Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний таван сарын үзүүлэлтүүдийг өнөөдөр ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцуулав. 2024 оны тавдугаар сард инфляц 5.7 хувь гарахад импортын барааны үнэ 34.8 хувиар нөлөөлсөн байна.
Экспорт энэ оны эхний таван сард 6.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 74.9 сая ам.доллароор буюу 1.2 хувиар өссөн байна.
Импорт энэ оны эхний таван сард 4.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 932.5 сая ам.доллароор буюу 26.9 хувиар өссөн байна.
Мөнгөний нийлүүлэлт 39.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.6 их наяд төгрөгөөр өссөн байна. Уг өсөлтөд төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөгөөр буюу 35.1 хувиар, төгрөгийн харилцах 1.8 их наяд төгрөг буюу 25.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.2 их наяд төгрөг болж өмнөх үеийн мөн үеэс 10.7 хувиар өссөн байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдэл 31.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.9 их наяд төгрөг буюу 28 хувиар өсжээ.
Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 38.1 хувиар буюу 5.1 их наяд төгрөгөөр өссөн нь гол нөлөөг үзүүлсэн. Мөн хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр буюу 14.4 хувиар өссөн байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 59.3% нь иргэдийн зээл, 39.3% нь хувийн байгууллагынх байна.