Шведийн насан туршийн боловсролын төвд нэгэн этгээд гал нээсний улмаас 10 хүн амиа алджээ. Хэрэг Стокхолмоос баруун зүгт 200 км-ийн зайд орших Оребро хотын оюутны хотхонд болсон байна.
Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон уг хэргийг “гэм зэмгүй хүмүүсийн эсрэг харгис хүчирхийлэл” хэмээн тодорхойлж, үүнийг тус улсын түүхэнд гарсан хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага гэж мэдэгджээ.
Цагдаагийн байгууллага уг явдлыг “хүний амь хөнөөхийг завдсан, галдан шатаасан, галт зэвсэг хууль бусаар ашигласан” гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд терроризмын сэдэлтэй биш гэж үзэж байна. Гэмт этгээд ганцаараа үйлдэл хийсэн гэж тогтоогдсон бөгөөд цагдаа нар түүнийг устгажээ.
Орон нутгийн цагдаагийн дарга Роберто Эйд Форестийн мэдээлснээр, уг этгээд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоогүй гэж үзэж байгаа аж. Одоогоор хэргийн газарт түргэн тусламж, аврах алба болон цагдаа нар ажиллаж байна.
Халдлага насанд хүрэгчдэд зориулсан Рисбергска сургуулийн байранд гарсан бөгөөд уг сургууль нь бусад боловсролын байгууллагууд байрладаг хотхонд оршдог. Хэрэг гарах үед сургуулийн ойролцоох байгууламжуудад байсан сурагчдыг тусгаарласан байна.
Сэтгүүлч Жеспер Бенгцсоны мэдээлснээр, 10 хүн шархдаж, дөрөв нь эмнэлэгт хүргэгджээ. Шведэд сургуулийн орчинд гал нээх явдал маш ховор бөгөөд өмнөх халдлагууд ихэвчлэн хутга болон хүйтэн зэвсэг ашигласан хэрэг байсан гэжээ. Тус боловсролын төвд ихэвчлэн боловсролоо дээшлүүлж буй оюутнууд болон швед хэл сурч буй цагаачид суралцдаг байна.
Эх сурвалж: DW