Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх 2019 онд 0,1 хувийн пунктээр буурч 3,1 хувьд хүрнэ гэж Олон улсын үнэлгээний агентлаг Fitch төлөв гаргасан байна. “АНУ болон Хятадын худалдааны дайн нь ирэх онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулахад хүргэж байна” гэж агентлагийн тоймд дурдсан байна.
Хятадын эдийн засгийн өсөлт ч мөн ялгаагүй 0,2 пунктээр буурч 6,1 хувь болох тухай энд дурджээ.
Харин дэлхийн Дотоодын нийт бүтээгдхүүн 2017 онд 3,2 хувийн өсөлттэй байсан бол 2018 онд 3,3 хувь болж өсч байна гэдгийг баталсан байна. Өсөлтийн хурд олон жилийн дунджаар 2,6 хувь байсныг бодвол арай өндөр байгааг бас энэ тоймд тэмдэглэжээ.
Худалдааны дайн аль хэдийнээ бодит зүйл болчихлоо гэж Fitch –ийн ерөнхий эдийн засагч Брайан Култон хэлээд “АНУ саяхан Хятадын экспортын зарим бараанд жилдээ нийт 200 тэрбум ам.долларын татвар ногдуулахаа зарлачихлаа. Энэ нь дэлхийн эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө” гэжээ.
Дэлхийн эдийн засгийн өсөлт үл ялиг тэнцвэртэй болсон гэж тэмдэглэсэн байна. “Нийт эрэлт хэрэгцээ өсөх нь АНУ-ын хамгийн бага чадавхи бүхий эдийн засгийн хурдцыг нэмэгдүүлж байгаа юм. Энэ нь мөнгөний бодлого алдагдаж, ханшийн хэлбэлзлийг нэмэгдүүлж байна гэж "Fitch" тэмдэглэсэн байна.
"Дэлхий дахинаа ойртож байгаа энэ уналт нь ирэх жилд АНУ-ын санхүүжилтийн өртгийн өсөлт нь зээлдэгчдэд дарамт болон үргэлжилсээр олон улсын санхүүгийн зах зээлд долларын ач холбогдлыг ихэсгэх юм. Энэ бүхэн л emerging markets буюу шинээр гарч ирэх зах зээлд нөлөөлөх болохоор ирэх жилийн өсөлт өнөөгийнхөөс буурахаар гараад байгаа юм" гэж энэ тоймд бичжээ.
"Ирээдүйн төлөв ингэж буурах шалтгааны нэг нь АНУ-ын хүчээр түлхэж байгаа төсвийн бодлого, мөн Евро бүсэд илүү ойр байгаа явдал" гэж шинжээч тэмдэглэж байна.
Америкийн эдийн засгийн өсөлт 2018 онд 0,1 пунктээр өсч 2,9 хувьд хүрэх төлөв байгаа нь энэ улсын ойрын төлөв сайжирч байгаагийн илрэл. Харин евро бүсийн Дотоодын нийт бүтээгдхүүний өсөлт энэ онд 0,3 дунктээр буурч 2,0 хувь болох төлөв байгаа юм байна.
Хятадын эдийн засагт ч нэг их ахиц дэвшил гарахгүй болохыг шинжээчид хэлж байна. БНХАУ-ын эрх баригчдын авч хэрэгжүүлж байгаа зээлийн өсөлтийг хязгаарлах бодлого нь дотоодын эрэлтийг сулруулахад хүргэнэ гэж байна. “АНУ-аас Хятадын эсрэг явуулж байгаа бодлогыг зөөлрүүлэхээр БНХАУ-ын эрх баригчдаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь нэг их үр дүнд хүрч саармагжуулж бас л чадахгүй. Ингэхээр Хятадын Дотоодын нийт бүтээгдхүүний өсөлт энэ онд 6,6 хувьтай гарах бол ирэх 2019 онд 6,1 хувь болж буурах төлөвтэй байгаа юм.
Ийн ирэх 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт буурах нь дэлхийн мөнгөний бодлого, ялангуяа дэлхийн дөрвөн том /Холбооны нөөцийн сан, Европын төв банк, Японы болон Английн банк/ төв банкны нөөцөд өөрчлөлт оруулахад хүргэнэ.
Дэлхийн эдийн засгийн өсөлт буурах нь гэсэн таамгийг Олон улсын валютын сан ч бас гаргаад байгаа юм. Энэ 2018, 2019 онд манай гаригийн Дотоодын нийт бүтээгдхүүн 0,2 хувиар буурч 3,7 хувьтай гарна гэж ОУВС үзэж байна.
“Уг нь өнгөрсөн онд таамаглахдаа 2018 онд дэлхийн эдийн засаг 3,9 орчим хувиар өсөхөөр тооцоолж байсан юм. Гэтэл өнөө хүртэл болж байгаа үйл явцаас болоод энэ тоо, бүр өөдрөгөөр харах юм бол 3,7 хувь болж буурах нь” гэж ОУВС-гийн ерөнхий эдийн засагч Морис Обстфельд энэ таамгийг тайлбарлаж байна.
Азид
Азийн хөгжлийн банк ч энэ тивийн ирэх оны эдийн засгийн өсөлтийг өнөөгийн нөхцөл байдлаас болоод бас л бууруулан хэлж байна. Өнөөгийн нөхцөл байдал гэдэгтээ олон улсын худалдааны энэ хурцадмал байдлыг дурдаад бүс нутгийн эдийн засагт худалдааны сүлжээг бэхжүүлэх нь хамгийн чухал нөлөөтэй гэсэн байна.
Азийн хөгжлийн банкны гаргаж байгаа таамгаар бол Азийн эдийн засаг энэ 2018 онд 6,0 хувиар өсөх бол ирэх 2019 онд 5,8 хувиар өсөх гэнэ. Энэ оны төлөв өөрчлөгдөөгүй болов ч ирэх оны төлөв нь өмнө дурдаж байсан 5,9 хувиасаа ийн буурч байгаа юм байна. “Олон улсын үйлдвэрлэлийн сүлжээтэй холбоотойгоор эдийн засгийн цаашдын өсөлтөд эрсдэл учирч мэдэх юм. Гэхдээ өнөөдөр авч хэрэгжүүлж байгаа худалдааны арга хэмжээний үрээр тогтовортой байдал үргэлжилнэ” гэж Азийн хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч Ясуюки Савада хэлжээ.
Азийн хөгжлийн банк Хятадын эдийн засгийг энэ жил 6,6 хувиар өсөх бол энэ үзүүлэлт ирэх 2019 онд 6,3 хувь болж буурна, энэ нь мэдээж эрэлт ихэссэн, хоёрдугаарт “худалдааны дайн”-тай холбоотой гэж тайлбарлажээ.
Азийн бас нэг том гүрэн Энэтхэгийн эдийн засаг ч нэг их өөрчлөгдөхгүй энэ онд 7,3 хувь гарах бол ирэх 2019 онд 7,6 хувь байх төлөвтэй гэнэ. Зүүн өмнөд Азийн орнуудад ч үл ялиг ахиц гарч энэ онд 5,1 хувийн өсөлт гарах бол ирэх онд 5,2 хувь болно, үндсэндээ тогтвортой байна гэж АХБ таамаг гаргажээ.
Нефть, байгалийн хийн үнэ өссөн, үүнтэй зэрэгцээд экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь Төв Азийн орнуудын эдийн засаг өсөхөд нөлөөлж энэ онд 4,1 хувийн өсөлттэй гарахаар байна гэж банкны мэдээлэлд дурдсан байна.
Х.Өлзийбаяр