Хүний дархлал хомсдолын вирус (HIV)-ийн эсрэг жилд нэг удаа хийх тарилга анхны шатны аюулгүй байдлын туршилтаа амжилттай дуусгасныг The Lancet анагаах ухааны сэтгүүлд мэдээлжээ.
Ленакапавир хэмээх уг эм нь вирусийг эсийн дотор үржихээс сэргийлэх үйлдэлтэй бөгөөд хэрэв цаашдын туршилтууд амжилттай болбол хамгийн удаан үйлчилдэг HIV-ийн урьдчилан сэргийлэх арга болох боломжтой юм.
Одоогоор PrEP буюу HIV-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр уух эм болон хоёр сар тутамд тарьдаг тарилга ашиглагддаг. Гэвч өдөр бүр эм уух нь хүндрэлтэй байдаг тул жилд нэг удаа тарих уг эм тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, урт хугацааны үр дүнг сайжруулах ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.
Анхны туршилтын үр дүн
Эхний шатны туршилтад HIV халдваргүй 40 хүн хамрагдаж, булчинд тарилга хийлгэсэн бөгөөд ноцтой сөрөг нөлөө илрээгүй. Туршилтаас хойш 56 долоо хоногийн дараа эмийн үлдэгдэл хүний биед илэрсэн нь түүний жилд нэг удаа хэрэглэх боломжтой гэдгийг баталж байна.
Судлаачид уг туршилтыг илүү өргөн хүрээтэй хүн амын дунд явуулах шаардлагатай гэж онцолж байгаа бөгөөд уг эмийн үр дүнг нэмэлт судалгаагаар баталгаажуулах шаардлагатай гэж 2025 оны Retroviruses and Opportunistic Infections олон улсын хурлын үеэр мэдэгдсэн байна.
PrEP-ийн хүртээмж ба тэгш бус байдал
Дэлхийн хэмжээнд 39.9 сая хүн HIV-тэй амьдарч байгаа бөгөөд тэдний 65% нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (WHO) Африкийн бүсэд байдаг. WHO, НҮБ-ын UNAids, Global Fund зэрэг байгууллагууд 2030 он гэхэд HIV-ийн тархалтыг зогсоох зорилготой бөгөөд PrEP-ийг хүртээмжтэй болгох нь уг стратегийн чухал хэсэг юм.
Terrence Higgins Trust-ийн төлөөлөгч Ричард Ангелл PrEP нь HIV-ийн эсрэг тэмцэлд томоохон нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд жилд нэг удаа тарих PrEP-ийн нэвтрүүлэлт шинэ эрин үеийг авчирна гэж онцоллоо.
Гэвч PrEP-ийн хүртээмж улс орнуудад ялгаатай байгаа нь асуудал үүсгэж байна. Жишээлбэл, өдөр бүр уудаг PrEP нь шорон, онлайнаар эсвэл эмийн сангуудаар олгогдохгүй байгаа нь тэгш бус байдлыг нэмэгдүүлж байгаа гэж Ангелл анхааруулсан.
Шотландын Scottish Medicines Consortium хоёр сар тутамд тарих PrEP-ийг зөвшөөрсөн бол Англид хэрэглэхийг зөвшөөрөх шийдвэрийг NICE (National Institute for Health and Care Excellence) хараахан гаргаагүй байгаа аж.
Эх сурвалж: BBC News