Төрийн удирдлагын доктор(Ph.D), судлаач Н.Гансүхтэй ярилцлаа.
-Намууд хамгийн том ажил олгогч болчихлоо. Улстөрчид өөрсдийг нь дэмжсэн хүмүүсийг төрд шахдаг энэ байдалд судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Улсын бүртгэлд 210 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд эдгээр аж ахуйн нэгжийн 55 хувь нь үүд хаалгаа барьсан байна. Харин 80-90 мянган аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээллээр эдгээр компани 1-8 ажилтантай байна гэжээ. Тэгэхээр Монголд баялаг бүтээгч, ажил олгогч, иргэн хуваариа хөдөлмөр эрхэлж, ажлын байрыг бий болгодог тогтолцоо маань жил ирэх тусам хумигдаж байна гэсэн үг. Харин төрийн алба 2-3 дахин данхайсан. Энэ хэрээр улс төрийн намууд хамаг эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн.
Өнөөдөр монгол хүн ямар нэгэн төрийн дарамтгүй бие даан хөдөлмөр эрхлэх таатай бизнесийн орчин алга. Томоохон аж ахуйн нэгжүүд ч улс төрийн дэмжлэг, тендер авч томордог энэ тогтолцоо нь өөрөө олон зуун шинэ ажлын байрыг бий болгох, шударга өрсөлдөх шинэ жижиг дунд үйлдвэрлэгчдийн боломжийг хааж байна. Зөвхөн дарга сайдын хамаатан, найз нөхөд байж ногоон гэрлээр ажил бүтдэг тогтолцооноос бид нийтээрээ татгалзах хэрэгтэй. Зөвхөн танил талаараа явдаг. Өөрөөр хэлбэл, өөрсдийнх нь бизнес, ажил алба тогтвортой байдаг системээр явж байгаа нь туйлын буруу.
Иймд улс төрийн намууд, нэр дэвшигчид, хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс өөрсдөө хамаатан садан, нутаг усандаа ажил олгогч байдгаа болих хэрэгтэй. Мэргэжлийн байгууллага, мэргэжлийн бүтцийг нь байгуулж ажил хийж чаддаг хүн нь мерит зарчмаар гарч ирдэг байх ёстой. Тэр хүмүүс нь удирдах албан тушаал хашсан бол дараагийн хүндээ шилжүүлж чаддаг тогтолцоонд орохгүй бол өнөөдөр төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсан, эсвэл аливаа нэг газрын дарга нар орон тооны цомхотголд орсон асуудлаар захиргааны хэргийн шүүх дээр шийдэгдээгүй хэдэн мянган хэрэг байна. Тэгэхээр сонгуулийн сурталчилгаа явуулахаасаа эхлээд тогтолцооны өөрчлөлтүүд хийхгүй бол иргэн хөдөлмөрлөдөг, орлого олж чаддаг системээсээ ухраад том намыг дагасан талцал хуваагдал руу явж байгаа нь харамсалтай байна.
-Ингэхэд улс төрийн нам ямар байх ёстой юм бэ?
-Нэгдүгээрт, нам гэдэг бол хүмүүсийн итгэл үнэмшил, сайн дурын үндсэн дээр өөрийн улс төрийн үзэл баримтлалыг дэмжигч байдлаар оролцож болдог субьект. Дэмжигчид хатуу гишүүнчлэл байх албагүй. Намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүйгээр зөвхөн дэмжиж болдог. Монголд бүртгэлтэй намуудаас тав нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа.
Ялангуяа засгийн эрхийг ээлжилж барьдаг АН, МАН бол хатуу гишүүнчлэлтэй. Улс төрийн намын гишүүнчлэл нь тухайн хүмүүс эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж байгаа хэрэг. Улс төрийн намууд төрийн сонгуульд оролцохдоо өөрсдийн мөрийн хөтөлбөр буюу хэрэгжүүлэх бодлого, хийх ажлаа гаргаж, төрийн эрхийг барихын төлөө өрсөлддөг. Бодлогын өрсөлдөөн хийдэг. Харин Монголын улс төрийн намууд тийм биш. Мөрийн хөтөлбөрийг нь иргэд төдийлөн сайн мэддэггүй. Улс төрийн намыг дэмжиж явж байгаа хүмүүс болон компаниуд нь өөрсдийнхөө бизнесийг томруулах, ажил амьдралыг нь сайжруулах зэрэг хувийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьж, улс төрийн ажилд оролцож байгаа нь дэндүү өрөөсгөл. Буруу тийшээ явж байгаа нь харагддаг.
Нам бол Засгийн эрхийг аваад танхимаа байгуулаад, бүтцээ бодлогоор хангах чиг үүргийн байгууллага байх ёстой. Гэтэл манайд орон нутгаас гарсан УИХ-ын гишүүд маань тухайн тойргийнхоо иргэдийг харьяа байгууллагадаа ажилд авдаг. Эсвэл өөрийнхөө сонгуулийн ажилд сайн явсан аж ахуйн нэгж, компаниудад улс төрийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр төрийн албанд оруулдаг үзэгдэл хавтгайрсан. Эсвэл тендер өгөх зорилгоор төрийн үйл ажиллагаанд хувийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, давуу байдал олгож байгаа нь буруу.
-Хүмүүс амьжиргааны эх үүсвэрээс салахгүйн тулд намаа дэмжихээс өөр замгүй байна. Тэгэхээр нам нь ялагдвал ажилгүй болчих учраас юу ч хийж мэдэхээр байна. Сая Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргыг нэр дэвшигчийн ухуулагч золгүй байдлаар хөнөөчихлөө шүү дээ?
-Энэхүү харамсалтай үйл явдал нь нам ажил олгогч болсны тод илрэл. Яагаад гэвэл орон нутагт төрийн алба, улс төрийн ажилтнуудаас өөр ажлын байр хомс. Мөн ядуурал, халамж төвөөс алслагдсан газруудад өндөр хувийг эзэлж байна. Жишээлбэл, Засгийн эрх барьж байгаа намаас өөр намын уулзалт, хэлэлцүүлэгт тухайн иргэн очих юм бол багийн дарга, сумын даргаас нь өгдөг халамжийг нь зогсоодог. Эсвэл төрийн албанд ажилладаг бол ямар нэгэн шахалт дарамт үзүүлэх зэрэг хувийн ашиг сонирхлоо хангаад байгаа. Энэ нь өөрөө иргэдийг ажилтай байх, орлоготой байхын эсрэг бодлого. Дээрээс нь нэг намын хэт хүч түрсэн бодлого баримталж байгаа нь хамгийн буруу.
-Дэлхийд ямар практик байдаг юм бэ?
-Олон улсад төрийн албан хаагч гэдэг бол улс төрийн намаас хамааралгүй. Парламентын гишүүд зөвхөн хууль тогтоох, хөгжлийн бодлого боловсруулж, бодлогын бичиг баримт гаргах үүрэгтэй. Төрийн алба гэдэг бол өөрөө бие даасан тусдаа институци байдаг. Харин манайд төрийн албаны тухай хууль маш олон удаа шинэчлэгдсэн. Эргээд бодитой хэрэгжихдээ төрийн албыг удирдаж байгаа агентлагийн дарга, газрын дарга, яамны даргын үзэмжээр шийдэгдээд байна. Үндсэндээ манайх хэчнээн сайхан хууль журам тогтоомж гаргадаг ч ерөөсөө мөрдөхгүй байна гэсэн үг.
-Намууд бодлогоор өрсөлдөх гэлээ. Гэтэл ажил олгогч болж хувирсан байдлыг яаж болиулах вэ?
-Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг ард иргэд маш анхааралтай унших хэрэгтэй. Намуудын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр дандаа амлалтын шинж чанартай байдаг. Монгол Улс эрчим хүчний хараат бус болгоно гээд бичсэн байх жишээтэй. Гэхдээ яаж, ямар санхүүжилтээр юу хийх юм гээд тооцоо судалгаа юу ч байхгүй. Намуудын мөрийн хөтөлбөрийг аваад үзэхээр дандаа амлалтын чанартай. Биелэгдэхүйц эсэх нь ямар нэгэн баримтаар нотлох боломжгүй амлалтууд дэвшүүлж байгаа. Ийм амлалтыг СЕХ болон Үндэсний аудитын газар хүлээж авсныхаа дараа болон Засгийн эрх барьсных нь дараа биелэлтэд нь дүгнэлт хийдэг. Гэсэн ч аудитын байгууллага мөрийн хөтөлбөрийн амлалт нь 70, 80, 90 хувьтай байна гэж дүгнэдэг. Харамсалтай нь тэдний амлалт нь иргэдэд бодитой биелээгүй байдаг.
Намууд яаж ажил олгогч биш болох вэ гэхээр өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагч болон улс төрийн албан тушаалтан гэдэг хоёр зүйлийг маш сайн зааглах хэрэгтэй. Яам тамгын газарт төрийн албан хаагч буюу мэргэжлийн байгууллагад 15-аас дээш жил ажилласан, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүний очиж болох хамгийн дээд албан тушаал нь Төрийн нарийн бчигийн дарга. Гэтэл төрд нэг ч жил ажиллаж үзээгүй хүмүүс сайд юм уу дэд сайд болж очсоныхоо дараа халаа сэлгээг дур зоргоороо хийдэг байдал хавтгайрсан. Энэ бол улс төрийн нам ажил олгогч болж байгаагийн хамгийн том илрэл.
Тэгэхээр улс төрийн намууд бодлогоор өрсөлддөг, эрх барьсан үедээ өөрийн Засгийн газрын бүтцээрээ дамжуулж зөв хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, өмнөх засгийнхаа зөв төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлдэг институци байх ёстой. Дээрээс нь төрийн байгууллагууд, ялангуяа төрийн үйлчилгээнд ажилладаг эмнэлэг, сургууль, багш нар улс төрийн нөлөөнөөс ангид байх ёстой. Бүр тодруулж хэлбэл, эдгээр байгууллага тус тусдаа Удирдах зөвлөл байгуулах хэрэгтэй. Тэр бүтцээрээ дамжуулж удирдах албан тушаалтнаа томилох шийдэл л хамгийн зөв хувилбар.
-Яаж явуулах вэ. Нам томилгоо хийдэг өнөөгийн тогтолцоо цэгцрэх боломжтой гэж үзэж байна уу?
-Сургуулиар жишээ авъя л даа. Тухайн сургуулийн удирдах зөвлөлд нь харьяа агентлагийн газраас, боловсролын байгууллагаас, сургуулийн удирдлагад хуучин байсан хүмүүс болон багш нарын төлөөллөөс бүрдэж болно. Энэ зөвлөл нь хүнээ томилдог. Тэр томилсон хүн нь хугацаатай байх юм бол улс төрийн нөлөөнөөс ангид байх бүрэн боломжтой. Тэгэхгүйгээр ганцхан даргын гарын үсгээр өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлэн томилж, чөлөөлөөд байх юм бол нам ажил олгогч байдлаас ердөө салж чадахгүй л дээ. Дахин хэлэхэд, төрийн албаны зөвлөл болон төрийн алба маань бие даасан бүтэц болох хэрэгтэй. Засгийн газар болон улс төрийн намаас хамааралгүй байх. Төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд өөрсдийн удирдах зөвлөлүүдээ байгуулах нь зөв. Бие даасан хараат үйл ажиллагаа явуулна гээд хууль батлаад журмаа дагаад ирэх юм бол цэгцрэх боломжтой.
-Сонгуулийн дараа төрийн албанаас 15-20 мянган хүн халагддаг гэсэн судалгаа харлаа. Тийм болохоор төрийн албан хаагчид эрх баригч намын төлөө үхэн хатан зүтгэх юм. Олон улсад сонгуулийг ямар байдлаар явуулдаг юм бэ?
-Сонгуулийн дараа төрийн албан хаагчид, яам тамгын газрын бүтэц агентлагууд бүгд солигддог. Ялсан намын хүмүүс яам, тамгын газарт очингуутаа тухайн төрийн албан хаагчийг шууд халах ямар нэгэн хууль эрх зүйн заалт байдаггүй. Тийм болохоор бүтцийн өөрчлөлт хийх нэрийдлээр тухайн албан тушаалд нь өөр хүн томилдог. Гэхдээ өмнө ажиллаж байсан хүнийг нь шууд халчихгүй. Өөр орон тоонд шилжүүлэх байдлаар ямар ч ажлын чиг үүрэггүй 1-2 сар ойлгомжгүй байдалд байлгадаг. Ингэж шахагдсан төрийн албан хаагчид хүссэн хүсээгүй өөрсдөө өргөдлөө өгөхөд хүргэдэг. Ер нь эрх барьж байгаа нам солигдсоны дараагаар зөвхөн яам тамгын газар гэхгүйгээр төрийн алба тэр чигтээ, эмнэлэг, сургууль ялангуяа хорооны дарга хүртэл солигддог гажиг тогтолцоо Монголд бий болчихоод байна л даа.
АНУ-д сонгууль яаж явагддаг вэ гэхээр муж муждаа том уулзалтуудаа хийдэг. Нээлттэй зарладаг. Дэмжигчид нь ирдэг. Тэрнээс айл айлын хаалга тогшоод явах нь бага. Ихэвчлэн цахим шуудан буюу и-мэйлээр маш их явдаг. Тэгэхээр иргэд сонгогчид, ухуулагчдыг заавал төдөн хүн олж ир гэдэг байдлаар явдаггүй. Австралид гэхэд нэр дэвшигчид ухуулагч байхгүй. Өөрөө сурталчилгаагаа хийдэг. Ажлын алба гэдэг бүтцээрээ л сонгуульд оролцдог. Манайд эсрэгээрээ.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэг нэр дэвшигч хэдэн зуун ухуулагчтай байна. 200 хүн тутамд нэг ухуулагч гэхээр замбараагүй олон ухуулагчтай байгаа. Олон улсад яагаад улстөрчид нь улс төрийн намууд нь ийм хүчтэй биш байдаг вэ гэхээр иргэний нийгмийн байгууллагууд сайн хүчирхэгжсэн байдаг. Тиймээс улстөрчид нь хязгаарлагдмал байдаг. Манайд эсрэгээрээ улстөрчид нь хамгийн хүчтэй учраас шүүх, хэвлэл мэдээлэл рүүгээ дайрдаг. Иргэний нийгмийн байгууллагууд нь улстөрчдөд үйлчилдэг. Өнөө жил дэлхийн 60 гаруй улсад сонгууль болж байна. Мэдээж олон улсад дайн, геополитиктой холбоотой асуудлууд чухал байдаг. Гэхдээ сонгууль тайван замаар явагддаг. Гэтэл манайд өнөө жилийн сонгуулиар хоёр тал болж талцаж байгаа. Гэр бүлийн хүмүүс хүртэл нэг нэгнээ үзэн яддаг. Сонгуулийн 20- хон хоногт энэ талцал хүний аминд хүрлээ. Аймаг, сум, багт, хөдөө орон нутагт ийм талцал маш их байна. Цөөхөн хүн амтай ард түмний хувьд үндэсний эв нэгдлийг бутаргаж байгаа нь харамсалтай.
-Нам иргэдэд яг шашин шиг нөлөөлж байна. Бид нэг үндэстэн хэрнээ хоорондоо дайсагналцаж алалцах нь юунд хүргэх вэ?
-Монгол орон 21 аймаг, 330 сум, 1647 багт хуваагддаг болохоор нутгийн хүнээ дэмжинэ гэдэг. Сонгуульд бодлогоор өрсөлдөхгүй байна. Танил тал хамаатан садан буюу үр удмаараа нутгийн хүнээ гаргана гэдэг хандлага яваад байгаа юм. Уг нь парламент мэргэжлийн хууль тогтоох дээд байгууллага. Энд сууж байгаа улсууд зам тавьдаг, байшин барьдаг, төсөв хуваарилдаг хүмүүс биш. Зөвхөн төсвийн тухай хуулийг баталдаг. Хяналт тавьдаг, хуулийн хэрэгжилтийг хангадаг байгууллага. Ер нь цаашдаа Монголын сонгуульд шадар туслах, ухуулагчийн асуудлыг цэгцлэх зайлшгүй шаардлагатай. Тэгэхгүй бол орон нутагт бүх зүйл талцаж хуваагдаж байна. Сонгуулийн штаб бүтэц нь хэт данхайгаад зогсохгүй, иргэд сонгогчид хуваагдмал байдалтай байна. 1000 хүрэхгүй хүн амтай баг хоёр хуваагдаад хоорондоо нэг сар хэрэлдэхэд хүргэж байна.
Өдрийн сонин