Нийслэлийн Засаг даргын “Замын хөдөлгөөнийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн захирамжийн хүрээнд Зайсан тойруу болон Дүнжингаравын замын зарим хэсгийг нэг чигийн хөдөлгөөнд оруулж, ХААИС-ийн зүүн хойд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн.
Гэвч Зайсан тойруу орчимд амьдардаг иргэдээс тус шийдвэрийг цуцлах шаардлага ирүүлсээр байгаа. Иргэд "Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор Хан-Уул дүүргийн 11, 22 дугаар хорооны 20 мянган байнгын оршин суугчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон үйл ажиллагаа явуулж байгаа мянга гаруй аж ахуйн нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа тул иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд оруулах"-ыг хүсжээ.
Тиймээс Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг хуучин хэвд нь оруулах эсэх асуудлаар олон нийтээс нээлттэй санал авахад оролцогчдын 80 орчим хувь нь цуцлахыг дэмжсэн байна.
Иймд “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны А/181 дүгээр захирамжийг хүчингүй болголоо. Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 8-ны өдрөөс хуучин зохицуулалтаар явуулж эхэллээ.
Гэвч хуучин зохицуулалтаар явсуулснаар оройн оргил ачааллын цагийн үеэр хотын төвөөс гадагшлах хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж Зайсангийн зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингаравын зам зэрэг гудамж замуудад ачаалал үүсэж болзошгүйг албаны хүмүүс анхааруулсан байна.
Сэтгэгдэл (1)