Өнөөдөр Ардчилсан намын дэргэдэх Эрүүл мэндийн салбарын бодлогын зөвлөлөөс дараах мэдээллийг хийлээ.
Анагаах ухааны доктор, профессор Н.Одонгуа "Сүүлийн жилүүдэд өвчлөл, нас баралтын тоо эрс нэмэгдэж байна. Гэтэл өвчлөлийн шалтгааныг тодруулах интервенц огтхон ч хийгдээгүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд 30-аад мянган хүн амбулаториор үзүүлсэн бол, 10 мянган хүн амьсгалын замаар нэмэгдэж өвчилсөн, нэг жилд зуу, зуугаар шинэ хавдрууд үүсэж байна. Үүний шалтгаан нь юу гэхээр агаар, орчны бохирдолтой холбоотой юм. Үүнийг бид хуулиар зохицуулах бүрэн боломжтой" гэв.
Тодруулбал, Сум дээр байгаа хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар Улаанбаатар хот руу ирж байна. Үүнийг нь харсан үр, хүүхдүүд нь суманд амьдрахгүй гээд хот руу нүүдэллэж, цааш хотоос нүүдэллээд гаднын улс орон руу зорьж байгаа" гэдгийг онцоллоо.
Мөн тэрээр "Үүний хамгийн том эх үүсвэр нь эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжийн асуудалтай холбоотой. Жилдээ бид 200 сая доллароор гаднаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар явж байна. Энэ мөнгийг дотооддоо үлдээхийн тулд “Монгол-Японы” эмнэлэг шиг чанартай эмнэлгийг дүүрэг, аймаг бүрд барих мөнгийг гадагш урсгаж байгаа” хэмээн хэллээ.
Хүний их эмч Н.Болдбаатар "Ковидын үеэр төр маш олон оношлуур, тоног төхөөрөмж худалдан авалтыг хийж байсан. Үүний цаана танил талаараа шууд худалдан авалт хийдэг асуудал яригдана. Төрийн мөнгө, төсвийн мөнгө, татвар төлөгчид бидний мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулах нэрийдлээр гувчуулж байгааг онцоллоо. Тухайлбал эрүүл мэндийн салбарт зарцуулсан 1.4 их наядын төсөв хаана, юунд зарцуулагдав. Эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн сайд, дарга нарыг дагнасан ашиг сонирхлын сүлжээ бий болсныг ковидын үеэр илчлэн харуулсан. Ковид гарсан даруйд 1500 төгрөгийн амны хаалтыг 20,000 төгрөгөөр үнэлж байсан. Ковидоор өвчилсөн нэг өвчтөний эмчилгээний өртөг 8 сая байсан бол жилийн дараа 160,000 төгрөг болсон. Харин 1.5 жилийн дараа 70,000 төгрөг болсон. Гэвч үүнд хэн ч хариуцлага тооцоогүй" гэв.
Эрүүл мэндийн салбарын бодлогын зөвлөлийн гишүүн Ж.Отгонбаяр "Монгол Улсын бүртгэлээр бүртгэгдээд гэрчилгээ нь гарчихсан эм нь хэрэглэж болохгүй гээд дүгнэлт гарчихсаны дараа эмийн зах зээлээс эргээд татаж байх жишээний. Гэтэл цаана нь монгол хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа ч эрх мэдэлтнүүд хариуцлага тооцдоггүй" гэлээ.