x

Б.Наранцэцэг: Технологийн шинжээч хомсдолтой учир мөрдөн шалгах ажиллагаа удааширч байна

Сүүлийн жилүүдэд “1xbet” олон улсад нээлттэй үйл ажиллагаа явуулдаг цахим бооцоот тоглоомд залуус их хэмжээгээр мөнгөө алдах болжээ. Мөн кибер орчинд хууль бусаар халдах, цахимаар хүн залилах гэмт хэргийн тохиолдол жил ирэх тусам нэмэгдсэн байна. Технологийн компани, төслүүдэд хуулийн зөвлөгөө дагнан үзүүлдэг “Фиделитас Партнерс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэгтэй цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргүүдийн талаар ярилцлаа.

-Танай хуулийн фирмд хүмүүс ямар асуудлаар түлхүү хандаж байна вэ?

-Цахим орчинд үйлдэж буй гэмт хэргийг кибер гэмт хэрэг болон цахим хэрэгсэл ашиглан үйлдэж байгаа гэмт хэрэг гэж ялгаатай авч үзэх шаардлагатай. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт хуульчилснаар Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт технологийн тусгай мэдлэг, нарийн хэрэглээтэй программ, төхөөрөмж ашиглаж үйлдэж байгааг ойлгоно. Харин хувь хүний нууцад халдах, задруулах болон залилах гэмт хэргийг харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж үйлдэж байгаа нь кибер гэмт хэрэг болохгүй. Тэгэхээр цахим орчинд үйлдэж буй гэмт хэрэг бүр кибер гэмт хэрэг болохгүй тул үйлдлийн аргыг зөв тодорхойлж зүйлчлэл дээр анхаарах шаардлага үүсч байгаа.

-Сүүлийн жилүүдэд кибер гэмт хэргийн үйлдэгдэх нь ихэсч байна уу?

– Эх сурвалж, зүйлчлэлээс хамаараад олон янзын тоо яваад байдаг. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэргийн статистикийн мэдээнд 2015 оны Эрүүгийн хуулийн Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /одоогийн хуулийн Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг/ 2018 онд 42, 2019 онд 57 гомдол мэдээлэл бүртгэгдэж байсан бол 2022 оны 11 сарын байдлаар 226 болсон байсан. Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн хувьд Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны 2024 оны нэгдүгээр улирлын мэдээнээс харахад 2023 оны эхний гурван сард дөрөв байсан бол 2024 оны эхний гуравдугаар сарын байдлаар долоо болж өссөн байсан.

Хууль зүйн талаасаа зүйлчлэлийн асуудал байгаа хэдий ч цаашид Эрүүгийн хуулийн 26-р бүлэгт хуульчилсан Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг өсөх нь тодорхой байгаа.

-Бооцоо тавиад мөнгөө алдчихсан хүмүүс танайд ханддаг уу?

-”1xbet” дээр алдаж байгаа хүмүүс бол хуулийн зөвлөгөө авахгүй шүү дээ. Хэн хуулийн зөвлөгөө авч байна вэ гэхээр алдаад байгаа хүний ашигласан мөнгөний эзэд хандаж байна. Компанийн хөрөнгө, мөнгийг удирдах эрхтэй албан тушаалтнууд бооцоо тавиад алддаг тохиолдлууд гарч байна.

Энэ тохиолдолд хэрхэн хохирлоо барагдуулж, хөрөнгөө олж авах вэ гэдэг дээр компаниуд хуулийн зөвлөгөө авдаг. Хэт донтчихсон, хууль зөрчиж мөнгөний эх үүсвэр олоод байнга тоглож, алдаж байгаа хүмүүст хуулийн зөвлөгөө биш сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрэгтэй ажиглагдаж байгаа. Монгол улсын Эрүүгийн хуульд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг хуульчилсан. Хүнээс тусгай мэдлэг, боловсрол шаарддаг койн, үнэт цаасны зах зээлийн арилжаанаас аз туршсан бооцоот тоглоомыг ялгаж салгаж дор бүрнээ ухамсарлах шаардлага үүсээд байна.

-Цахим бооцоот тоглоом, виртуал хөрөнгийн биржүүд мөнгө угаах таатай орчин болох эрсдэлтэй юу?

-Цахим бооцоот тоглоомыг Монгол улсын хуулиар хүлээн зөвшөөрч зохицуулсан виртуал хөрөнгийн биржийн үйл ажиллагаанаас ялгаатай авч үзэх шаардлагатай. Виртуал хөрөнгийн биржүүд бол Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлснээр, хуулийн маш олон шалгуур, шаардлагыг давсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Ийнхүү хуулиар зохицуулах болсон үндэслэл, шалтгаанд биржийн систем мөнгө угаахад ашиглагдахаас урьдчилан сэргийлэх зорилго, энэ талаарх ФАТФ-ын зөвлөмж байсан. Тиймээс виртуал хөрөнгийн биржийн арилжаанд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, түүнд холбогдох бүхий л журмын хүрээнд хяналт тавьж, сэжигтэй тохиолдлыг Монголбанкны дэргэдэх Санхүү мэдээллийн албанд мэдээлж ажилладаг. Харин бооцоот тоглоомын хувьд хэн нэгний гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах, хувиргах зорилгоор ашиглаж байх боломжтой. Үүнийг зуучлагчийн дансаар дамжуулан хяналт тавих боломжтой.

-Цахим орчинд түгээмэл үйлдэгдэж байгаа нь ямар зөрчил байна вэ?

-Иргэд хувийн мэдээллээ сайн хадгалж хамгаалаагүйн улмаас гэмт хэргийн хохирогч болж байгаа хэргүүд түгээмэл гарч байна. Жишээлбэл, иргэн гар утсаа алдахад интернэт банк, сошиал хаягууд, и-баримтын систем, цаашлаад и-мэйл хаяг зэрэгтээ нэвтэрсэн, эсхүл нэвтрэх нэр, нууц үгээ сануулсан байснаас өөрийнх нь өмнөөс цалингийн зээл авсан, мөн хувийн мэдээллийг нь ашиглаж бусдыг залилах, олон аргаар хөрөнгө, мөнгийг нь гарган авах тохиолдол гарч байна. Түүгээр ч зогсохгүй интернэт банкаар нь ХУР, ДАН систем дэх мэдээллийг татаж банкинд данс нээлгэж, тэр дансандаа финтек зээлийн аппликэйшнээс зээл авах аргаар хулгайн, залилангийн гэмт хэрэг үйлдэж байгаа юм.

-Хувийн мэдээллийн нууцлалдаа иргэд хөнгөн хуумгай хандаж байгаа нь энэ төрлийн зөрчил гарахад хүргэж байна уу?

-Хүн бүрийн фэйсбүүк хаяг нууц үгтэй. Нууц байх ёстой болохоор нууц үг гэж нэрлэдэг шүү дээ. Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилангийн нийтлэг хэлбэр нь фэйсбүүк, цахим шуудан, интернэт банкны нууц үгээ алдсанаас болж байна. Эсвэл нууц үгээ хадгалчихсан гар утсаа алдах нь олон тусдаа гэмт хэрэгт ашиглагдаж байна. Энэ бол кибер гэмт хэрэг биш. Харин хүний хувийн мэдээллийг ашиглаж, халдаж байгаа гэмт хэрэг юм.

-Ямар тохиолдолд кибер гэмт хэрэгт тооцогдох вэ?

-Хүн хувийн мэдээллээ маш сайн хамгаалж, өөрийн зүгээс шаардлагатай зүйлсийг сайн хийчихсэн гэж төсөөлье. Гэтэл гэмт этгээд таах аргаар, эсвэл ямар нэгэн технологийн тусламжтайгаар интернэт банкинд халдаж мөнгийг нь виртуал хөрөнгийн биржийн хэтэвч цэнэглэдэг нээлттэй данс руу шилжүүлж, арилжаа хийх замаар гаргаж авах тохиолдлууд гарч байна. Хүний хувийн мэдээллийг ашиглаж өмнөөс нь цахим хэтэвч нээж байгаад мөнгийг нь гаргаж авсан тохиолдол хүртэл гарч байна. Тиймээс, тухайн биржийн хэрэглэгчээ танин баталгаажуулах үйлдэл ажиллаагүй, эсвэл алдаатай байх үеийг нь ашиглаж гэмт хэрэг үйлдэж байна. Эсвэл “1xbet” руу мөнгийг нь гарган авч байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэг нь тусгай арга, техник ашиглаж байгаа тул кибер гэмт хэрэг юм.

-”Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт мэргэшүүлэх сургалт өнгөрсөн долоо хоногт болсон байна. Тус хичээлээр ямар асуудал яригдав?

-Халааснаас мөнгө хулгайлах бус өнөө үед данснаас нь гаргаад авдаг болсон. Таны мэдээллийг ашиглаад интернэт банкнаас чинь мөнгө гаргаж авч байвал цэвэр хулгайн гэмт хэрэг юм. Харин техник технологийн арга, тусгай тоног төхөөрөмж ашиглаж данс руу нэвтэрч байвал кибер гэмт хэрэг юм. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд мэргэжлийн технологийн шинжээчийн дүгнэлт зайлшгүй гаргуулах шаардлагатай ч шинжээч олж томилох нь асуудал болоод байгааг мөрдөгчид онцолж байсан. Аливаа гэмт хэрэгт ямар ч хүн холбогдож болно. Гэхдээ тэр гэмт хэргийг хийсэн эсэх нь хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдож байж гэм буруутай эсэх нь шийдвэрлэгдэнэ. Кибер гэмт хэргийн хувьд тэр хөдөлшгүй нотлох баримт нь технологийн шинжээчийн дүгнэлт. Тус дүгнэлтийг гаргах этгээд олдохгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шуурхай томилох боломжгүй байгаагаас хэргээ боломжит богино хугацаанд шийдүүлэх хүний эрх ч зөрчигдөж байна. Технологийн шинжээч хомсдолтой байгаагаас кибер гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа удааширч, хүний эрхийн зөрчлүүд гарч байна.

-Яагаад эрэлттэй байна вэ?

-Хөдөлшгүй нотлох баримтад үндэслэн шүүгч шийдвэр гаргах учир шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Кибер гэмт хэргийн хувьд харилцаа холбооны, банкны, сүүлийн үед виртуал хөрөнгийн биржүүдийн олон системийн асуудал нэг хэрэг, тохиолдол дээр яригдахаар болж байна. Гэтэл ийм учиртай юм аа гээд өмгөөлөгч, эсхүл прокурор ярих боломжгүй, шүүх шинжээчийн дүгнэлт л үндэслэх учиртай. Гэтэл практик дээр энэ олон системийг нэг шинжээчээр дүгнүүлэх боломжгүй, өөр өөр мэргэжлийн шинжээчдийн баг томилох хэрэгцээ үүсч, тэдгээрийг олж томилох нь боломжгүй шахуу, цаг хугацаа шаардсан хэрнээ үр дүнгүй ажиллагаа болоод байгаа.

-Яагаад кибер гэмт хэрэг мөрдөн шалгахад илүү бэрх байна вэ?

-Кибер гэмт хэргийг нотлох баримт, нотолгоог олох нь өөрөө бэрх. Учир нь гэмт этгээд бүх зүйлсээ богино хугацаанд устгачих боломжтой. Мөн нотлох баримт дутуу, сэжигтэн гадуур сул чөлөөтэй байгаа нь дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй. Эдгээр эрсдэлийг харгалзаад кибер гэмт хэрэгт буруутгаж байгаа этгээдийг цагдан хорьдог, хэргийн ээдрээ төвөгтэй гэдэг үндэслэлээр хугацаа сунгаж удаан хугацаагаар цагдан хорьсон тохиолдол ч гарч байна.

-Тусгай шинжээчдийн сан бий болж байгаа юм аа даа?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд 2023 онд шинжилгээний байгууллагаар болон шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалт баталсан. Үүнд цахим технологийн хэд хэдэн шинжилгээ багтаж байгаа. Мөн технологийн тусгай мэдлэгтэй мэргэжилтнүүдэд таван жилийн хугацаатай шинжээчийн эрх олгох журмыг баталсан. Энэ журмыг яаралтай хэрэгжүүлж тусгай мэдлэгтэй шинжээчдийн нээлттэй мэдээллийн сан хэрэглээнд орох нь кибер гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч буй асуудлуудыг тодорхой хэмжээнд шийднэ. Хүмүүс өөрийн тусгай биологи, технологийн мэдлэг боловсролоо баталж, шинжээчээр бүртгүүлэх боломжтой. Тиймээс тусгай, онцгой хэрэг дээр тохирох шинжээчийг тэрхүү сангаас олох боломжтой болж байгаа юм. Компьютер техник судлал, цахим орчны технологи судлал, мобайл технологи судлал гэсэн гурван төрлийн шинжилгээг Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэх боломжтой болсон тул энэ чиглэлээр гадна, дотно сурсан залуучууд нийгэмдээ хувь нэмрээ оруулж шинжээчээр бүртгүүлэхийг уриалмаар байна.

Н.Нарванчин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 20 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 37 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 19 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 29 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 54 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top