Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 28-ны баасан гарагт болно.
Үүнтэй холбогдуулж Хүний эрхийн үндэсний комиссоос төрийн цэргийн байгууллагууд хугацаат цэргийн алба хаагчдыг саналаа нууцаар, чөлөөтэй өгөх боломжийг бүрдүүлэх, сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг зөвлөж байна. Түүнчлэн сонгогчийн энэхүү эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх нь хууль бус үйлдэл болохыг анхааруулсан юм.
Төрийн цэргийн байгууллагад алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчид нам эвсэл, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцах, мэдээлэл сурталчилгааг тэнцвэртэй авах эрхтэй гэж тус комиссоос мэдээллээ.