БНХАУ энэ оныг дуустал бүх боомтоор ямар ч төрлийн нүүрс импортлохгүй байхаар шийджээ. Учир нь тус улс 2017 онд импортолсон нүүрсний хэмжээнээс давуулахгүй байх төлөвлөгөөтэй гэнэ. Энэ онд нийт 200 сая тонн импортлох төлөвлөгөө баталснаас 214 сая тонныг татан авчээ.
Энэ төлөвлөгөө биелсэн учраас нүүрсний импортыг зогсоосон гэж тус улсын эрх баригчид тайлбарлажээ. Иймд нүүрс хэзээнээс худалдаж авах, эсэх нь тодорхойгүй байдал ирэх оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилж болзошгүй боллоо гэж эдийн засагч Л.Наранбаатар үзэж байна. Тэрээр БНХАУ-ын Фэнвэй (sxcoal.com) судалгааны байгууллагын дэд захирал Сара Лиуг иш татан, дээрх мэдээллийг өгөв.
Нэгэнт Гашуунсухайт гэх мэт боомтуудад нүүрс татан авалт зогссон тул нүүрсний уурхайнууд тээвэр болон олборлолтоо танах шаардлага гарч байна. Манай улс тус улсад эрчим хүчний, антрацит болон коксжих төрлийн нүүрс нийлүүлдэг юм.
Өчигдөр Гашуунсухайт боомтоор 32, өнөөдөр ердөө 16 нүүрс ачсан машин хил нэвтэрсэн байна. Ирэх онд иргэдэд ногдол ашиг тараана хэмээн мэдэгдэж байсан "Эрдэнэс таван толгой" ХК-ийн санхүүгийн үзүүлэлтэд болон олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжих төлөвлөгөөнд энэ шийдвэр шууд нөлөөлөх нь дамжиггүй.
Мөн БНХАУ-ын дээрх шийдвэр тус улсад нүүрс худалддаг бүх улсад (ОХУ, Индонез, Австрали) хамаатай юм.
gogo.mn