Английн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй клубуудын нэг болох "Манчестер Юнайтед" шинэ, 100 мянган үзэгчийн суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөж буйгаа зарлалаа. Энэ талаар тус клубийн хамтран эзэмшигч Жим Рэтклифф мэдэгдсэн байна.
Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн төсөл нь ойролцоогоор 2 тэрбум фунт стерлингийн өртөгтэй бөгөөд алдарт уран барилгач Норман Фостерын "Foster and Partners" компани төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Ж.Рэтклифф энэ талаар "Дэлхий дээрх хамгийн том цэнгэлдэх хүрээлэн байгуулах гайхалтай аялал өнөөдөр эхэлж байна" хэмээн онцолж, "Манай одоогийн цэнгэлдэх хүрээлэн 115 жилийн турш бидэнд гайхалтай сайн үйлчилсэн ч дэлхийн спортын шилдэг байгууламжуудын стандартаас хоцорч байна. Шинэ цэнгэлдэх хүрээлэн барьснаар "Олд Траффордын" мөн чанарыг хадгалж үлдэнэ" гэжээ.
Британийн эдийн засагт үзүүлэх нөлөө
Төслийн хүрээнд "Олд Траффорд"-ыг шинэчлэх болон шинэ цэнгэлдэх хүрээлэн барих ажил нь Британийн эдийн засагт 7.3 тэрбум фунт стерлингийн нэмэлт орлого авчирч, 92,000 шинэ ажлын байр бий болгоно гэж клубийн удирдлагууд мэдэгджээ.
Түүнчлэн "Foster and Partners" компаниас гаргасан төслийн концепцийн гэрэл зургуудыг "Манчестер Юнайтед"-ын албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.
"Манчестер Юнайтед"-ын спортын амжилт
Клуб Английн Премьер лигийн 14-р байрт бичигдэж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2013 онд лигийн аварга болж байсан. Харин шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалт нь багийн хөгжөөн дэмжигчдийн сонирхлыг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.
Эх сурвалж: BBC