Олигархи гэж яг юу болохыг, олигархууд гэж яг хэнгүүд болохыг ЖДҮ-ийн хэрэг явдал гайхалтай тодруулж өглөө.
Төрийн эрх мэдлээр бизнес хийдэг цөөнхийн засаглалыг олигархи, төрөөс төрсөн тэрбумтнуудыг олигархиуд гэдэг болохыг урьд нь зөндөө хэлж байсан боловчиг олон түмэнд нэг олигтой бууж өгөөгүй юм. Сүүлдээ чинээлэг иргэдээ олигархи гэж эндүүрэх нь элбэг болсон юм. Ашгүй ЖДҮ-ийн хэрэг дэлгэгдэж, олигархиуд яаж олигархиар мөнгө олж баяждаг болохыг, капиталистуудаас авахуулаад ядууст хүртэл олон таван үггүй ойлгууллаа.
ЖДҮ бол ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зориулалт бүхий бизнес эрхлэгч капиталистуудын "горьдлогын сан" байсан юм. Гэтэл нөгөө эх үүсвэрийг нь УИХ-ын гишүүд хувааж аваад буцаагаад илүү өндөр хүүтэйгээр бизнес эрхлэгчдэд зээлж байсан байгаа юм даа. Монголын капиталистууд олигархиудад зэвүү нь хүрч байна. Цаагуураа их ууртай байцгаана билээ. Уг нь манай капиталистууд арчаагүй аймхай улс л даа. Уураа их нууна. Алдах юмтай болохоор аргагүй биз.
Аймхайгаасаа болоод дандаа олигархиудад дээрэлхүүлж, дээрэмдүүлж ирсэн. Бас болоогүй, өршөөл эрдэг юм уу яадаг юм, сонгуулийг нь санхүүжүүлнэ. Олигархиуд нь эрх мэдэлтэй болмогцоо сурсан зангаараа эргээд төрийн эрх мэдлээр далайлган дарамталж дээрэмдэнэ. Ингэсээр Монголын капиталистууд олигархиудын "хамжлага албат" болсон билээ.
Угаасаа, олигархиуд капиталистуудаас өөр хэнийг дээрэмдэх билээ. Бизнес эрхлэгч капиталистууд нийгмийн баялаг бүтээж, түүгээрээ орлого олж байдаг хүмүүс юм чинь. Капиталист гэдгийг орчуулах аваас баялаг бүтээгч гэсэн үг юм. Гэхдээ өнөөдөр капиталистууд ганцаараа уурлаагүй байна. Нийгмийн бусад анги давхарга тэдэнтэй нэгдэж байна.
Ажилгүйчүүд, ядуучууд бас бөөн уур. Яагаад гэвэл ажилгүйдэл, ядуурлыг бууруулах ёстой төрийн сангийн мөнгийг олигархиуд мэхэлж аваад ажлын байр бий болгохын оронд хүүлж суугаа нь илэрчихлээ.
УИХ-ын гишүүн болох гэж улайраад байсны цаана, үнэндээ халаасны хулгайчид шиг ийм арчаагүй өчүүхэн сонирхол нуугдаж байсныг нь олж харсан сонгогчид ч маш их эгдүүцэж байна.
Олигархиуд урьд өмнө хэзээ ч ийм их өргөн цар хүрээтэй олон түмний дүргүйцэлтэй тулж байгаагүй. Тэдний орон гэр болсон Ардын нам ч үүнийг үзээгүй. Тэгээд, жидүүтсэн (яртсан) олигархиуд тэвдэж багтрахдаа нам нэгт нөхдийнхөө ч булайг дэлгэж байна. Биднээс илүү хулгайч манайд бас байна гэж харуулах гээд байгаа бололтой.
Дотооддоо шившгээ хутгалцаж эхлэхтэй нь зэрэг, олигархиудаасаа олны анхаарлыг холдуулах гэж сандарсан Ардын нам элдвийн гүтгэлгийн кампанит ажлыг явуулж эхэллээ. Тэр жил ардчиллынхныг, Зоригийг хөнөөсөн хэрэгт хуугаар нь гүтгэн сонгуульд ялсан шигээ улайрчээ.
Гүтгэх, хэлмэгдүүлэх бол Ардын намын "цусны зан" бөгөөд энэ намын намтар нь гэмгүй улсыг гүтгэн хэлмэгдүүлэх түүхийн товчоо. Гүтгэх "урлаг"-ийн гарын авлага ч гэж болно. Ардын нам өнөөдөр гүтгэлгийн "жад"-аа АСЕМ руу чиглүүлж байгаа нь л тун тоогүй. Саяхан АСЕМ-ийн арга хэмжээг нэр төртэй сайхан хийлээ гээд жинхэнэ монголчууд баяр хөөр болцгоож байсан юмсан.
Ардын нам интернэтээр фэйк мэдээ эвлүүлэн цацаад хойноос нь аварга Бат-Эрдэнэ тэргүүтэй боловсрол дундуур нөхдөөрөө УИХ дээр цууруулав. Мөнөөх фэйк мэдээгээр нь Сайханбилэг АСЕМ-ийн арга хэмжээнээс 76 тэрбум идэж "түрүү" аваад, Бат-Үүл миний бие 33 тэрбум төгрөгөөр "үзүүрлэж" байх юм. АСЕМ-ийн хэрэгт миний хүү Чулуудай хөөрхий бас холбогдчихож! Нийтдээ АСЕМ-ийн арга хэмжээний 120 тэрбум төгрөгийг бидний бүлэг хүмүүс "шаачихаж" гэнэ.
Тэгэхээр Ази, Европын ерөнхийлөгчид, ерөнхий сайд нар, тэр бүү хэл нутагт нь террорист халдлага болчихоод байхад ач холбогдол өгч нисэж ирсэн Францын гадаад хэргийн сайд зэрэг эрхмүүд, Сайханбилэг тэргүүтэй Монголын бүлэг "луйварчид"-тай найрлачихаад яваад өгсөн болж таарч байх шив дээ?! Тэгээд, жишээ нь, Меркель авхай ус ууж, гадил идэж, гадаа хоноглоод буцсан болж таарлаа, арга хэжээний мөнгийг нь шаачихсан юм чинь?!
Ямар сүнсгүй, ямар цайрчихсан гүтгэлэг вэ дээ! Ядахдаа Монголынхоо нэрийг бодвол нүүр битгий хэл бөгс улаймаар юм.
Европын өвчтэй популистууд шүүрээд Европ даяар шуугивал хөгийн дөө!? Оросын троллерууд Европоор нэг цацвал хогийн доо!?
Аварга Бат-Эрдэнэ мундаг бөх. Мундаг бөх байна гэдэг нь боловсрол сайтай байна гэсэн үг биш. Бат-Эрдэнэ боловсрол дундуур хүн гэдэг нь УИХ-ын гишүүн болсноос нь хойш тод харагдах болсон. Нэн ялангуяа улсын гадаад бодлого, эдийн засгийн бодлого мэтийг хэлэлцэх үед бүр үзүүлээд өгнө.
Боловсрол дундуур байх гэдэг нь дээд боловсролын дипломтой хэдий ч оюун бодлоо ажиллуулах аргад сураагүй хүн гэсэн үг. Сонссоноороо цуурдаг "диплом" гэсэн үг. Ховч авгай нар ч ийм зэргийн "боловсрол”-той билээ!
Мань эр АСЕМ руу дайрч байгааг нь харахад, дундуур боловсролтойгоос гадна бас, жинхэнэ монгол хүн мөн үү гэмээр!? Тангадын сүнс биш байгаа гэлтэй!? Тангадууд, өөрсдийг нь мөхөөж буй Чингисийн монголчуудыг "үеийн үед үр садаараа, юу ч мэдэхгүй байг, мэдэхгүйгээ мэдэхгүй байг" хэмээн хараасан юм гэсэн! Бат-Эрдэнэ тангадын хараалыг тээж яваа юм уу гэлтэй дөвчигнөж байх юм.
Яагаад ингэж бодов гэхээр, аварга Бат-Эрдэнэ, Чингисийн эзэнт гүрнээс АСЕМ хүрсэн "Монгол" хэмээх олон боть бичвэрийн санааг тунгаан бодож чадаагүйгээс гадна бас хүсээ ч үгүй юм байна шүү дээ! Тэгвэл, АСЕМ-ийн "зохиогч" нь монголчууд юм гэдгийг мэдвэл зохино!
Монголчууд, Чингисээс Мөнх хааныг хүртэл хугацаанд Европ, Азийг дамнасан их гүрэн байгуулсан. Ийм их гүрнийг монголчуудаас өөр өмнө ч, хойно ч, хэн ч, хэзээ ч байгуулж чадаагүй билээ.
Мөнх хаанаас Францын хаанд илгээсэн захиаг харвал тэр үеийн монголчууд дэлхийг даяарчилж энх амгаланг эгнэгт тогтоох хүсэлтэй байж. Захианы аяс нь 13-р зуундаа таарсан түрэмгий байж таараа л даа. Гэхдээ, глобалчлал бол бэлчээрийн сайныг дагадаг нүүдэлчдийн хүсэл болох нь уг захианаас харагдана.
Мөнх хааны зарласан Их хуралдайд Европ, Азийн хаад, ван, гүн, эсвэл тэдний элч төлөөлөгчид хуран цуглардаг байв. Өнөө цагийн АСЕМ-ийн чуулган гэсэн үг л дээ. Их хуралдай бол АСЕМ-ийн анхдагч нь байсан гэх түүхийн баримт, ямар ч деконструкцид өртөхгүй, ямар ч мэхтэй тект (бичвэр)-ээр гуйвуулах боломжгүй зүйл юм. "Зохиогч" нь гэхийн учир энэ юм.
Мэдээж 13-р зууны Их хуралдай, 21-р зууны АСЕМ-ийн чуулганы хооронд хэлбэр болоод утгын хувьд хол зөрөөтэй байлгүй яахав. 200 орчим жил тогтсон Монголын эзэнт гүрэн мөхөхөд Орос, Хятад гэсэн ирээдүйн хоёр их гүрэн төрсөн. Түүнээс хойш хоёр их хөрш маань хоорондоо найртай байвал Монгол амар амгалан байж, хоорондоо үзэлцээдэхвэл "хадан завсар хавчуулагдсан халиуны зулзага" мэт болж явсаар иржээ. Баабарын "Монгол түүх" номонд энэ байдлыг "Тэд Хятадыг ханиахад навтайж, Оросыг найтаахад цочих болсоор хэдэн зууныг үдэн 21-р зуунтай сая золгожээ" хэмээн ончтой дүрсэлсэн буй.
Ийн зүтгэсээр 20-р зууны төгсгөл 90 онтой золгоход Монголд ардчилал ялж, хадан завсар хавчигдсан халиуны зулзага мэт Монгол өөрийгөө мэддэг "Улс шиг улс" болов.
Ардчиллын ачаар, монголчууд түүхэндээ анх удаа буруу ч бай, зөв ч бай, алдаатай ч бай, оноотой ч бай өөрсдөө төр засгаа сонгон байгуулдаг болсон байна. Ард түмнээсээ сонгогдож, зөвхөн өөрийн ард түмнээс айхаас өөр дарамтгүй болсон Монголын төр гадны хэнээс ч зөвшөөрөл эрэхгүйгээр гадаад бодлогоо явуулах болсон. Тэгээд 800 жилийн хойно ахин Европ, Азийн "ноёд"-ыг цуглуулан "Их хуралдай" буюу АСЕМ-ийн чуулганыг зохион байгуулсан билээ.
Би АСЕМ-ийг зохион байгуулах ажилд оролцож байснаараа маш их бахархдаг!
Улаанбаатар хотынхоо гудамж, замыг засаж цэмбийлгээд янзтай болгосон. Ирсэн зочид манай хотын цэвэр цэмцгэрийг магтсан гэсэн. Жаргалантын аман дахь "Чингисийн хүрээ" цогцолборт болсон хүндэтгэлийн арга хэмжээний бэлтгэл хангах ажлыг би ерөнхийлөн удирдаж зохион байгуулсан. Олон орны зочдод, монголчууд ямар гайхалтай ахуй болон соёлын өвтэй болохыг харуулах гэж байдгаараа хичээсэн.
Харамсалтай нь, би сонгуульд ялагдчихаад ажлаа өгчихсөн тул тэр сайхан арга хэмжээндээ биеэр оролцож чадаагүй. Харин, салхи борооноос болоод паакталчих бий дээ хэмээн сэтгэл зовнин, хөдөө гэртээ телевизээр үзээд хавчиганаж суусан. Гэтэл, өвөг дээдсийн сүнс тэнгэрээс тушаасан юм уу, хүндэтгэлийн арга хэмжээгээ сайхан явуулаарай гэсэн шиг хангай дэлхий маань энхрий сайхан аашилсан даа.
Хүндэтгэлийн арга хэмжээ супер болсныг Европын томчуул амаа олохгүй магтаж байсан. Надаас дөнгөж ажлаа хүлээж аваад байсан Батболд аз хийморь, цог золбоотой байлаа!
Би телевиз үзэн хавчиганаж суухдаа, энэ гайхамшигт мөчийг үзэж чадаагүй аавыгаа, Зоригийг, МоАХ-ын партизанууд, тайван хувьсгалын үүдийг нээсэн Батмөнх гуайг, Үндсэн хуулийн эх баригч Чимид гуайг, "улс шиг улс" болохсон гэж санааширч явсан Намсрай гуайг, бүр цаашлаад Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Бодоо, Данзан, Сүхбаатар, Орост цаазлуулсан Ерөнхий сайд Амар гээд олон эх орончдын тухай бодоод хоолой зангирч суусан. АСЕМ-ийн арга хэмжээг зохион байгуулах эрхийг олж, АСЕМ-ийг тал нутагтаа авчирсан Элбэгдорждоо талархаж байлаа.
Би одоо АСЕМ-ийн арга хэмжээний бичлэгийг бүгдийг нь олж авах санаатай. Түүнийг цуглуулж эмхтгээд ач, зээ нартаа дурсгал болгож өгнө өө! Тэд маань, өвөөгөөрөө бахархаж үр хүүхдүүддээ өвлүүлэх учиртай.
Би 1988 онд дарангуйллын эсрэг тэмцэх нууц бүлгэмийг Цогтсайхан, Амарсанаа, Насанбөх зэрэг хэсэг нөхдийнхөө хамт байгуулан тэмцээд, Нийгмийг Аюулаас хамгаалах яаманд баригдан очиж, тасгийн даргад нь "цаазаар авахуулах ялтай хэрэгтэн" хэмээн зануулснаас хойш гучин жил, монголчуудынхаа эрх чөлөөний төлөө үзэлцэхдээ элдвээр гүтгүүлэн доромжлуулаад сайн нэрийг дуулаагүй юм. Надыг гүтгэн тохоосон нүгэлүүд нь ад зэтгэрт ч ахдахаар байлаа. Би "ноход хуцавч тэмээн жин явдгаараа явна" хэмээн өөрийгөө тайвшруулан олон гүтгэлгийг тэвчин мунхаглаж ирсэн.
Одоо АСЕМ-ийн гүтгэлэг дээр яавч тэгэхгүй! Хөлөө хүрэх газар хүртэл заргалдана. Заргалдаад зогсохгүй заавал хариу хариуцлага нэхнэ. Гүтгэгчдийг өршөөхгүй. АСЕМ-ийн гүтгэгчдийн цаана Монголын нэр төрийг унагах гэсэн бүлэг "хулхи монгол" нуугдаж байгаа. Тэднийг илчилнэ. Илчлээд ч зогсохгүй дээ!
Ингэх нь миний үүрэг. Учир юу гэвэл АСЕМ бол улсаа улс шиг улс болгохын төлөө хийсэн 90 оны хувьсгалын нэр төрийн баяр байсан юм. Зөвлөлтийн колончлолоос чөлөөлөгдөөд жинхэнээсээ бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс болсныг гэрчилсэн баяр байсан юм. Жинхэнэ монголчуудын баяр. Гаднын гар хөл болсоор ирсэн хулхи монголчуудыг ялж дийлсний баяр байсан юм. Түүнийгээ Бат-Эрдэнэ мэтийн түүхээ мэддэггүй хулхи монгол "чацга"-аар гутаалгахгүй ээ!
Э.Бат-Үүл /baabar.mn/
Сэтгэгдэл (3)