Монгол Улсын Үндсэн хууль, монгол хүний үндсэн эрхтэй шууд холбоотой мэдээллийг нийтэлж, олон нийтэд хүргэсний төлөө Үндсэн хуулийн Цэц нь сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллагатай ёс зүй ярьж, улмаар Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдахыг оролдсоныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж, эсэргүүцэж байна.
Өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн салбар ямар байдалтай байна вэ. Хамгийн наад захын жишээ гэхэд “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллага жил бүр дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргахдаа тухайн орны улс төр, хууль, эрх зүйн орчин, эдийн засаг, нийгэм соёлын нөхцөл байдал, аюулгүй байдал гэсэн таван шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг. Тус байгууллагын 2024 онд дэлхийн 180 улсыг хамруулсан судалгаанаас Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 109 дүгээр байрт жагсчээ. Өнгөрсөн онд 88-д жагсаж байсан манай улс 21 байраар ухарч 109-д эрэмбэлэгдсэн нь ардчилсан улсын хувьд маш муу дүн юм.
Монгол Улсад 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, 4500 гаруй хүн ажиллаж байна.
С.Амартүвшин: Өнөрөөгийн асуудлаас улбаатай төрийн хатуу бодлого, шийдвэрээр хэвлэл мэдээллийг зохицуулах зорилт хэрэгжээд явчихлаа
МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор С.Амартүвшинтэй ярилцлаа.
-Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлаанд хэрхэн нөлөөлөв?
-Ний нуугүй хэлэхэд, Монголын хэвлэл мэдээллийн дархлаа алдагдсан шүү дээ. Үүнд Өнөрөө гэж ганц сэтгүүлчдээ ч биш. Манай цөөнгүй сэтгүүлч, хэвлэлийнхний алдаа дутагдал, мэргэжлийн бус хандлагатай холбоотой.
Ер нь, Өнөрөөгийн кейс харамсалтай. Түүний алдаандаа ч биш дээрх асуудлаас улбаатай төрийн хатуу бодлого, шийдвэрээр хэвлэл мэдээллийг зохицуулах зорилт хэрэгжээд явчихлаа. Нөгөө талаараа Өнөрөөгийн сэтгүүлчийнхээ хувьд нийтийн эрх ашгийг тэргүүнд тавих, олон түмний дуу хоолой болох гэсэн үйл, хандлагаасаа болж өртөж байгаа. Чөлөөт хэвлэлийн нэгэн чухал үзүүлэлт шударга шүүмжлэл. Үүнийг төрөөрөө хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Шүүмжлэлгүй нийгэм, хэлэлцүүлэггүй ардчилал гэж юу байх билээ. Зөвшилцөл чухал байтал, нийгэм дэх гажуудал завхарлыг засан залруулах шийдмэг бодлого барих гээд Төр засаг ч “дэврүүнээр” хатуурхаад эхэлсэн. Энэ байдал битгий даамжраасай. Нөгөө утгаараа хэвлэл мэдээллийн дархлаа юун дээр тогтдог гээч. Үндсэн хуулиар баталгаажсан хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, Хэвлэл мэдээллийн хуулиар баталгаажсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөн дээр тогтдог. Үүнийг хөндөж, цензурдээд эхлэх л юм бол хэвлэл мэдээллийн дархлаа алдагддаг.
-Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар далайлган үг дуу, үзэл бодлыг нь хорьдог боллоо. Энэ үйл явц улам хүрээгээ тэлж даамжрах шинжтэй. Энэ тал дээр Таны үгийг сонсмоор байна?
-Иргэд, олон түмний мэдэх эрхэд үйлчилж, мэдээлэлтэй байх хэрэгцээ шаардлагаар мэдээллийн эрх чөлөөг хангаж ажилласныхаа төлөө эрүүгийн хуулиар буруутгагдахын эсрэг зарчим олон улсын эрх зүйн практикт үйлчилдэг.
Энэ бол шууд утгаараа төрийн цагдан хяналт буюу цензурын хэлбэр. Гэтэл манайд сэтгүүлчдийг ялладаг жишиг бараг тогтох маягтай болчихоод байна. Энэ бол Үндсэн хуулиар болон ХМЭЧТ хуулиар баталгаажсан иргэн хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилохыг зорьж буй явуургүй санаа, үзэл хандлагын тод илрэл. Нөгөө талдаа мэдээж цахим орчны худал хуурмаг, үнэн зөв мэдээллийн учир зүйн олдохоо байсан мэдээлэл харилцааны хэт урсгалын давлагааны уршиг. Нийгмийн сүлжээний сайн хийгээд саар харилцаа болон сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны зааг хязгаар дахь ээдрээтэй байдлын үр дүн. Ардчиллын үнэт зүйл болсон хувь хүн, иргэнийхээ нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалал нь эрхэм зарчим.Гэхдээ ардчиллын бас нэг үнэт зүйл болох хэвлэл мэдээллийн эрх чөлөөг шийтгэлийн хамгийн хатуу санкцитай эрүүгийн хуулиар зохицуулах нь буруу. Буруугаар тогтохгүй одоо цөөнгүй сэтгүүлч хатуу үр дагаврыг нь хүлээхдээ тулаад байна. Гэхдээ хууль шүүхийнхэн маань хуулийн хатуу заалт барьж шийдэхээсээ өмнө нийгмийн сайн сайхны төлөө хууль үйлчилдэг зарчмаа бариасай гэж хүсэх байна. Ингэх байх гэж ч найдаж байна.
-Мэдээж, бусдын нэр хүндийг хамгаалах хэрэгтэй. Гэхдээ заавал эрүүгийн хуулиар далайлгах бус иргэний хуулиар шийдвэрлэж болох асуудлыг хүндрүүлэх шаардлагагүй мэт санагддаг. Ялангуяа эрх мэдэлтэн, албан тушаалтан, төрийн байгууллагын нэр хүндийг хамгаалахын тулд сэтгүүлчдийг ялладаг, айлган сүрдүүлдэг цаг үе иржээ. Үүнтэй Та санал нийлэх үү?
-Нэгд, үзэл бодлын, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг иргэний хуулиар зохицуулах нь чухал гэж олон улсад үздэг. Бас өөрийн зохицуулалтын механизмыг төгөлдөржүүлж шийдвэрлэх чиг хандлага давамгайлдаг. Хоёрт, “өндөр мод салхин дилүү хүчтэй найгаж, савладаг” гэсэн үг хэллэг бий. Төрийн өндөр албан тушаалтан болон олны танил болж хувь хүний байр сууриа олон түмэнд даатгасан, тэднийг төлөөлсөн этгээдүүдэд “гомдоллоод байх эрх” ч байхгүй. Харамсалтай нь юм л бол шүүх, ёс зүйн зөвлөлд гомдол гаргагчдын дийлэнх олонх нь “тэд” байдаг. Шүүхэд гомдол гаргах моод нь цензурын нэг хэлбэр. Цаашлаад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхнийг “реккет”үүдээр дарамтлах ч тохиолдол байдаг. Дээр нь эрүүгийн хуулиар хувь хүнд учирсан хохирлыг хэлэлцэн шийдвэрлэдэг болохоос “хийсвэр нэр хүнд”ийн хохирлыг шийдвэрлэдэггүй гэсэн зарчим байдаг гэж сонссон. Сэтгүүлчид үүнийг мэдэж байхад илүүдэхгүй.
-Эрүүгийн хуулийн 13.14-т “Илт худал мэдээлэл цацах замаар бусдын алдар хүндэд халдсан бол эрүүгийн хэрэгт тооцно” гэсэн заалтаар сэтгүүлчдийг айлгаж, тэдний үзэл бодлыг хайрцаглаж байна. Үүнийг яаж засах вэ?
-Анх Эрүүгийн энэ хуулийн заалтыг манай салбарынхантай хууль зүйн сайд, дэд сайд тэргүүтэй хүмүүс хэлэлцэн уулзалтууд хийж байхад нэг уулзалт дээр тухайн үеийн сайд Х.Нямбаатарт би хэлж байсан. Энэ заалт хожим олон сэтгүүлчийг, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлдэг иргэдийг эрүүгийн гэмт хэрэгтэн, ялтан болгон чирэх эрсдэлтэй шүү гэж. Гэтэл сэтгүүлчдэд бараг хамаарахгүй. Учир нь “Худал мэдээлэл түгээх” гэсэн зүйлчлэлд сэтгүүлч үнэхээр үнэн бодит баталгаатай мэдээллийг түгээдэг мэргэжлийн үйл ажиллагаа бол гэм буруутайд холбогдохгүй гэж тайлбар хийсэн. Гэвч онолын мод бор саарал байдаг бол амьдралын мод нов ногоон байдаг гэгчээр хуулийг практикт яаж хэрэглэж эхлэх вэ, тэр жишгээр цаашид шийдвэрлэдэг жишиг тогтно гэдгийг сануулж байлаа. Харамсалтай нь ёр юм шиг тийм л жим татчихлаа. Энэ нь тус заалтын“Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол…” гэсэн дэх “олон нийтэд тараасан” гэх томьёололд хамаг учир бий. Яаж ч хэрэглэж болох энэ хэллэгийг “ухаалаг” шигтгэчихсэн дээ.
–Хэвлэлийн эрх чөлөөний хууль хэр амьдралд нийцсэн хууль вэ?
-Энэ хуулийн хамгийн чухал зүйл нь хуулийн үзэл баримтлал нь юм. Үндсэн хуулиар баталгаажсан хувь хүний эрхүүдийн амин чухал нэг эрх болох үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой хэвлэл мэдээллийн салбарын хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулсан чухал хууль. Ардчилсан нийгэмд энэ эрхийг Үндсэн хууль болон энэ хуулиар баталгаажуулсан эсэхээр чөлөөт хэвлэлтэй байгааг тодорхойлдог зарчимтай. Мэдээж цагийн явцад сэтгүүл зүйн практикт хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөг бүрэн хангаж ажиллахад шаардлагатай зарим асуудлыг зохицуулж чадахгүй байгаа, тунхагийн шинжтэй боловч хууль, шүүхийн практикт сэтгүүлчээ хамгаалдаг гол эрх зүйн эх сурвалж шүү дээ. Өнөөдөр энэ хуулийг шинэчлэх, шинэчлэн найруулах тухай асуудал хөндөгдөж, УИХ-ын чуулганаар хэлэлцэн, батлах түвшинд асуудал шуурхай яригдаж байна. Ажлын хэсэг ч гарчихсан, МСНЭийн болон ХҮЭК, мэргэжлийн болон салбарын байгууллага, холбоодын хэлэлцүүлэг өрнөж байна. Харин үүнд хувь судлаачийн хувьд дараахь байр суурьтай байгаа.
Шинэчлэх бол сэтгүүлч эх сурвалжаа нууцлах, хамгаалах болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийг ил тод болгох гэсэн хоёр асуудлыг зохицуулсан зүйл заалт л нэмж оруулахад хангалттай. Харин олон зохицуулалт оруулж, олон зүйлийг хуульчлах л юм бол хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах бус харин ч хязгаарлах нөхцөл бүрдэж үзэл баримтлалтайгаа зөрчилдөх үндсийг тавих болно. Ер нь хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны онцлог нь тус салбарын онцлогоосоо шалтгаалан хуулиар үл зохицуулах зарчим чухал гэж үзэж байна. Чөлөөт хэвлэлийн үзэл номлолд ч тэр, чөлөөт хэвлэл хөгжсөн олон улсын практикт ч ингэж үздэг. Зүй нь, эрх зүйн позитивист бус философиор нийгмийн харилцааг өөрийн зохицуулалтын механизм, хууль, нийгмийн хэм хэмжээ гэсэн гурван зүйлээр зохицуулна гэж үздэг. Хэрэв Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчилж байна гээд үзэл баримтлалыг нь дордуулж, хэтийдсэн зохицуулалтууд оруулснаас хэвээр нь байлгасан нь дээр. Харамсалтай нь, манай салбар дотор ч, манайхтай “хавьсахыг хүсдэг”зарим байгууллага энэ хуулийн шинэчлэлд өөр өөрийн ашиг сонирхолоо шигтгэчихгээд байгаа хандлага бас байна. Үүнийг тус хуулийг шинэчлэн найруулахаар санаачилсан хэд хэдэн хуулийн төслүүдээс харж болно. Хоёрт ХМЭЧТ хуулийг санаачлах, шинэчлэх субьект төр засгийн байгууллага, институци байхыг би хувьдаа эсэргүүцдэг. Учир нь, санаачлагч нь төрийн субьект байх л юм бол тэр тал өөрийн ашиг сонирхлоо хуульд ил, далдаар эвтэйхэн, “хулгайн” үг, хэллэг, томьёоллоор зайлшгүй тусгадаг. Үүний нэг нотолгоо нь Эрүүгийн хуулийн 13.14 шүү дээ. Тиймээс төрийн бус субьектээс төсөл боловсруулж, хэлэлцүүлж аваасай гэж уламжилмаар байна. МСНЭ-ийн УЗийн гишүүний хувьд эвлэлийн байр суурийг ч энэ дашрамд даймаар байна. Саяхан манай эвлэл санаачлан салбарын эвсэл, холбоодын төлөөлөл болон хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний чиглэлээр судалгаа хийж ажилладаг хуульчдын төлөөллүүдтэй уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнд тэдгээр хуульчдадаа хуулийн төсөл боловсруулж өгөөч, бид хуульд тусгах асуудлаа санал болгоё, тэгээд хэлэлцье, дараа нь УИХ дахь ажлын хэсэгт санал болгоё гэдэг шийдэлд хүрсэн.
Б.Баярмаа: Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зай хумигдаж байгаагбид нухацтай эргэж харах хэрэгтэй
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Б.Баярмаатай ярилцлаа.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн кейс хэвлэл мэдээллийн дархлаанд нөлөөлж байна уу?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэг бол Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ямар түвшинд байгааг харуулж байна гэж судлаачийн зүгээс үзэж байна. Хэдийгээр хувь хүний хувьд ар гэр, амьдрал ахуй, ажлын хувьд хэцүү нөхцөл байдал боловч тойм зургаар нь харвал өнөөдөр Монголд ямар ч сэтгүүлч Н.Өнөрцэцэг шиг нөхцөл байдалд орох эрсдэл бий. Эрсдэл гэж байгаагийн шалтгаан нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мэргэжлийнх нь хувьд би дүгнэж хэлэхгүй. Гэхдээ маш олон эрэн сурвалжлах бүтээл хийдэг, идэвхтэй ажилладаг сэтгүүлч. Н.Өнөрцэцэгт яагаад гэнэт нэг зэрэг олон хэргээр хэрэг үүсгэчихэв ээ гэдэг бол хамгийн том асуудал. Хууль тогтоомж хүн бүрд адил тэгш үйлчлэх ёстой. Хууль зөрчсөн бол хуулийн хариуцлага хүлээх нь зүйтэй. Гэхдээ өмнө нь яагаад тэр хэргийг нь шалгаагүй байсан юм. Гэнэт л болохоо байчихсан юм шиг бүх хэргүүдийг нь эргэн сэргээгээд олон хэргийг нэг дор шалгаж байгаад нь ямар нэг асуудал байна гэж харж байна. Хэргийн процесс явагдаж байгаа учраас би дүгнэж хэлэх боломжгүй. Энэ хэрэг цаашдаа илүү тодорхой болох байх.
-Н.Өнөрцэцэгт үүсгэсэн хэргийн асуудал Монголын хүрээнээс хальж олон улсын хэмжээнд хүрсэн. Энэ талаар?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан явдал дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргадаг “RSF буюу Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын вебсайтад бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс анх удаа энэ сайт дээр сэтгүүлч ажлаа хийснийхээ төлөө баривчлагдсан гэсэн статустай болж хувирсан юм. Гэхдээ Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт өмнөх оныхоос 22 байр ухраад 109-д бичигдсэн нь Н.Өнөрцэцэг баривчлагдсантай холбоотой гэж дүгнэж болохгүй. Сүүлийн арван жил хэвлэлийн эрх чөлөө муудсаар, муудсаар энэ нөхцөл байдалд хүрсэн. Үүний үр нөлөө нь Н.Өнөрцэцэг сэтгүүлчид холбогдох олон хэргийг нэг дор шалгаж байгаа явдал. Ингэснээр эрсдэлтэй нөхцөл бий болчихжээ гэдгийг бидэнд сануулж байна. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчноо эргээд хараач ээ. Иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зай хумигдаж байгааг бид нухацтай эргэж харах хэрэгтэй. Хэдэн сэтгүүлчид тэмцдэг, эсвэл нэг хэрэг гарахаар тэр хэргийг ярьж хэсэг шуугиад мартчихдаг ийм байдал үргэлжлээд л байвал дараа үеийнхэндээ, хэвлэн нийтлэгчиддээ бид юу гэж хэлэх билээ. Зөвхөн Н.Өнөрцэцэгийн хэргийн талаар ярих биш бүхэлд нь харах ёстой болжээ гэж дүгнэж байна.
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв үү?
-1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бол салбарын цорын ганц гол хууль. Энэ хууль миний хувьд ихээхэн үнэ цэнэтэй хууль. Үеийн үед уг хуулийг өөрчлөх ёстой гэж ярьсны эцэст одоо арав гаруй хуулийн төсөл гарчихсан байгаа. Социалист нийгмийг даваад ардчилсан нийгэм рүү шилжиж байгаа улс оронд ямар хууль байвал зохистой вэ гэдгийг эргэж харах ёстой гэж бодож байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бол үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг дээдэлсэн мөн хэвлэл дэх төрийн оролцоог хязгаарласан үнэ цэнэ бүхий заалттай хууль. Энэ хуулийн гол амин сүнс нь хэвлэлийн эрх чөлөөтэй байх нөхцөл байдлыг бүрдүүлсэн явдал. Гэхдээ зарим нэг ойлголтын зөрүүтэй заалтууд байдаг. Үүнийг засахын тулд хуулиа ойлгож, таньж мэдэх алхмыг бага багаар өөрчлөх ёстой. Тэгэхгүйгээр эрс шинэчилбэл өнөөгийн нөхцөл байдалд тохирохгүй гэж үзэж байна. Манай орны улс төрийн соёл, нөхцөл байдал ямар байгааг бүгд мэднэ. Ийм нөхцөлд хуулийг маань гэнэт өөрчлөөд нөхцөл байдал улам дордох вий гэдэгт санаа зовж байна.
–Монгол улсын Эрүү-гийн хуулийн 13.14 дүгээр заалтаар ихэвчлэн сэтгүүлчдэд арга хэмжээ авдаг. Энэ нь сэтгүүлчдэд айдас төрүүлж байгаа олон асуудлын нэг нь. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Хүнийг гүтгэж, доромжилно гэдэг байж боломгүй үйлдэл. Үүнийхээ төлөө ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээх нь тодорхой. Гэхдээ ямар хариуцлага байх вэ гэдэг бодох асуудал. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтэн болгох юм уу, эсвэл иргэн хоорондын зөрчил гэж авч үзэх үү. Манай улсад нэр төрд халдсан тохиолдолд эрүүгийн болон иргэний хэргээр хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. Иргэний эрх зүйн хүрээнд мөнгөн төлбөр төлөөд залруулга гаргадаг. Харин эрүүгийн эрх зүйн хүрээнд шийдэгдвэл гэмт хэрэгтэн болдог. Эрүүгийн хуульд гүтгэх доромжлох заалтыг оруулснаас хойш сэтгүүлчид айдастай болоод байна гэдэг нь үнэний ортой. Яагаад гэвэл энэ заалтад доромжлох, гүтгэх, нэр хүндэд халдах, худал мэдээлэл тараах гэсэн өөр өөр онцлогтой үйлдлүүдийг нэг дор оруулаад шийдэж байгаа юм. Мөн сэтгүүлч ямар зорилгоор тухайн мэдээллийг бичсэн тухай ерөөсөө авч үздэггүй. Жижигхэн баримтын алдаа гарсан байвал худал мэдээлэл биччихлээ гэж үздэг. Олон нийтийн эрх ашгийн төлөө байгаа зорилгыг харгалзаж үздэггүй нь олон улсын жишгээс өөр байгаа юм.
-Олон улсын жишгээр нйигмийн сайн сайхны эсрэг зүйлийг гэмт хэрэг гэж үздэг. Гэтэл манай эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн хүрээнд гомдол санал гаргаж байгаа хүмүүсийн дийлэнх нь улс төрийн албан тушаалтан, эрх мэдэлтэн байх нь элбэг. Энэ нь нийгэмд сүүдэртэй тал болж тусаж байна?
-Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт бол хорих хариуцлага байхгүй. Харин мөнгөн дүнгээр торгодог, зорчих эрхийг хязгаарладаг. Энэ заалт цаашид ажлаа хийхэд нь айдас бий болгодог учраас сэтгүүлчдэд харшилж байна. Цагдаа, шүүхийн байгууллагаар явбал тухайн хүний ажил амьдрал нь хэвийн үргэлжлэхээ болино шүү дээ. Тиймээс дахиад ийм асуудалтай тулгарахыг хэн ч хүсэхгүй. Улсын хэмжээнд 2023 болон 2024 оны эхний гурван сарын байдлаар иргэн, байгууллагаас гаргасан хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн 15, гэмт хэргийн талаарх 185 гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагаас хүлээж авсан байна. Нийт гомдлын 135 буюу 66.8 хувийг нь албан тушаалтан гаргасан байна. Уг нь албан тушаалтанд хоёр сонголт байдаг. Нэгдүгээрт, Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандан энэ сэтгүүлч миний нэр төрд халдсан байна гэсэн гомдол гаргана. Ингээд тухайн гомдлыг Ёс зүйн хороогоороо авч үзээд шийдвэр гаргана. Хэрэв нэр төрд нь халдсан байна гэж үзвэл залруулга гаргах арга хэмжээ авна. Залруулга гаргахгүй гэвэл мөнгөн төгрөгөөр асуудлыг шийдэж болно. Гэтэл яагаад албан тушаалтнууд эрүүгийн хэрэг үүсгэж гомдол гаргаад байна гэдэг өөрөө асуудал.
Үүнийг олон улсад сэтгүүлчийг айлган сүрдүүлж, залхаан цээрлүүлэх нэг хэлбэр гэж үздэг. 2020-2024 оны наймдугаар сарын байдлаар дээрх заалттай холбоотойгоор 828 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Үүнээс 548 хэргийг шийдвэрлэсэн ч нийт хэргийн 74.5 хувийг хэрэгсэхгүй болгосныг Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээлэлд дурдсан байдаг. Хэрэгсэхгүй болгож байна гэдэг сэтгүүлч алдаа гаргаагүй ажлаа хийсэн гэсэн үг. Сэтгүүлчийг алдаа гаргасан гэж үзвэл Эрүүгийн хуулиар шийддэг юм байна гэсэн нийтлэг ойлголт иргэдийн дунд байна. Гэтэл манайд олон улсад байдаг шиг зохицуулалтууд байгаа шүү дээ.
Өдрийн сонин