Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 18-наас эхлэн “М-Си-Эс групп” компанийн Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Төрмандах болон түүний удирдаж байсан компанийн ажилтнуудыг саатуулан шалгаж эхэлсэн.
Тэгвэл өчигдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Санжидмаа З.Төрмандахын эрүүл мэндийн шалтгааныг үндэслэн батлан даалтад гаргах захирамж гаргав.
Өмгөөлөгч Х.Баатарбилэг, Э.Билэгсайхан нар З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгаанаар өөрчлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэл, чихрийн шижинтэй гэсэн оноштой байгааг харгалзан түүнийг батлан даалтад гаргахаар шийдвэрлэжээ. Гэхдээ прокурорын саналаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоожээ.
Энэхүү хэрэг нь “М-Армор” компанитай холбоотой бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Н.Ганболд, Хуулийн албаны дарга Я.Бямбадаржаа, мэргэжилтэн Г.Гандалай, Инженер-техникийн албаны дарга С.Жамъянтөгс болон хурандаа З.Төрмандах нарыг Эрүүгийн хуулийн 19.11-1-д заасны дагуу “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж байгаа юм.