын академийн удирдах албан тушаалтнууд, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЖАЙКА зэрэг байгууллагуудтай албан ёсны уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал солилцсон. Эдийн засаг хөгжлийн яамнаас зохион байгуулсан “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг, Нээлтэй Нийгэм Хүрээлэнгийн судлаачдын багийн гүйцэтгэсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт” сэдэвт судалгааны үр дүнгийн хэлэлцүүлэгт оролцож, өөрсдийн саналыг илэрхийлсэн. УИХ-ын дарга, Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын зарим гишүүдтэй уулзалт хийж, зөвлөлийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, 2025 оны төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийн талаар танилцуулсан. Тус зөвлөлийн дарга, гишүүд УИХ-ын 2024 оны намрын ээлжит бус болон ээлжит чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл, дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдлийн төслүүдийг хэлэлцэхэд УИХ-ын чуулганы хуралдаан, Төсвийн байнгын хороо, Зарлагын хяналтын дэд хороо болон ажлын хэсгүүдийн хуралд оролцож, зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг танилцуулж ажилласан гэж байлаа.
Түүнчлэн тус зөвлөлөөс 2024 онд нийт дөрвөн удаа хэвлэлийн бага хурал зарлаж, хурал тус бүрд хэвлэл мэдээллийн 10-15 байгууллага оролцсоноос гадна Зөвлөлийн дарга, гишүүд давхардсан тоогоор нийт есөн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд 34 удаа ярилцлага, мэдээлэл өгсөн гэдгийг Н.Энхбаяр дарга танилцуулгадаа дурдсан.
Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд тус зөвлөлийн дарга, гишүүд төсвийн бодлогын хэрэгжилтээс гадна эдийн засгийн дотоод, гадаад нөхцөл байдал, эрсдэлийг тодорхойлох зорилгоор нийтдээ 11 судалгааны ажлыг хийж, дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд гурван удаа илтгэл тавьж, эрдэм шинжилгээний найман илтгэл, нийтлэл бичиж хэвлүүлэн, нийтийн хүртээл болгосон гэж байлаа.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2024 онд үндсэн үйл ажиллагааны хүрээнд буюу төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн эрсдэлээс сэргийлэх, төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлд идэвхтэй ажиллаж, нийт 12 удаагийн тайландаа 96 дүгнэлт гаргаж, 35 зөвлөмж өгч Улсын Их Хурал, Төсвийн байнгын хороо, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд хүргүүлсэн. УИХ-ын чуулганы хуралдаан, Төсвийн байнгын хороо, Зарлагын хяналтын дэд хороо, холбогдох ажлын хэсгүүд, намын бүлгийн хурлаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдийг байлцуулан зөвлөлөөс өгсөн дүгнэлт, зөвлөмжийг сонсож, асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал, бодлоо солилцсон гэлээ.
Мөн тэрбээр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгагдсан төсвийн тусгай шаардлагад Засгийн газрын саналын дагуу Улсын Их Хурал зарим өөрчлөлтийг оруулсан хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсны дараагаар Засгийн газар уг төсвийн төслийг алдагдалгүй байхаар дахин өргөн барьж, УИХ анх удаа алдагдалгүй төсөв баталсан нь чухал ололт гэж үзэж байна гэв.
Түүнчлэн төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн таамаглал, төлөв байдлын төсөөллийг бэлтгэхийн тулд DIGNAR, САЕМ загваруудыг Монгол Улсын онцлогт тохируулан ашиглах боломжтой болгосон. Зөвлөлөөс 2024 оны 3 дугаар сард 2025-2027 оны макро-төсвийн таамаглалыг боловсруулахдаа тооцоолж гаргасан дотоодын нийт бүтээгдэхүүний 2024 оны бодит өсөлтийн дээд, доод түвшнээр тооцсон төсөөллийн дундаж үзүүлэлт нь 2024 оны урьдчилсан гүйцэтгэлтэй ойролцоо байгаа нь үүний илрэл юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн таамаглал боловсруулах, чадавхыг бэхжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын валютын сангийн дэмжлэг бодитой хувь нэмэр оруулж байгааг дурдах нь зүйтэй гэж байлаа.
Тайлантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд орон тооны болж, бие даасан байдлыг эрхэмлэж, үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд зөв явуулж буйг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн Улсыни Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр зарлага тэлж буй байдлыг хэрхэн зохистой болгох, чөлөөт үлдэгдлийн хөрөнгийг эдийн засгийн идэвжүүлэхэд хэрхэн татан оруулах, хөрөнгө оруулалтын төслийг хэрхэн зөв сонгох талаар лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг холбогдох хуульд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан шаардлагыг Засгийн газраас хэрэгжүүлээгүй шалтгаандаа тайлбар хийдэг эсэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл тус зөвлөл иргэний нийгмийн байгууллага, иргэдтэйгээ хамтарч ажиллаж буй эсэх, цаашид үйл ажиллагаагаа сайжруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатайг тодруулж байлаа.
Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлантай танилцав
Хуралдааны төгсгөлд Үндэсний аудитын газрын Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцлээ.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д. Загджав танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулиар Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, улсын төсвөөс аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 298,478.6 сая төгрөгөөр баталсан бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого өссөнтэй уялдуулан хуульд 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 71,460.7 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 369,939.3 сая төгрөгөөр тодотгон баталжээ. Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д заасны дагуу 174,450.7 сая төгрөгийг нэмж нийт 544,390.0 сая төгрөгийн эх үүсвэр бүрдүүлэхээр төлөвлөн баталснаас, гүйцэтгэлээр 513,270.2 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, хэрэгжилт 94.3 хувьтай байна. Тайлант онд Орон нутгийн хөгжлийн сангаас 10330 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 8672 төсөл арга хэмжээнд 408,507.6 сая төгрөгийн санхүүжилт олгон, жилийн эцсийн зарцуулагдаагүй үлдэгдэл 105,238.2 сая төгрөг байна. Нийт олгосон санхүүжилтийн 69.9 хувийг барилга байгууламж, тоног төхөөрөмж, их засвар, бусад хөрөнгө худалдан авахад, 30.1 хувийг урсгал зардлыг санхүүжүүлэхэд зарцуулсныг онцолсон.
Мөн аудитаар нийт 162,768.3 сая төгрөгийн зөрчил илэрсэнд Аймаг нийслэл дэх Төрийн аудитын газруудаас 550.8 сая төгрөгийн 62 төлбөрийн акт тогтоож, 76,245.0 сая төгрөгийн зөрчилд 384 албан шаардлага, 85,908.7 сая төгрөгийн зөрчилд 523 зөвлөмж өгч, 63.8 сая төгрөгийн зөрчлийг шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн гэж байлаа.
Аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн нэгдсэн дүгнэлтийг өгснийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулав.
Тодруулбал, Газрын тосны нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг 2023 онд бүрэн төвлөрөөгүйгээс аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг дутуу санхүүжүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг эх үүсвэр тус бүрээр бүрэн төлөвлөх талаар санаачилгатай ажиллаагүй, төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэд олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг хэт жижиглэснээр, тендер оролцогчгүй болох, ажил он дамжих, хугацаа алдах сөрөг нөлөөлөл үүсгэсэн гэж дүгнэжээ.
Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд төсөл, арга хэмжээний үр дүн, үр өгөөжийг урьдчилан тооцолгүйгээр урсгал шинжтэй зардалд төлөвлөн зарцуулж байгаа нь сангийн хөрөнгийн үр дүн, үр өгөөжийг бууруулсан. Захиалагч талаас төсөл арга хэмжээний хэрэгцээ шаардлага, хүртэх үр өгөөж, холбогдох тооцоо судалгааг бодитой хийгээгүйгээс зарим аймагт чанаргүй, ашиглалтгүй хөрөнгө бий болж, тухайн орон нутагт ажлын байр нэмэх, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, тэдний орлого нэмэгдэх боломж алдагдсаныг дурдав.
Түүнчлэн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцаж байгаа байгууллагын хяналт сулаас хөрөнгө эзэнгүйдэж, эвдэрч гэмтэн ашиглалтгүй болж хөрөнгийг дахин засаж сэлбэх, урсгал засвар хийх шаардлага үүсэж, төсвийн зардлыг нэмэгдүүлсэн. Удирдлагын мэдээллийн системд төсөл, арга хэмжээний мэдээллийг дутуу болон огт оруулаагүй байхад сангаас санхүүжилт олгох зөрчил давтагдсаар байгааг таслан зогсоох, шилэн дансны нэгдсэн цахим системд мэдээллийг дутуу, зөрүүтэй байршуулдаг, огт мэдээлдэггүй зөрчил нийтлэг байгаа нь иргэд олон нийтийг үнэн зөв, бодитой, мэдээллээр хангах боломжийг үгүйсгэж байна гэсэн дүгнэлтүүдийг өгчээ.
Аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар газрын тосны нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг 2023 онд бүрэн төвлөрөөгүйгээс аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг дутуу санхүүжүүлсэн гэдэгт аль аймаг, хэдэн төгрөг дутуу байсныг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга аймаг, орон нутгийн төлөөлөгчид орон нутгийн төсвийг баталдаг бөгөөд тэдгээр нь өөрсдийн аж ахуйн нэгжээрээ дамжуулан тендер авч, ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг байдалд анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.