ЖДҮ-ийн зээлийн хэрэгт дахиад шинэ холбогдогчид нэмэгдлээ. Одоогоор УИХ-ын 12 гишүүн, Засгийн газрын хоёр гишүүн ЖДҮ-ийн сангаас зээл авсан нь ил гараад байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Энхболдын туслах Энхтайваны Чагнаасүрэн “Хас говь транс” ХХК буюу ББСБ-даа ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авчээ.
Ерөнхийлөгчийн ах Х.Баттуулын “Милл хаус” ХХК гурилын үйлдвэр Мал хамгаалах сангаас хоёр тэрбум төгрөг хүүгүй зээлээд 1,6 тэрбумыг зориулалт бусаар ашигласан байна. Зээл төлөлт наймдугаар сарын 1-ний байдлаар “тэг” хувьтай гэж “Алтан тариа”-н П.Цэнгүүн захирал жиргэв. ЖДҮ-ийн сангаас авсан зээл нь бас хоёр тэрбум гэж байгаа. Энэ тухай мэдээллийг У.Хүрэлсүх, Б.Батзориг нарын үед ЖДҮХС-гаас зайлуулагдсан хуучин ня-бо нь “анти Хүрэлсүх”-тэнгүүдэд аваачиж өгсөн гэхээр лав худлаа биш байх.
Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Зээл авсан гишүүддээ улс төрийн хариуцлага тооц, Намын бага хурлаа яаралтай хуралдуул” гэж МАН-ын даргад хэлснийхээ төлөө намын бүлгийн даргын ажлаа өгөв. Гэвч бууж өгөхгүй, “өнөөдрөөс эхлэн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулна” гэснээс үзвэл асуудал дуусаагүй бололтой. Үүн дээр хаалттай хуралдааны үеэр “Х.Хаянхярвааг огцруулахгүй” гэж санал өгсөн МАН-ын бүлгийн 27 гишүүнд найдахаас өөр замгүй. Ядаж л зээл авч чадаагүйдээ гомдоод зурна биз дээ.
Харин АН-ын дарга одоохондоо нам жим байна. У.Хүрэлсүхийн чуулган дээр хэлсэн “Ганц намын асуудал биш шүү” гэдэг сануулгаас айсан биз. Адилхан нам дотор нь ч гэсэн хулгайч байгаа гэсэн үг. Ядаж л өмнөх УИХ-ын үед уусан идсэнийг нь ухаад эхлэхээр тэгсгээд нам болов. Яагаад дуугаа хураачив гэхээр “МАН дотроо алалдаж байхад маний хэрэг юун” гэх. Яс юман дээр “утсан чинээ улаан амиа” л бодсон хэрэг болов уу. Уг нь бол ийм юман дээр сөрөг хүчин жинхэнээсээ, тултал нь улс төр хийдэг газар. Даанч төдийгөөс өдий хүртэл туулсан зам нь ав адилхан юм даа. Тиймгүйсэн бол юундаа л ширээн доогуураа орох билээ. Дуугарч байгаа нь хөөрхий боломжоо алдсан жижиг дундынхан.
Саяхан нэг залуугийн тайлан нийгмийн сүлжээнд тавигдсан байна лээ. ЖДҮХС-гаас зээл авч чадалгүй ББСБ-аас мөнгө зээлсэн тухай. 40 м.кв байраа банк бусад тавиад 19 сая төгрөг зээлж, жилийн дотор долоон сая төгрөгийн хүү төлсөн. Жижиг дундынхан ийм л байдаг. Үсрээд 200 саяын зээл хүснэ. Түүнийхээ барьцаа хөрөнгө гэж байдгаа банкинд тавина. УИХ, Засгийн газрын гишүүд шиг тэрбум тэрбумаар нь авахгүй. Яагаад гэвэл зээлийн баталгаа буюу үндсэн хөрөнгө гэж юм байхгүй учраас. Харин манай гишүүд юу гэлээ? “Барьцаа хөрөнгө нь хүрээд зээлийн шаардлага хангасан учраас зээл авсан” гэж Н.Оюундарь гишүүн хэлсэн. Дээрэлхэж чадж байгаа юм шүү.
Одоо МАН дотор жинхэнэ “том гарын” зодоон эхлэх гэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараачийн далайлтаар УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг албан тушаалаас нь чөлөөлнө гэв. С.Батболдын асуудлыг НИТХ-ийн хурлаар шийдэх ёстой. Харин М.Энхболд яах бол?
Ямартай ч дээдчүүдийн дунд “үхэх сэхэхээ үзэх” эцсийн тулаан удахгүй эхлэх бололтой. Эсвэл ингэсгээд ханцуй дотроо тохиролцоод нам болж ч мэднэ. МАН ингэж сурсан нам л даа. Учиргүй нэг шуурганаар явчихгүй л болов уу. Гэвч энэ зодооноос “гэм зэмгүй” иргэд юу хожих бол? Яг үнэндээ ЖДҮ болон Засгийн газрын бусад сангуудад үүсээд байгаа дарга нарын бие биедээ найр тавьсан энэ ууж идэлтийн уг сурвалж нь бид өөрсдөө гэдгийг гадарласан болов уу?
2012 оны сонгуулиар МАН сонгогчийн саналыг 20 мянгаар хулалдаж авсан. Сүүлийн сонгуулиар 100 мянга хүрсэн. МАН-ын сонгуулиар тараасан тэр бүх “гарз хохирол” нийлж цуглаад өнөөдөр бидний халааснаас, бидний боломжоос, ЖДҮ-ийн сангаас төлөгдөж байгаа гэдгийг ухаарсан болов уу? Олуулаа нийлээд цөөнхийнхөө боломжийг хулгайлснаа мэдсэн болов уу? Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд бий. Харин бид одоо хавханд байна. Засгийн газар хэдэн удаа солигдлоо ч бид 60 тэрбумынхнаас салж чадахгүй. Тэд зарцуулсан мөнгөө ямар ч аргаар хамаагүй буцаагаад нугалаад авна. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулахдаа, төрийн байгууллагаас үйлчилгээ авахдаа, эсвэл ажилд орох, албан тушаалын шат, гишгүүр ахих тоолондоо бид татвараа төлсөөр л байх болно. Чөтгөрийн тойрог үргэлжилнэ. Энэ л бодит байдал. Яагаад гэвэл энэ бүхэн бидний хийсэн сонголт. Бид л энэ замыг сонгосон шүү дээ.
Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг. Харин бид “Таныг төлөөлж, таны эрх ашгийн төлөө тэр танхимд чинь сууя” гээд ирсэн хүний ухааныг нь уудлахаас илүү халаасыг нь тэмтэрч үзээд буцаадаг. Мөнгөгүй, өгөхгүй гэвэл бараг л гуйлгачин шиг үзнэ. Өөрсдийнхөө төлөө сонголт хийж байж албатай юм шиг шан харамж нэхнэ. Мөнгөтэй хүн харахаараа аав ээжээ хүртэл мартана. Сайхан үг, хоосон амлалтад балчир хүүхэд шиг хууртана. Үнэн үг хэлсэн хүнд учир шалтгаангүй өширхөнө. Өөрсдийнхөө алдаанд өрөөлийг дандаа буруутгана. Эцсийн эцэст энэ бодлогогүй, харанхуй, гэнэн байдал чинь төрд гарсан хувалзуудыг тэжээж тэтгэх хөрс суурь нь болж байна. Яг үнэндээ нэг нь нөгөөгөөсөө ялгарах юмгүй хог шаарууд эрх мэдлийн төлөө зодолдож байна. Бие биенийхээ муу муухайг ухах тусмаа хурдан цэвэршинэ. Харин бидний толгой доторх хог новшийг хэн цэвэрлэх вэ?
Б.СЭМҮҮН
Зургийг ikon.mn-ээс