Дээд шүүхээс УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэдийн лавлагааг 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос дугаар сарын 25-ны өдрийг дуустал хүлээн авч, хуульд заасан журмын дагуу олгох ажлыг зохион байгуулжээ.
Энэ сарын 25-ны өдрийн байдлаар сонгуульд нэр дэвших хүсэлтэй 1,562 иргэнд давхардсан тоогоор нийт 1,594 лавлагаа олгосон байна. Үүнд:
- Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөртэй эсэх лавлагааг 96 иргэнд
- Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас ирүүлсэн тодорхойлолтоор төлбөртэй 42 иргэнд
- “Иргэдийн банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй” гэсэн лавлагааг давхардсан тоогоор 1,456 иргэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол, төлбөргүй гэсэн тодорхойлолтоо дахин ирүүлсэн 6, улс төрийн нам, эвслээ өөрчлүүлэх хүсэлт 14, бусад шалтгаанаар 12 иргэн дахин лавлагаа авах хүсэлт ирүүлсэн тул олгожээ.
Түүнчлэн 1,594 лавлагаанаас албан бичгийн хэвлэмэл хуудсаар албажуулсан 49, Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн И-Монголиа цахим системээр боловсруулан, хянуулж, тоон гарын үсгээр баталгаажуулсан 1,545 лавлагааг Сонгуулийн Ерөнхий Хороонд цахимаар бүрэн илгээсэн болохыг Дээд шүүхээс мэдээлэв.