Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал арваннэгдүгээр сарын 7-ны өдөр буюу ирэх пүрэв гаригт болно. Н.Өнөрцэцэг шүүх хурлыг олон нийтэд ил тод, нээлттэй явуулахыг хүсч буйгаа ил захидлаараа дамжуулан олон нийтэд хүргэсэн. Мөн холбогдох байгууллагуудад ч албан хүсэлтээ өгсөн байна.
Гэвч өнөөдрийг хүртэл шүүх хурлыг нээлттэй явуулах эсэх асуудал тодорхойгүй байгаа тул өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өмгөөлөгчөөрөө дамжуулсан үгэндээ,
-“Маш нууц гэх тамганы ард хэлмэгдүүлэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Надад иргэд олон нийт та бүхнээс нууж үйлдсэн гэмт хэрэг байхгүй тул Н.Өнөрцэцэг миний бие ямар хэрэг хийснээ олон нийтэд ил мэдээлмээр байна. Хаалттай хаалганы цаана хоёр өдөр шүүлгэж, ял тулгаж болдгийг яс махаараа мэдэрч байна. Дахиад хаалттай хаалганы цаана шүүлгэхээс айж байна. Тиймээс хаалттай шүүхийг эсэргүүцэж өнөөдөр хорихын умгар өрөөндөө өлсгөлөн зарлаж байна” гэсэн байна.