Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал сургуулийн багш, ажилтнууд бага ангийн сурагчдын үдийн хоолонд хэрэглэх нарийн ногоог өөрсдөө тарьж байна.
Тодруулбал, тус сургууль ЖАЙКА ОУБ-ын дэмжлэгээр энэ хавар 4х8 харьцаатай хүлэмжтэй болж, хүлэмжиндээ өргөст хэмх, улаан лооль зэрэг хүнсний ногоо тариалжээ.
Сургуулийн багш, ажилтнууд сурагчдын оролцоотойгоор 4 жилийн өмнөөс жил бүр төмс, лууван, хүрэн манжин, шар манжин, хулуу, цагаан лууван зэрэг хүнсний ногоо тариалж, түүнийгээ байгалийн ухаан, дүрслэх урлаг, технологи зэрэг судлагдахууны туршилтын талбай болгон ашиглаж байгаа.
Мандал сургууль 2021 оноос ЖАЙКА ОУБ-ын “Сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-д хамрагдаж, үдийн хоол хөтөлбөрийн нөхцөл байдлыг тодорхойлон дүн шинжилгээ хийж, сургуулийн хоол зүйчдийг бэлтгэх, сурагчдын үдийн хоолны шим тэжээлийн стандартыг сайжруулах, хоолны цэсийг баяжуулах, орчин нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байна.