Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна.
Монгол Улс 2004 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж ирсэн бол Хөвсгөл аймагт 16 дахь жилдээ тэмдэглэн хүний алтан амийг аврахын төлөө, авлагагүйгээр цусаа бэлэглэсэн идэвхтэн, хүндэт донорууддаа хүндэтгэл үзүүлэн алдаршууллаа.
“Аймгийн хэмжээнд 1008 донор бүртгэлтэй байдаг. Үүнээс байнгын идэвхтэй донор 827, хүндэт донор 427 байна.
Он гарсаар 427 донор цусаа бэлэглэж 900 хүний амь насыг аварсан” гэдгийг Цусны салбар төвийн эмч Х.Мөнхтулга хэллээ.
Тус аймаг 2018 онд Жишиг цусны салбар төвтэй болсноор хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймгийн иргэд аюулгүй эмчилгээ, үр дүнтэй цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хүрэлцээтэй, хэмжээтэйгээр бэлтгэж нөөцлөх боломж бүрдсэн байна.
Цусны салбар төв орон нутагтаа жилд 7 төрлийн 350-400 литр цус цусан бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэж байна.