Гадаад харилцааг эдийн засагжуулж, ГХЯ нь эдийн засгийн гадаад бодлого явуулах хэрэгтэй гэсэн яриа шүүмж, санал санаачилга биднийг лав 35 жил тасралтгүй ээрч байна. Энэ дээр сэтгэлээ чилээнгээ тийм шаардлага тавигчдад хариу барихаар зориглов.
Түүх сөхье. Би өөрөө амьд гэрч нь. 1989 он руу ухран архив уудалъя. Ер нь 1989 он дэлхийн түүхийг эргүүлсэн чухал зааг үе. Манай хоёр их хөрш маань харилцаагаа сайжруулаад, гэв гэнэт 180 градус эргэж эрх ашгаараа наймаацаж эхэлсэн цаг үе. Хятадын социализм, ХКН-ын байлдан дагуулах хүч чадлыг сорьсон айхтар үйл явдал 1989 оны зуны эхэн сард болж өнгөрөөд удаагүй байтал Польшид коммунистууд засгийн эрхнээс зайлав. Унгарт мөн ардчилсан сонгуулиар тэд алга боллоо. Коммунист намууд нь ч тарж төрөл арилжицгаав. Ялангуяа 1989 оны сүүлийн улирал дэлхийн түүхнээ алтан хуудас болж үлдэнэ. Дэлхийн социалист хамтын нөхөрлөлийн бат цайз олон газраараа сэт сэт үсэрлээ. Хэзээ ч перестройка хийхгүй, хийх шаардлагагүй гэж байсан Ардчилсан Германд дэглэм нурлаа. Чехословак, Болгарт коммунистууд ялагдаж, Румынд зэвсэгт бослогоор коммунист удирдагчаа тонилгов. СССР-т Ардын депутатуудын их хурал гэдгээр анхны байнгын парламентаа байгуулж, перестройкийн нэрийн дор сталинизмыг бүр мөсөн булшлав. Энэ бүхэн социалист хамтын нөхөрлөлийн идэвхтэй гишүүн–Монголын улс төрд шууд халдварлан өвчлүүлэв. Дэлхийг доргиосон антикоммунист хувьсгалаас Монгол орон бултан зайлах бололцоогүй боллоо. Энэ бүхэн миний үеийнхэн ба дээд үеийнхэнд ил болсон, яаж ч маргаад буруутгашгүй түүхэн эргэлт мөн л дөө.
Ийм “гай” нүүрлэнэ, Монголд социализмын бүтээн байгуулалт төрөл арилжина, БНМАУ маань дэлхийд нээгдэнэ, нээлттэй ардчилсан улс болно гэдгийг урьдчилан харах билгийн нүд П.Очирбат, Ц.Гомбосүрэн гэдэг хоёр эрхэмд заяасныг би бүр бахархан тэмдэглэдэг. Тэр хоёр л гадаад харилцааг эдийн засагжуулна гэсэн нэр томьёо, ойлголтыг гаргаж ирсэн юм. Улсын хэмжээнд гадаад бодлого, гадаад харилцааны асуудлаар анхдугаар зөвлөгөөн ГЯЯ-нд зохион байгуулахад би оролцож байсны хувьд маш сайн санаж байна. Тэмдэглэл ч байна. Социализмын үеийн ангич, намч, үзэл сурталжсан (марксизм-ленинизм, пролетарийн интернационализм) гадаад бодлого явахаа байлаа, төгсгөл ойртлоо, иймд гадаад бодлого, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогоо шинэчилье, тухайлбал Хятадыг дайсны тооноос хасаж найрсаг харилцаат хамтран ажиллагч улс болгоё, хөрөнгөтөн орнуудтай худалдаа хийе, хөрөнгө оруулалт хайя, Японтой загварт баригдахгүй худалдаа хийж, хөрөнгө оруулалт хайя, АНУ-тай тэгмээр байна, айж цэрвэх зүйл алга гэхчлэн тэр зөвлөгөөнд санал шүүмжлэл өрнөж байв. Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном гуай зөвлөгөөнд үг хэлэхдээ ихээхэн урам зориг өгөхөөр, ирээдүй рүү хандсан уриа дуудлага дэвшүүлж байв.
Би бүр социализмын үеийн түүх хүүрнэж байна. Тэр үед л эдийн засагжих гэдэг ойлголтыг ангич, намч, үзэл сурталжсан уламжлалт гадаад бодлого руу сөргүүлж гаргаж ирсэн юм. Тэгээд Улсын төлөвлөгөөний комиссоос Төрийн сайд, эдийн засгийн ухааны доктор Т.Намжим гуайг эдийн засагжуулах асуудал хариуцуулахаар ГЯЯ-нд урьж авчран тусгай газар байгуулж хүчээ төвлөрүүлэн ажиллуулаад лав 1992 оныг хүргэсэн.
Гадаад харилцааг эдийн засагжуулах тэрхүү бодлого үр дүнгээ өгсөн. Зөвлөлт Холбоот Улс, ЭЗХТЗ тарж, ах дүү социалист орнуудын тусламж гэнэт зогсоход монголчууд модоо барина, цөхөрнө, унана гэсэн хүлээлт байсныг гэтэлгэж капиталист ертөнцтэй маш зоригтойгоор хамтын ажиллагаа эхлүүлж, хандивлагчдын бүхэн бүтэн институц байгуулуулан монголчуудын өлсгөлөн гуйланчлалыг даван туулахад ангийн дайснуудаасаа тусламж авч, бас маоист Хятадтай тэр дор нь харилцаагаа сэргээж чадсанаар Хятадын эдийн засгийн реформын үр дүнгээс хүртэх боломж нээгджээ. Ийнхүү гадаад харилцааг эдийн засагжуулсны үр дүнг амсаад, тэр явдал түүх болж үлджээ.
Харин одоо эдийн засагжина гэдгийг технократын явцуу өнцгөөс, маш примитив байдлаар гаргаж тавин Дипломат алба руу давшлах явдал ажиглагддаг. Ерөөсөө эх орны аль болохгүй бүтэхгүй, доройтсон, унасан салбарт ГХЯ хүчээ өгч байх ёстой гэсэн муйхар шаардлага түгээмэл. ГХЯ-ын ажилтнууд дипломатчидад нийгмээрээ өсөрхсөн аятай ам л ангайвал дайрч давшилна, хардана, хэвлэлээр муулна. Гадаадтай холбогдсон бүтэлгүй бүх ажлаа ГХЯ-аар дэмжүүлэх гэж муйхарлана. Гадаадаас зочин төлөөлөгч (бүр өндөр дээд түвшний) урьж айлчлуулах болдог, эсвэл олон улсын маш чухал хурал чуулганы уригч улс нь манай улс болдог, дэлхийн олон тив, бүс нутаг, улс орны төлөөлөгчид хуран цугладаг, энэ бүхэн нь Монголын ядуурал, ажилгүйдэлд ямар ашигтай юм болоод явчихдаг. УИХ-ын чуулган дээр тэгж тулгаж асуухын наагуур. Төр засгийн тэргүүн, Гадаад харилцааны сайд гадаад улсад айлчилдаг, араас нь өлөн нүдлээд хэчнээн тэрбум (сая) доллар олж ирэх нь вэ, ядуурал, ажилгүйдлийг арилгахад юугаар гийгүүлэх нь вэ болоод явчихдаг. Заавал тийм хэмжүүр тавина гээд нөгөө эдийн засагжилтаа лоозон болгочихдог.
Элчин сайд томилдог, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд эдийн засагжилтаа тулгаад, ам хэлийг нь сугалчих гээд л. Нөгөөдүүл нь бүлтгэнээд. Гадаад улсад олон жил ажиллаж байгаа, шинээр байгуулах гэж буй ЭСЯ, ДТГ-ыг эдийн засагжилтын үр дүнгээр үнэлэх тухай яриа мэр сэр өрнөдөг. Монгол Улсад төдөн сая, тэрбум доллар олж ирэхгүй, оруулахгүй юм бол зарим ЭСЯ-ыг хаая гэсэн яриа өрнөв үү, үгүй юү, чих дэлсээд явчих чинь?
Гадаад томилолт болгоны араас мөнгөн дүн тавьж, хэчнээн доллар олж ирэв, ядуурлыг бууруулахад чи юу бүтээв гээд шаардаад байх нь логик талаас, түүх талаас, практик талаас ямар утга учрыг илтгэнэ вэ? Бас бодох л асуудал шүү.
Ямар ч мөнгөн дүнгээр хэмжиж болдоггүй, тийм шалгуур тавьж болдоггүй нэг салбар бол гадаад бодлого, гадаад харилцаа, хамтын ажиллагааны салбар юм. Би бичиж байсан даа. “Гурван ажил хөөцөлдөж уйгагүй хэлэлцэн байж гурван өдрийн айлчлал хэрэгжүүлдэг юм аа!” гэж.
Монгол Улс даян дэлхийд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж олон арван эх орончдынхоо амийг зольсон. Хүлээн зөвшөөрүүлээд зогсохгүй, олон улсын хамтын ажиллагаанд нэр төртэй оролцох гэж, дэлхийн хамтын нийгэмлэгт (НҮБ) байр сууриа баттай эзлэх гэж олон үеийн улс төрчид, дипломатчид хүчээ өгсөн. Зөвхөн маоист гэж хараагаад харилцаагаа 20 гаруй жил тасалчхаад байхад Монгол-Хятадын өнөөгийн хамтын ажиллагааг ийм өндөр шатанд гаргах гэж бидний дээд үеийнхэн, бидний үеийнхэн цөхрөлтгүй ажилласаар ирсэн. Үр дүнг нь монголчууд бултаараа амсаад одоо Эрээнгүй нэг ч юмгүй болчхоод сагаад бахархаад найрлаад наадамлаад сууцгааж байна.
Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд, хоёр талын харилцаанд хэчнээн өндөр, цэвэр, хир буртаггүй байх тусам төдий чинээ Монголд итгэнэ, нөхөрлөнө, шадарлана. Энэ өнцгөөс айлчлалуудад мөнгөн дүн тохож нэхэл дагал хиймээргүй байна.
Би гарчигт өгүүлчихлээ. Ядууралд эдийн засагжилт нөлөөлөх үү гэж? Гадаад бүх хамтын ажиллагааны чинь эрх зүйн үндсийг тавиад өгчихлөө. Гадаадын ямар ч улстай хамтран ажиллах хаалга нээлттэй байна. Түншүүдийг чинь олоод ирлээ. Гадаад паспорт ба аялал жуулчлалд чинь саад бэрхшээл алга. Олон улсын хамтын ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгжүүд оролцоход чинь, ашиг хүртэхэд чинь хэн саад хийгээд байгаа юм бэ?
Ажил хийхгүй, ажилд тэнцэхгүй, ажилд тэнцэхийн тулд өөрийгөө хөгжүүлэхгүй, тэгээд ядуурчхаад, хэргээр паразит амьдрал сонгочхоод тэнэж яваа түм буман хүнд ГХЯ, Дипломат алба ямар буруутай, ямар өртэй вэ гэдэгт чин үнэн, үнэмлэхүй зөв хариултаа өгцгөө л дөө.
Ковидоос хойш манай гадаад бодлого, гадаад харилцаа маш эрчимтэй, прогрессоор урагшлан байгаатай маргах хүн олонгүй. Дөнгөж саяхан даа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн эмэгтэйчүүдийн форумд хэлсэн үг бий. Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд аливаа улс орны түүх, соёл, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулах ёстой гэж үздэг гэлээ.
Манай улсын гадаад бодлого ийм шинэ шатандаа туллаа. Олон улсын харилцаанд олон ургалч үзлийг хүндэтгэнэ гэлээ, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлуулна гэлээ. Түүнийгээ ч нотолж чадаж байна. Улаанбаатарт тохиосон олон талт цуврал арга хэмжээнүүдийг сүүлийн гурван жилээр аваад үз. Монгол маань олон талт хамтын ажиллагааны форум, институцын бүс нутгийн нэг чухал төв болох, яваандаа олон улсын харилцааны эерүүлэгч, зуучлагч, санаачлагч улс болох зам нээлттэй байгаа бус уу? Юун эдийн засагжилт. Глобал асуудалд жижиг Монгол том алхалт хийх гэж байгаа бус уу?
Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон Швейцарын Холбооны Улсын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, тууштай бодлогыг харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гээд саяхны нэг чухал айлчлалын албан мэдээнд байгаа. Аль 1920-иод онд монголчуудын мөрөөдсөн “Швейцар лугаа” гэдэг үзэл санаа маань тэр улсын адил олон улсын хурал чуулган, олон улсын байгууллага, форумуудын төв болно гэсэнтэй адил утгаар бууж, өнөөдөр хэрэгжиж эхлэх гэж байна.
Бид хоёр хөршөө иж бүрэн стратегийн түнш хэмээн өргөмжилсөн бол өрнө-дорны, хөгжингүй, хөгжиж буй, найрсаг харилцаат улс орнуудыгманай улсын гуравдагч хөрш, итгэлт түншээ хэмээн үздэг болсон. Өрнөд ертөнцийн өндөр хөгжилтэй ихэнх (бараг бүгд) улстай хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй. Тэр маань хоёр талынхарилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа хөгжүүлэх чухал үндэс суурь, хөшүүрэг гэж үзэж байна.
Ийм лут үр дүнд хүрэхийн төлөө л 35 жилийн тэртээ гадаад харилцааг эдийн засагжуулах зорилтыг дэвшүүлсэн юм. Одоо тэр зорилт нэгэнтээ биеллээ олж, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд мөнхөрсөн тул эдийн засагжилт гэдэг нэр томьёо ойлголтыг өөр агуулга, бүр глобал шинжтэй, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд тасралтгүй өсөж бэхжиж байх агуулгаар баяжуулахын төлөө ухаанаа уралдуулъя!
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Д.Баярхүү