x

Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая

Монголчууд бидний өнөөдрийн зовлонг монголчууд бид л тарьсан. Өөр хэн ч биш. Нялх балчир үрсээ хорт утаагаар угаартуулан, цаг бусаар бяцхан зүрхийг нь зогсоон, бурханы тэвэр лүү арга тасран илгээж буй энэ өдрүүдийн зовлонгоо бид цагаан сар өнгөрөөгөөд л мартана. Цагаан сараас хойш өр зээл тавин барин баярладаг, өнөөх хөгийн баярууд нь үргэлжилсээр зуны найр наадмуудтайгаа золгоно. Юу үнэн, энэ үнэн. Зун, намрын зургаан сар найрлан манарцгаана. Хотоос бүгдээрээ гарч давхицгаана. Хөдөөний хэд дээрээ очно. Хонь ямааг нь боолгож иднэ. Хог новшоор байгаль орчныг нь булаад буцна. Өвс хадлангаа ч авахгүй. Өвөл болохоор төрөөс орилоод нэхчихнэ. Төр нь халамжийн бодлогоор сонгогчдоо барьдаг болохоор нөөцийн өвс тэжээлээс тараана. Дундаас нь төрийн түшмэдүүд хусна. Хажуугаар нь сайн нэр зүүхийн тулд гишүүд нь машин машинаар ачиж өөрөө өгч байгаа юм шиг тараана. Бөөн буянтнууд үнэгэн лоовууз духдуулан хоймор заларна. Гашуун боловч бидний үнэн энэ.

Нийтлэлч Д.Баярхүүтэй би санал нэг байна. Тэрбээр шинэхэн нийтлэлдээ ийнхүү бичжээ.

“Бүх тамын 90 хувь нийслэлд бугшсан. Нийслэлдээ ирж шавчихаад, бүх гай зовлонг өөрсдөө өөрсдөдөө зориулан бий болгочихоод, тэр зовлонтойгоо тэмцэн ядаж байгаа МОНГОЛ ХҮН л энэ их тамыг бүтээсэн. Тэгэхээр өөрсдөө л шийдэх ёстой. Ер нь нийслэлийнхээ хүн амыг тал хувиар, эсвэл гуравны хоёроор хорогдуулж багасгахгүй бол энэ нийслэл ойрын арав, хорь, гучин жилдээ өөдлөхгүй нь харагдаж байна. Иймд нийслэлд бүгсэн иргэдийн ихэнхийг төрөлх аймаг сум руугаа нүү, эсвэл бүсийн хөгжлийн төвүүдийг бараад гэж албадаж явуулъя. Гомдох уу гомдоно, гомдолтой юу гомдолтой. Гэхдээ өөр арга алга. Бүх арга мухардсан” хэмээн тэрбээр бичжээ. Одоо мэдээж манай хараалчид “муу новш ганцаараа хотод тарвалзах юм гэнэ, хуцваа” гээд л зүхэцгээж байгаа биз.

Түүний энэ үгс арга мухардсан хүний хашгираан. Мэдээж Үндсэн хуулийн үндсэн заалтуудын нэг болох “ Монгол хүн монгол нутгийнхаа хаана ч амьдрах эрхтэй” гэсэн алтан агуулгыг гишгэх боломжгүй. Энэ ойлгомжтой. Үүнийг бид бүгдээрээ мэдэж байгаа.

Одоогоос хорин таван жилийн өмнө манай “Өдрийн сонин” дотоодын цагаачдаа бид яах вэ. Хотын хаалгаа хаалтай нь биш. Гэхдээ хотын даацаа яаралтай харахгүй бол болохоо байлаа шүү гэж… Замбараагүй газар олголт, төлөвлөлт муутай барилгажилт, үүнийг нь даган цэцэглэж байгаа далд эдийн засаг, авлига хээл хахууль гээд бүх буруу эхлэлийн талаар тасралтгүй сануулж байсан. Цагаан дээр хар бэхээр бичээстэй түүх үлдсэн. Өнөөдрийн цэцэн сошиалчид өмнөх үеийн хэвлэл мэдээллийнхэн юу хийж байсан юм бэ гэлцэн хөөс сахруулж, гучны турш сануулсан, тэмцэж ирсэн түүхийг нулимах нь утгагүй зүйл юм. Бид төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, утаат хотын зовлонг хөнгөлөх олон санаачилгууд гаргаж ирсэн. “Өдрийн сонин”-ы уншигчид манай “Ногоон бүс” уриалгыг санаж л байгаа.

Гучин жилийн турш буруу өрөгдсөн энэ системийг одоо засаглаж байгаа “алтан жаал”-ууд л илрүүлж байгаа ч юм биш. Гэхдээ зориглон хага ярж, идээ бээрээ шахах гэж ноцолдож, үүнийгээ дотроо ч, гадаа жагсаж байгаа иргэддээ ч ойлгуулж чадахгүй, дундуур нь алдаж асган зогсож байгаа нь бол тэдний туулж байгаа ҮНЭН.

Нийтлэлч Д.Баярхүү “Нийслэлийн хэт төвлөрлийг задлах анхны алхмууд хийгдэж байгаад төр ташуур өгч нэгдсэн бодлогоор дэмжье. Дархан-Сэлэнгэ бэлээхэн дэргэд чинь, төмөр замын дагуу хөгжлийн шинэ төв хаалгаа нээж байна. Сэлэнгэ аймгийг тэр чигт нь фермерийн аймаг болгоод газар тариалан–мал аж ахуй хослуулчихна гэхэд лав нэг сая хүнээ шингээх орон зай байна. Бэлэн дэргэд чинь байна. Тэр их халамжийн мөнгө, халамжийн бодлогоо аймгуудад шилжүүлээд төвлөрүүлчих. Нийслэлд шингээдэг халамжийн бодлогоо өөр болгоё. Хийсэн бүтээсэн, эх орноо хөгжүүлсэн, монгол хүнээ хөгжүүлсэн, оюун тархиа дайчилсан, нийгмийг урагш ахиулахад хувь нэмрээ оруулсан, ядаж зөв амьдарсан (сахилга бат) хэмээн өндөр босго, шалгуур тавьчихъя. Босго давж чадахгүй нь гомдог, хохь нь. Нутгаа бараадтал нь гомдоочих!” гэж уриалжээ.

Үнэндээ Улаанбаатар ажилгүй, элдэв төрлийн халамж аваад, ундааны саваа түлээд хэвтэж байдаг эмзэг бүлгийнхнээр дүүрлээ. Хэрүүл тэмцэлд булагдсан, хутган үймүүлэлт, хэл амаа гозолзуулсан хулхи эх орончиддоо нүдүүлсэн, гунигийн заваан хот болж дуусах нь.

Өөрсдөө сайн дураараа сонгосон төлөөллийн засаглалаа бүрэлдэж дуусангуут, УИХ-ын гишүүдээ тангараг өргөхтэй нь зэрэгцээд л пүү паа , юу вэ…гээд орилж эхэлдэг тулхгүй нийгэмтэй. Тийм ээ, бид өөрсдөө өөрсдийгөө эвдсэн. Өөрсдөө л үүнээсээ сална.

2.

Алтны үнэ дэлхийн зах зээл дээр унахад л элгээрээ хэвтдэг эдийн засагтай хэчнээн ч жил бэдрэв дээ, бид. За, тэгээд нүүрсний үе эхэллээ. Шинэ баян цээж өвчтэйн үлгэрээр толгой дээр заларсан түшмэдүүд маань баахан зоолж мөн хэдэн ч оныг үдэв. Одооны засаг бол харин ч азтай шүү. Алт, нүүрс хоёрын үнэ өссөн. Харьцангуй тогтвортой байгаа нь бурханы аврал гэлтэй. Гэтэл яав, өлөн түшмэдүүд нь баруун солгойгүй идэж уун, баригдаж хоригдож, балаг тасрахгүй хөглөж сууна. Айрагны өргөө барина л гэлээ, бяслагны үйлдвэр байгуулна л гэлээ. Жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэж баахан хөнгөлөлттэй зээл гаргалаа. Улстөрчид нь өөрсдөө өнөөхөө туулаа.

Энэ оны төсөв яаж орж ирснийг арайхан мартчихаагүй байлгүй.

Боловсролын арга хэмжээний зардалд 3 их наяд 824 сая төгрөг, Соёлын арга хэмжээний зардалд 196 тэрбум 944 сая төгрөг гээд л ёстой нэг алтан дээр сандайлсан гуйлгачин араншингаараа л туучихаар төсөвт тусган оруулж ирэв. Ард түмэн тэсэрлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхлээр нь хориг тавьж, парламентын дөрвөн залуу гишүүн нам хамаарахгүй нэгдэн эсэргүүцэж байж, иргэдийн түрлэг өрнөж байж зогсоов. Ерөнхийлөгч ямар үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьсан бэ гэдгийг манайхан нарийвчлан хараагүй л дээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч парламентыг бүрдүүлж буй улс төрийн намуудад сонгуульд орохдоо улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 25 хувь хүртэл болгож бууруулна, Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 40 хувиас доош тогтмол хадгална…” гэж уран донгодон гарч ирсэн амлалтыг нь хатуу сануулсан.

Яагаад гэвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төсөл дэх нийт зарлагын хэмжээ 35.8 их наяд төгрөгт , 5.3 их наяд, Засгийн газрын өр зээл 40.5 их наяд төгрөгт хүрч, төсвийн урсгал зардал 3.6 их наяд төгрөгөөр нэмэгдэж, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг болсон учраас бүхэлд нь хориг тавьсан юм.

Улс төрийн манлайлал үзүүлсэн Ерөнхийлөгч тэргүүтэй дээр дурдсан парламентын залуу гишүүдийн хийсэн акцид би хувьдаа талархаж байгаа.

2025 оны төсвийн төслийн зарим урсгал зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад зөвхөн албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин өсгөж оруулж ирсэн байлаа. Тавилга, эд хогшил, урсгал зардалд 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2 дахин өсгөчихсөн. (2022 он буюу гурван жилийн өмнөх төсвийн гүйцэтгэлтэй харьцуулж байгааг дахин сануулъя)

За, тэгээд нөгөө хэл ам татлуулсан хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийн шинээр тараах, их засварын зардал 142.9 тэрбум төгрөгөөс 290.7 тэрбумд хүрч 2 дахин өсгөсөн гэх мэтээр төсөвлөсөн байлаа. Бид хүүхэд залуустаа, ирээдүйдээ хайргүйдээ эсэргүүцсэн юм биш. Яг өнөөгийн зовлон дунд хийх ажлаа зөв эрэмбэлье ээ л гэсэн. Татвар төлөгчдийнхөө өмнө хариуцлагатай байя л гэсэн. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээг хууль зөрчин орж ирээд, төсөвт тусгагдчихсан явж байсныг сануулмаар байна.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэхийг бид дэмжиж байна. Гэвч томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх нэрийн дор нийт зардлын 72.6 хувийг бүрдүүлж урсгал зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлж байгааг эрс эсэргүүцсэн хэрэг.

Одоо том төслүүдээ явуулъя. Мөнгө барьж үзээгүй өлөн сэтгэхүйгээ орхиё.

3.

Төсөвт тусгагдсан өдий төдий элий балай илүү зардлуудыг энд тоочвол уншигчдын маань гайхаш барагдах байлаа. Одоо хэрүүл уруулаа больцгооё. Амьсгалах агааргүй болон тэлчилж байгаа нийслэлээ, улсынхаа тал хүн амыг аврах ажил руу тэнэг, тэнэг юманд төсөвлөж оруулж ирсэн тэр их мөнгөө оруулъя. Нийслэлийн там бол нийтийн маань там юм. Энэ тамаас улс нийтээрээ, 21 аймаг, Дархан, Эрдэнэт, Ханбогдтойгоо нийлж салах сүүлчийн мөч ирчихээд байна! Магадгүй энэ 2025 он шийдвэрлэх он шүү.

“Ногоон бүс” гэж дэлхий дахинд яндангүй бүсийг томьёолдог болсон байна. Манай сонин яндангүй бүстэй болъё гэж олон жил бичиж байгаа. Нэг газрыг тэг цэг гэж үзээд тэр цэгээ яндангүй суурин буюу “ногоон бүс” болгох тухай санаачилга юм.

Утаа бол арилшгүй там биш. Утаанд ингэтэл нэрмүүлж байгаа нь төр засгийн буруу. Утаанд манарсан зовлон дээр татвар төлөгчдийн мөнгийг элдэв буруу гараар урсгах нь шууд утгаараа эх орноо тонон дээрэмдсэн явдал юм. Хот эхлээд ногоон бүсээр гандангийн дэнж, зурагтын дэнж, гуравдугаар хорооллын арын хэсгийг зарлаж байгаа. Энэ бол тусдаа сэдэв.

Өөр нэг арга байна. Тэр бол шинэ хот байгуулах. Үнэндээ бид олон жил шинэ хот мөрөөслөө. Цаасан дээр хэд хэдэн мөрөөдлийн хот байгууллаа. Майдар хот гэх мэт мөрөөдлийн хотуудын талаар өчнөөн жил л ярилаа. Одоо хөдлөх цаг болсон. Өөр хугацаа байхгүй.

Ханбогдод хот байгуулах талаар ер нь яагаад зориглож болдоггүй юм. Яг тохирсон бүс бус уу. Тэнд маш сайхан амралт зугаалгын хот байгуулъя. Хүүхэд хөгшдөө өвөлжүүлдэг, юм юмтай гэгээн хот босгоё. Нэгэнт халуун орноос арал худалдаад авч чадахгүйгээс хойш өөрсдийн юм өргүй биш үү. Энэ аймшигт хорт утаанаас, энэ ханиад томуу дүүрэн тэсгим хүйтнээс тэгж л хүмүүсээ авч гарч байя. Цаашаа Хятадын хотууд руу зугаалчихна. Усыг нь шийдээд өгвөл өвөл машин хучих хэрэггүй л газар шүү дээ. Ийм сайхан Ханбогд гэж газар бэлээхэн байна. Үнэхээр тэндээ бүр бодлогоор бүх юмыг нь хийсэн сайхан хоттой болчихдог бол сайхан аа. Нүсэр том хотын тухай яриа огт биш юм шүү. Өвөл амрах, хүүхэд хөгшдөө дулаан өвөлжүүлдэг, зугаа цэнгэлийн хот. Бүх талаар тэдэнд зориулагдсан тийм хот.

Та юу гэж бодож байна.

Ерөөсөө зүгээр суумааргүй байна. Зүгээр суусан, зүхлээр бие биенээ булсан, болж бүтэж байгаа юм байсан ч байгаагүй болгодог, олсон орлогоо дэмий цацдаг, дээгүүрээ хусдаг, ямар ч мөрөөдөлгүй, харанхуйн туйл болсон хар хотод хараалаар гулгин амьдарсаар бид дуусах нь ээ…

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 10 цаг 17 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 10 цаг 52 мин Мүраками Харүкийг унших албатай юу 11 цаг 12 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол 11 цаг 57 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно 14 цаг 2 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 14 цаг 11 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ 14 цаг 23 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив 14 цаг 26 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд 14 цаг 31 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 14 цаг 35 мин Инфляци 9 хувьд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Уржигдар 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Уржигдар 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Уржигдар 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Уржигдар 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса...
Top