Бүтэн жилийн турш дугуйтайгаа 20 улсаар дамжин 14 мянган км зам туулж, мөрөөдлөө биелүүлсэн Б.Очирваань энэ сарын 11-ний өглөө эх орондоо ирнэ.
“Манчестер Юнайтед” багийн хөгжөөн дэмжигч, Уэйн Рүүнийг шүтэн биширдэг Батболдын Очирваань 2023 оны тавдугаар сард Манчестер хотыг зорин дугуйгаараа хөдөлсөн юм. Мөрөөдлөө биелүүлж, Уэйн Рүүнитэй уулзан, “Олд Траффорд” цэнгэлдэхэд шоу тоглолтод оролцсон Б.Очирваань энэ сарын 9-ний өдөр 17:00 цагт Манчестераас хөдөлж, Истанбулаар дамжин 11-ний өглөө 07:00 цагт Монголдоо бууна хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрээр “Нисэх дээр буугаад хурдны зам дуустал машинаар яваад 10:00 цагаас Нисэхийн тойргоос талбай хүртэл дугуйтайгаа явна. Нисэхийн тойргоос эсвэл талбай орох замаас маань дугуйтайгаа нэгдээд хамт жийж болно шүү! Миний санаа талбай дээр аль болох олуулаа дугуйтай парад үүсгэж очвол Улаанбаатарт дугуй унадаг хүмүүс хэр их болсныг хотын удирдлагууд маань хараг бас дугуйчдынхаа аюулгүй байдлын төлөө анхаарал хандуулах, хөдөлгөөний зөв зохицуулалт хийх цаг болсныг ойлгоосой гэсэн үүднээс ингэж явахаар болсон юм” гэв.