Гэрэл зургийг MPA агентлаг
Өнөөдөр бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр. Уг өдрийн хүрээнд 75 орчим байгууллага, 100 гаруй иргэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2,600 орчим модны суулгац тарьсан байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 16-р хороонд байрлах "Нөхөрлөлийн ой" цэцэрлэгт хүрээлэнд болж буй өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 80 гаруй хүүхэд, залуусын хамт мод тарьжээ.
Тус цэцэрлэгт хүрээлэнд зургаан төрлийн навчит болон шилмүүст, нийт 3,000 мод тарьж ургуулахаар төлөвлөөд байна.
"Бүх нийтээр мод тарих өдөр" энэ сарын турш үргэлжлэх бөгөөд нийслэл хотын найман байршилд 300 гаруй байгууллага мод тарина гэдгийг Ойн Газраас мэдээлжээ.
2024 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР:
- 2.4 мянган га талбайг ойжуулах, нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах зорилгоор 3.1 сая мод тарина,
- 2.8 сая га талбайд ойн зохион байгуулалтын ажил хийж, ойн төлөв байдлыг үнэлнэ,
- Түймрийн 500 км халз болон шороон зурвас шинээр байгуулж, өмнө байгуулсныг сэргээнэ,
- 330 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэн, 1.2 тэрбум модыг доройтолд өртөхөөс сэргийлнэ,
- 1.3 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийнэ,
- 130 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулна,
- Мод үржүүлгийн газруудад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх юм байна.