Эцгийнхээ бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртсөн гэх эмэгтэй АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд хандаж, хэргийг ил болгож өгөхийг хүссэн байна.
Хохирогч эмэгтэй 2023 оны зургаадугаар сард нөхөр нь мөрийтэй тоглоомд орж, хоёр нялх хүүхэдтэй нь орхин явснаас хойш сэтгэл санааны хүнд байдалд оржээ. Энэ үед төрсөн эцэг нь “сэтгэл санааг нь өргөнө” гэж согтууруулах ундаа уулган, зочид буудалд аваачиж, улмаар хүчирхийлсэн гэж мэдүүлсэн байна. Тэрээр энэ хэргийн улмаас сэтгэл санааны гүн хямралд орж, удаа дараа амиа хорлох оролдлого хийжээ.
Хохирогч өргөдөлдөө:
"Миний бие төрсөн эцэг болох Ш.Мөнхбатад 2023 оны долоодугаар сараас хойш бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, сэтгэл санааны хүнд хямралд орсон. Энэ явдлаас хойш эцэг маань намайг "Чи юу ч олж долоохгүй, надад шоронгийн хоригдлоос эхлээд УИХ-ын гишүүн хүртэл танил байна" гэх мэтээр доромжилж байсан." гэж дурдсан байна.
Хохирогч эмэгтэйн төрсөн эцэг нь машины ченж байсан бөгөөд охиноо 17 настай байхад нь анх уулзсан гэж мэдээлжээ.
Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад "2024 оны арваннэгдүгээр сард хохирогчийн гомдлыг хүлээн авч, хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа" гэсэн мэдээлэл өгсөн байна.
Эх сурвалж: Хүний эрхийн хороо, Цагдаагийн ерөнхий газар