Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. 2020 оны судалгаагаар 15 сумын өрхүүдийн нүхэн жорлонгийн 86,5 хувь нь стандартад нийцэхгүй, нянгийн болон хөрсний бохирдлын эх үүсвэр болж байгааг тогтоожээ.
Үүнтэй уялдуулан “Эко жорлон” хөтөлбөрийг боловсруулж, 2020-2024 онд гэр хорооллын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр эко жорлон төслийг хөнгөлөлтэй нөхцөлөөр хэрэгжүүлж байгаа юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2024 онд 15 сумын 300 өрхийг эко жорлон хөтөлбөрт хамруулна. Эко жорлон нь 4 сая төгрөгийн үнэтэй бөгөөд 75 хувийг орон нутгийн төсвөөс, үлдсэн 25 хувийг иргэн иргэн төлөх юм.
Өмнөговь аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Батжаргал:
Одоогоор Даланзадгад сумын 10 багийн 80 айлд эко жорлонг суурилуулах ажлыг хэрэгжүүлсэн. Мөн нийтийн зам талбай болон аялал жуулчлалын бүс нутгуудад 100 жорлонг суурилуулах ажлыг хийж байна. Эко жорлонтой болсноор хөрс, гүний усны бохирдлоос сэргийлж чадна. Хөтөлбөрийн хүрээнд Гурвантэс, Ноён, Хүрмэн, Баяндалай, Цогтцэций, Цогт-Овоо суманд 60 эко жорлонг суурилуулсан.
“Жондоо Гарден” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Алтансүх:
Бид зөвхөн Улаанбаатар хотыг эко жорлонтой болгох ажлыг хийхээс гадна орон нутгийн иргэдийг хамруулахыг зорьж байгаа юм. Харин 2023 оноос анх удаа Өмнөговь аймагт эко жорлон суурилуулах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь бусад аймгаас анхдагч жишиг аймаг болсон. Аймгийн төв Даланзадгадаас гадна алслагдсан суманд эко жорлонг суурилуулах ажлыг хийж байна.