Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2024.04.09) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай хуралдаанаар нийт 15 үүрэг даалгавар өгсөн. Үүнээс долоон үүрэг даалгавар нь 90, найман үүрэг даалгавар нь 100 хувийн хэрэгжилттэй байна. Тухайлбал,
-
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ болон ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх үүргийг өгсөн. Энэ ажлын хүрээнд нийт гурван хорооны нутаг дэвсгэрт 70 ТҮЦ-ийг нүүлгэсэн байна.
-
Дүүргийн хэмжээнд эвдэрч, гэмтсэн зам талбай, явган хүний замын судалгааг гаргах үүрэг даалгаврыг өгсөн. Энэ ажлын хүрээнд дүүргийн нийт 34 хорооны 10.000мкв явган хүний замыг ДТХО-аар засварлан шинэчлэхээр болж, гүйцэтгэгчийг шалгаруулсан байна.
-
Хүүхэд, оюутан залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд төрийн өмчийн 21 сургуулийн 26 спорт заалыг нээлттэй болгов.
-
Гандангийн газар чөлөөлөлт асуудалтай холбогдуулан 8 нэгж талбарт мэдэгдэл хүргүүлсэн байна.
-
Газрын зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гарааш буулгах ажлыг энэ сарын 11-ний өдрөөс эхлүүлэх бөгөөд ингэхдээ 12, 34-р хороонд нийт 230 гарааш буулгахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
-
Мөн Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд автозамын 1-р эгнээнд нийтийн эзэмшил газрыг зориулалтын бусаар ашигласан, зохих зөвшөөрөлгүй талбай нэмэгдүүлсэн 35 иргэн, хуулийн этгээдийн зөрчлийг арилгуулсан байна.
Дүүргийн хэмжээнд 1850 ААНБ, 286 СӨХ, 286 иргэн их цэвэрлэгээнд оролцов
Нийслэл, дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээг 4-р сарын 1-нээс эхлүүлсэн. Бүх нийтийн их цэвэрлэгээнд зам талбай хариуцсан 5 байгууллагын 158 зам талбайн үйлчлэгч, инженер техникийн ажилчид, ногоон байгууламж хариуцсан 6 байгууллагын 71 ажилтан, гэрэлтүүлэг хариуцсан 2 байгууллагын 7 ажилтан, худалдаа үйлчилгээний 1850 аж ахуйн нэгжийн 3278 ажилтан, 257 сууц өмчлөгчдийн холбооны 320 ажилтан, 286 иргэн оролцож 864,000 мкв талбайг цэвэрлэлээ.
Мөн дүүргийн хог тээвэр хариуцсан 5 байгууллага, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ахуйн хог хаягдлыг 168 рейсээр 427 тонн хог хаягдлыг дор бүр ачиж, тээвэрлэснээс гадна 359 метр хайс, 40 автобусны буудал, 28 тэмдэг тэмдэглэгээ, 150 хогийн сав, 56 сандлыг угаасан гэсэн мэдээллийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ өглөө.
Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, өнжмөл өвс шатаахгүй байхыг анхаарууллаа
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэст ахуйн гал түймэртэй холбоотой гурван дуудлага ирсэн байна. Тодруулбал, орон сууцны хогийн сав болон, нийтийн эзэмшил газарт ил задгай хог шатаж байна гэсэн дуудлага мэдээллүүд ирсэн байна. Иймд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Оюунболд орон сууцны хорооллуудад хог тээвэрлэлийг хугацаанд нь хийж гүйцэтгэх, хаврын улиралд гал түймрийн аюулаас сэргийлэх зорилгоор ил задгай байгаа хог болон өнжмөл өвс шатаахгүй байх, үүнд хяналт тавьж ажиллах шаардлагатай байна гэв. Мөн сүүлийн үед огцом дулаарч байгаагаас үүдэн гуу жалганд хуримтлагдсан цас эрчимтэй хайлж байгаа тул шур усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга, үерийн далан шуудуу цэвэрлэх ажлыг зохион байгуулах, 34 хорооны байр болон дүүргийн ЗДТГ-ын байрны цахилгааны утсыг шалгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо.
Худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулж дуусгана
Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатар зарим зүйлийг онцолсон. Тухайлбал, дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-аас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Иймд үлдсэн худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгаврыг худалдан авах ажиллагааг зохион байгуулах байгууллагуудад хүргүүлж, ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Мөн дүүргийн зарим байршилд үүсмэл хогийн цэг үүсэж байна. Иймд дүүргийн 1-34 хорооны Засаг дарга нарыг үүсмэл хогийн цэг үүсдэг газруудын байршлуудыг тодорхой болгож, холбогдох хэлтсүүдэд өгөх, улмаар тухай байршилд камер суурилуулах ажлыг яаралтай зохион байгуулна гэв. Түүнчлэн их цэвэрлэгээнд ААНБ-ууд хангалтгүй оролцож байгаа учраас оролцоог нэмэгдүүлэх, Хороо болгон дээр 5 хүнтэй иргэдийн бүлэг байгуулах бөгөөд тухайн хүмүүс хог хаягдалд хяналт тавина гэсэн юм.
Шуурхай зөвлөгөөний үеэр дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
-
Эрт илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх. 1-34 хорооны алба хаагчдыг Эрт илрүүлэгт хамруулж дуусгах,
-
Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж байгаатай холбоотойгоор шаардлагатай бэлтгэл ажлыг хангах,
-
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ил задгай худалдаа, тэр дундаа явган хүний зам, орц гарц хаасан ил задгай худалдаа эрхлэгчдийг цэгцлэх,
-
Явган замын эвдрэлтэй газруудыг засуулах,
-
Архи согтууруулах ундаа зарж буй үйлчилгээний газрууд, дэлгүүрүүдэд шөнийн хяналт шалгалт хийх,
-
Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийг сайжруулах, хяналт шалгалт хийх,
-
Аялал жуулчлалын улирал эхлэх гэж байгаатай холбоотойгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ресторан зоогийн газар, зочид буудлын судалгааг гаргах
-
Дугуй засварын газруудад хяналт шалгалт хийх, ил задгай байрлуулсан хаягдал дугуйг цэгцлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох хэлтсүүдэд өглөө.