Дархан, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн “Зулзагын гол” хүүхдийн зуслан зуны нээлтээ хийлээ. Нэгдүгээр ээлж “Тэгш оролцоо” төвийн бүсийн цугларалтаар эхэлж байна. Энэ удаад Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 300 гаруй хүүхэд амрахаар цуглажээ.
Нэгдүгээр ээлжийг олон улсын зусланд багшилдаг туршлагатай, шилдэг найман багшийг урьж хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Тодруулбал багш нар олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Сансар зусланд 3-9 жил ажилласан туршлагаа "Зулзагын гол" зуслангийн багш нартай хуваалцах аж.
Жил бүр хүүхдийн зусланд засвар, шинэчлэл хийж байгаа төдийгүй энэ жил задгай театр, сагсан бөмбөгийн талбайг ашиглалтад оруулж, гэрэлтүүлэг, амрах байрыг засварлажээ.
“Анимед дурлагсад”, “English camp”, “Эрдэмтэн Нада” гэх мэт өөр өөрийн онцлогтой нийт найман ээлжид хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөсөн аж.
Дархан-Уул аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан зуслангийн бүртгэлийг удахгүй цахимаар хүлээн авахаар ажиллаж байна.