Хүний Эрхийн Үндэсний Комиссоос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа:
-"Дэлхийн 70 орчим улсад төрийн эрх барих байгууллагаа сонгох сонголтыг энэ жил хийж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулиар болон улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгуулийн сурталчилгаа түгээхдээ цахим орчин тэр дундаа хиймэл оюун ухаан, шинэ технологийг түгээмэл ашиглаж байгаа нь өмнөх сонгуулиудаас онцлогтой.
Тиймээс сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажиллах шаардлагатай" хэмээв.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр төрийн байгууллага болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, улс төрийн намууд, нэр дэвшигч, олон нийт анхаарвал зохих Комиссын Зөвлөмжийн талаар танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих үндэсний байгууллагын хувьд дараах асуудлыг анхааруулж, ХЭҮК Зөвлөмж хүргүүлж байна.
Уг зөвлөмжид
- Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах
- Сонгуулийн оролцоог хангах, сонгогчийг ялгаварлах, гадуурхахгүй байх
- Хүсэл зориг, үзэл бодлын чөлөөт илэрхийллийг сахин хамгаалах
- Үзэн ядалт, хүчирхийлэл, үндэсний эв нэгдлийг бусниулахад уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэлтэй тэмцэх
- Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах
- Зөрчил, маргааныг шуурхай шийдвэрлэхийг онцгойлон тусгасан” гэлээ.
Энэ удаагийн хэвлэлийн хуралд Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн Гүйцэтгэх захирал М.Энхбадрал, Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор нар оролцож, холбогдох мэдээлэл өгөв.
Иргэний нийгмийн зөвлөл нь ХЭҮК-ын байр суурийг илэрхийлдэггүй, харин үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй гээд сонгуулийн үеэр иргэдийн сонгох эрхэд халддаг асуудлаар Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн М.Энхбадрал:
-"Иргэд, олон нийтийн дунд хэд хэдэн төрлийн ташаа мэдээлэл байна. Тухайлбал, “Таныг хэнд саналаа өгснийг мэднэ” гэдэг зүйл. Энэ бол ямар ч боломжгүй зүйл. Хэрвээ танд энэ төрлийн мэдээлэл өгч, таны сонгох эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдвол та хуулийн байгууллагад хандах эрхтэй. Дараагийн нэг асуудал нь нэг намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдийг бүгдийг нь сонгохгүй бол саналын хуудас хүчингүй болно гэдэг зүйл. Энэ бол ташаа мэдээлэл.
Түүнчлэн нийгмийн эв нэгдлийг баримталж, ажиллах нь чухал гэдгийг улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид анхаарч шударгаар өрсөлдөхийг уриалж байна. Та бүхэн чөлөөтэй, хараат бусаар сонголт хийх эрхтэй. Энэ эрхээ эдлэхэд хэн ч саад учруулах эрхгүй" гэв.
Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Б.Чулуундолгор:
-Улсын хэмжээнд 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Эдгээр нь нийт сонгогчдын долоо орчим хувийг бүрдүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хүртээмжтэй орчныг нэмэгдүүлэх нь туйлын чухал. Тухайлбал, харааны, тулгуур эрхтний, сонсголын бэрхшээлтэй байхаас үл хамаарч санал өгөх байрны орчин нөхцөл стандарт, шаардлага хангасан байх ёстой.
Нөгөөтээгүүр, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрийн сурталчилгаагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх тал дээр анхаарахыг хүсэж байна. Учир нь хүн хэдий чинээ үнэн, зөв, хүртээмжтэй мэдээлэл авна, төдий чинээ сонголтод нөлөөлдөг тул уулзалт, зөвлөгөөндөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцох боломжтой эсэхийг шалгаж байхыг хүсэж байна.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлж байж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэх боломжтой. Энд нэг зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох эрхийн хэрэгжилт хангалтгүй байна.
Энд нэг зүйлийг онцолж хэлэхийг хүсэж байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох эрхийн хэрэгжилт хангалтгүй байна. Монгол Улсад зохион байгуулагдсан ээлжит болон ээлжит бус сонгуулиудад нийт 6 хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшиж байсан. Үүнээс орон нутгийн сонгуульд тэргэнцэртэй нэг иргэн нэр дэвшиж сонгогдсон нь улсын хэмжээнд хангалтгүй үзүүлэлт юм" гэв.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, эвсэл, сонгуулийн бүх шатны байгууллага, сонгуулийн эрх бүхий иргэдэд хандсан ХЭҮК-ын Зөвлөмжийг хүргэлээ.
Нэг. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах
Санал гаргахаас бусад сонгуулийн үйл явц ил тод байх нь олон нийтийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх, үл ойлголцол, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөл тул:
- Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, давхардал, зөрчлийг арилгах, сонгогчдын нэрсийн жагсаалтад “түр хасав” нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний ийнхүү тэмдэглүүлсэн шалтгаан арилсан тохиолдолд бүртгэлийг даруй сэргээн, сонгох эрхээ саадгүй хэрэгжүүлэх нөхцлийг хангах;
- Сонгуулийн ажиглагчид чиг үүргээ ялгаварлалгүй, зохих ёсоор хэрэгжүүлэх нөхцөлийг хангах, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн нэрийн жагсаалт, зохион байгуулалтын талаарх мэдээллийг урьдчилан өгч, зөөврийн хайрцгаар санал хураахад ажиглалт хийх боломжийг бүрдүүлэх;
- Санал хураах төхөөрөмжийн ажиллах горим, санал хураалтын үнэн зөв байдлыг хянах механизмын талаарх мэдээлэл, сурталчилгааг өргөн хүрээтэй явуулах;
- Хяналтын тооллогын ил тод байдал хангах, үйл явцыг сонгуулийн ажиглагчид саадгүй хянах, баримтжуулах, цахим орчинд шууд мэдээлэх боломжийг бүрдүүлэх;
- Сонгуулийн хэсгийн хороод санал авах цаг дуусах хүртэл хууль тогтоомжид заасан зарчим, зохион байгуулалтыг чанд мөрдөх.
Хоёр. Сонгуулийн оролцоог хангах, сонгогчийг ялгаварлах, гадуурхахгүй байх
Саад бэрхшээлгүй, чөлөөтэй саналаа өгөх боломжийг сонгогч бүрд бүрдүүлэх нь төрийн үүрэг, иргэний үндсэн эрх, засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын биелэл тул:
- Санал авах байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд тохиромжтой байдлаар бэлтгэх, энэ талаарх стандартыг чанд мөрдөх, санал авах байрыг барилгын хоёр болон түүнээс дээш давхарт, эсхүл хонгилын давхар (подваль)-т байршуулах, өндөр довжоотой, орц гарц хүртээмжгүй, санал авах байрны мэдээлэл, тэмдэглэгээ ойлгомжгүй байх зөрчлийг давтахгүй байх;
- Харааны бэрхшээлтэй иргэд санал авах байранд чөлөөтэй зорчих, саналаа нууцаар гаргах нөхцөлийг хангах, санал гаргах талаарх зааварчилгыг сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст ойлгомжтой хүргэх;
- Саналын хуудсыг бөглөх, санал тоолох машинд уншуулах туршилт, мэдээлэл, сурталчилгааг хүртээмжтэй явуулж, саажилттай, харааны бэрхшээлтэй, өндөр настай зэрэг саналын хуудаст бүтэн тэмдэглэгээ хийх боломж хязгаарлагдмал иргэдийн санал гээгдэхгүй байх техникийн тохиргоог бүрдүүлэх.
Гурав. Хүсэл зориг, үзэл бодлын чөлөөт илэрхийллийг сахин хамгаалах
Сонгууль бүхэлдээ төрийн эрх барих байгууллагын төлөөллийг сонгох ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, сонгуулийн үеэр улс төрчид, намууд, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх, тайван жагсаал, цуглаан зохион явуулах нь ардчилсан улсад ердийн үйл явц тул:
- Улс төрч, улс төрийн нам, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгөх, ил, далд хэлбэрээр сануулах, биеэр болон харилцаа холбооны хэрэгслээр сүрдүүлэх, дарамтлах, хүсэл зоригийг мохоох аливаа үйлдэл гаргахгүй байх;
- Иргэн хууль ёсны үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлснийхээ улмаас бусдын дарамт, халдлагад өртөхөөс хамгаалах арга хэрэгслийг идэвхжүүлэх;
- Тайван жагсаал, цуглааныг цагдаагийн байгууллага хамгаалж дэмжих, эсрэг шаардлага бүхий зэрэгцээ цуглааныг зохицуулах туршилт, дадлага хийж, бэлтгэл хангах;
- Санал авах байрны хяналтын камерыг сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхэд саад учруулахгүйгээр байрлуулж, шаардлагатай тохиолдолд Хүний эрхийн Үндэсний Комиссоос тухайлсан зөвлөмж авах.
Дөрөв. Үзэн ядалт, хүчирхийлэл, үндэсний эв нэгдлийг бусниулахад уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэлтэй тэмцэх
Хоруу болон ташаа мэдээлэл нь сонгуулийн үед хүний нэр төр, аюулгүй байдалд заналхийлж, нийгмийг талцуулж, хүчирхийллийг өдөөж болзошгүй бөгөөд энэ эрсдэлийг цахим технологи, хиймэл оюуны хөгжил, олон нийтийн сүлжээ хурцатгах боломжтой тул:
- Улс төрч, улс төрийн хүчнүүд үзэл ядалт, хүчирхийлэлд уриалахгүй, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй, эмэгтэй улс төрчийг хүйсийн хувьд гутаан доромжлохгүй, сонгуулийн сурталчилгаанд хүүхдийг ашиглахгүйгээр хүнлэг, шударга улс төрийн өрсөлдөөн явуулах;
- Хиймэл оюун, олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэл бүхий контент бүтээхэд сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа, технологи хөгжүүлж байгаа хүн, хуулийн этгээд оролцохгүй байх, ийм мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийт цахим болон биет орчинд түгээхгүй байх;
- Мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээллийг санаатай тараасан гэмт үйлдлийг таслан зогсоох, мөрдөн шалгах, мэдээллийн тархалтыг хязгаарлах чиг үүрэгтэй албан үйл ажиллагааг идэвхжүүлэх, албан бус механизм (Factcheck зэрэг)-ийг дэмжих, албан болон албан бус хяналтын механизмуудын хамтын ажиллагааг сайжруулах;
Тав. Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах
Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах нь цахим эрин үеийн сонгуулийг шударга явуулах үндэс тул:
- Хүний хувийн мэдээллийг хамгаалж, иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээллийг хуулиар эрх олгогдоогүй этгээд ашиглах, боловсруулах, сонгогчдыг мөнгө, эд зүйл, бусад амлалтаар татах зэрэг хууль бус үйлдэлд ашиглахаас хамгаалах, ийм зөрчлийг шуурхай таслан зогсоох, хариуцлага тооцох механизмыг идэвхжүүлэх, энэ талаар олон нийтэд сурталчлах;
- Сонгуулийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг дээд хэмжээнд хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах;
Зургаа. Зөрчил, маргааныг шуурхай шийдвэрлэх
Сонгуулийн үед зөрчил, маргаан шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллагууд шуурхай, баримтад үндэслэсэн шийдвэр гаргах нь үйл ойлголцол, талцал, хурцадмал байдлаас сэргийлэх үндсэн нөхцөл тул:
- Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн тухай гомдол, маргааныг Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, цагдаагийн байгууллага, шүүх шуурхай шийдвэрлэх, шийдвэрийн үндэслэлээ маргаанд оролцогч талууд, олон нийтэд ойлгомжтой тайлбарлах бэлэн байдлыг хангах;
- Жагсаал, цуглаан тайван бус, хүчирхийллийн шинжтэй болсон буюу болзошгүй нь баримтаар тогтоогдох үед зөвхөн эрсдэлт нөхцөл байдалд зохистой хэмжээнд албадлагын арга хэмжээ хэрэглэх, жагсаал, цуглааны зарим хэсэг тайван бус болсон нь түүнийг бүхэлд нь албадан тараах үндэслэл болохгүй болохыг цагдаагийн алба хаагчдад нэг мөр таниулах, жагсаал, цуглааны үеэр авсан албадлагын арга хэмжээний эрх зүйн үндэслэл, үүссэн нөхцөл байдалд тохирсон эсэхийг олон нийтэд шуурхай мэдээлэх;
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс сонгуулийн үйл явцад хяналт тавьж, хүний эрхийн зөрчлийг баримтжуулан дүн шинжилгээ хийж, холбогдох эрх бүхий байгууллага иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахын сацуу хүний эрх, эрх чөлөөг хөндөх аливаа үл ойлголцол, зөрчил, маргаан, үүссэн тохиолдолд асуудлыг яриа хэлэлцээр, зөвшилцлийн аргаар шийдвэрлэхэд идэвхтэй оролцоход бэлэн болохыгоо илэрхийлж байна.
Эх сурвалж: Хүний Эрхийн Үндэсний Комисс