x

Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал

Уран сайхандах өвчин дон, уран сайхны хийрхэл, хий үзэгдэл, уран сайхнаар өвчлөх, жигүүрлэх, шашинжах, өөр юу гэе дээ, хэлэх үг олдохгүй! Гэхдээ Монголд ялчихаад байна, яалт ч үгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй!

Логик үзэгдэл–ХЭЛБЭР ба АГУУЛГА гэж нэг юмны хоёр тал байлаа гэхэд ХЭЛБЭР нь нэвт ялсаар ирсэн ба ялсаар ч байна. АГУУЛГА нь дандаа хоцорно, ялагдана, бараа сураг ч үгүй.

ХЭЛБЭРгэдэг нь манай нийгэмд ил байж байгаа, цэцэглэн байгаа нийгмийн салбарууд, үзэгдлүүд. Тодорхой хэлье. Түүхэнд байгаагүйгээр урлаг уран сайхан, уран зураг, уран баримал (хөшөө), чимэглэл, уран барилга, уран зохиол, шүлэг яруу найраг, магтаал ерөөл, нийтийн ба зохиолын дуу (хязгааргүй), дуучин, үндэсний чамин дээл хувцас, монгол гэр урлал, хөөрөгний урлал–“уран”, “уран” гэснүүд, тэдгээрийг дагалдах үзэгдэл (шувтан үзэгдэл) хол тасархай хөгжлөө. Ном хэвлэлийн чанар чансаа, тоо хэмжээ, номын худалдаа, ном бичигч ч тоогоо алдлаа. Би 3.5-хан сая хүн амдаа хувааж үзээд тасархай гээд байгаа хэрэг.

Цааш нь нэмье. Монгол хүний уран сайхны сэтгэлгээ, уран сайхны дон, уран сайхны тархинд нь тохирсон Төрийн одон медаль, шагнал урамшил, ялангуяа үй түмээрээ ярайх гавьяатууд, Төрийн бүх шатны байгууллагын элдэв цол өргөмжлөл, хүндэт тэмдэг, ойн медаль, мэргэжлийн цол тэмдэг, өргөмжлөл, Төрийн бус элдэв байгууллага, улс төрийн нам-хөдөлгөөн, нийслэл дэх нутгийн зөвлөлийн бүх төрлийн шагнал өргөмжлөл дуусахаа мэдэхгүй үргэлжлэх ба залгуулаад шагналаа угаах тэмдэглэх гэж бөөн хөл хөөрцөг. Цол тэмдэг, өргөмжлөл хэвлэж цутгадаг жижиг цех урлангууд бараг 24 цагаар ажиллана. Захиалгандаа дарагдана. Би нөгөө 3.5-хан сая хүн амдаа хувааж үзээд тасархай хөгжсөн гээд байгаа юм шүү. Цааш нь ухаад үзье, харьцуулъя. Баахан хүн сэтгэлийн ханамж авснаас өөрөөр үр дүн байхгүй, санхүү мөнгөний гарлага зарлага гэж ёстой явж өгсөн харагддаг юм.

Нийгмийн шинжлэх ухаан нь тэр чигтээ уран сайхны сэтгэлгээ, монгол хүний сайхан сэтгэл дээр суурилан хөгжинө. Чингис судлалаар ёстой явж өгсөн. Цаашаа ч явна. Эрдмийн зэргүүд тасралтгүй төрнө, эрдэмтэд ярайна. Профессорууд, ШУ-ны гавьяатууд тоогоо алдсан. Араас нь “гавьяат”, “ардын” цолны донд бүх их сургууль, ШУА-ийн бараг бүх эрдэмтэд тархиа зовоон шанална. Их дээд сургууль нь нэг үе “200” хүрээд дэлхийг дэлгийлгэж явсан чинь агуулга гэхээсээ хэлбэр хөгжсөн хэрэг шүү дээ. Сайхан сэтгэлгээрээ багш, захирал, оюутан бүгд хэлбэрдээд уран сайхандаад явж байсныг дотор нь байсан би маш сайн мэднэ. ШУ-ны гавьяатууд, дэд ба жинхэнэ докторууд, профессоруудыг 3.5 сая хүн амдаа хуваагаад үзээрэй. Дэлхийн ямар ч их гүрэн, гүрэн, дундаж улсаас хол давна.

Үйл ажиллагаанууд ярайж байна. Бөөн уран сайхан ба уран сайхны хийрхэл донгийн хэтрүүлсэн марзан, инээдтэй, хэнээтэй (дэлхийд яаж өхөөрдөн доромжилдог бол биднийг?) үзэгдэл тасрахгүй. Тэгш тоотой бүх ой, ялангуяа хөдөө орон нутагт аймаг, сумдын ойнууд шил дарна. “Сумынхаа 100 жилийн ойд зориулж боловсон жорлон байгуулах аян” ч гэж байх шиг. Арай хэтэрнээ. Аймаг, сумдын ойн баяр наадам, найр цэнгүүн тэр чигтээ уран сайхны үзүүлбэрээр дүүрнэ. Үр дүн гэж нэг юм байх ёстой. Баахан хүн сэтгэлийн ханамж авснаас өөрөөр үр дүн байхгүй, санхүү мөнгөний гарлага зарлага л өр болж үлдэнэ. Сумын соёлын төвийн хүндэт самбар баяждаг байх, ганц нэг хөшөө босно. Нийтийн ба зохиолын дуундаа уярч хайлсан сум тэр чигтээ ядуу боргил амьдралдаа түүртээд үлдэнэ. Тэр байдал мөнх оршино. Нийгмийн бүх амьдрал нийтийн дуу шигээ агуулгатай. Төрөх мэндлэх, үсний найр, цэцэрлэг сургуульд орох, төгсөх, хуримлах, тэтгэвэрт суух, тэнгэрт дэвших бүх үйл нь уран сайхныг дагуулна. Хөдөөлүүлэх ёсных нь уран сайхан хэтэрчихээд баахан лам тэжээсэн мухар сүсгийн ёслол болохоо дөхсөн. Шашин нь гүн ухаан, бясалгал гэхээсээ уран сайхны хэлбэр нь давчихсан, үл мэдэх тангад номын бүх нийтийн уншлага маягтай.

Монголд элдэв баярууд огт салахгүй. Байгууллагын ой, төгсөлтийн ой, уулзсаны баяр, хөдөлмөрийн алдар, хонхны баяр, баяр баяр баяр... нөгөө 3.5-хан сая хүн амдаа хувааж үзээд тасархай хөгжсөн ийм үзэгдлийг нэрлэж баршгүй их. Нийслэлээр дүүрэн, алхам тутам тааралдах баар, ресторан, караокэ, угаалга цагаалгын газрууд энэ тэр чинь үйлчилгээний нэртэй уран сайхны мөрөөдөл дээр тоглодог зальтнуудын арга хэрэгсэл шүү дээ. Тийшээ асар их мөнгө урсгаж өр тавьж байгаагаа уран сайхнаараа тайлбарлаж сэтгээд санаа амарчихна. 

Улс төр-олигархи нь уран сайхнаар явахыг яана гээч. Улс төрийн нам байгуулаад сонгуульд орж байгаа нь агуулгагүй (мөрийн хөтөлбөр, ухаанаа уралдуулах), хэлбэртээ автчихсан. Сонгогчид зөвхөн уран сайхны өнцөг ба ядуурлын нүдээр харж горьдоно. Уран сайхны сэтгэлгээтэй ард түмэн горьдож ханахгүй, байнгын гомдол, гэхдээ сонгууль болгоноор горьдоно. Олигархи гээд байж байгаа нөхдийн баян тансаг амьдрал нь нэлдээ уран сайхны сэтгэлгээ-фантаз дээр босч хөгжинө. Үнэтэй чамин машинтайгаа нийслэлийн зам дээр олон цаг түгжрээд байж байгаа нь уран сайхандсаных нь төлөөс юм даа. Морины уяч маш олноороо төрдөг, нутгийн бөх тойрч мафиддаг, хөөрөг, дээл хувцасны төлөө өрсөлддөг, нутгийнзөвлөлдөө очиж түүнийгээ гайхуулдаг нь хүний муу чанар биш, уран сайхных нь сэтгэл ханамж юм. 

Уран сайхны сэдэлтэй, мөрөөдөлтэй, дээр нь мухар сүсэгтэй тэр ард түмнийг залж чиглүүлдэг улс төрийн чамин аргачлал байна. Цаадуул нь ядуу дорой, үрэлгэн гаралган, мөнгөгүй. Тийм үл бүтэх амьдралынхаа буруутнаар өөрийгөө хэзээ ч нэрлэхгүй. Лүд барам болгоод заачих уран сайхны мэдрэмжтэй тул ердөө Төрд байгаа хулгайч нар, УИХ-д суугаа хулгайч нар гээд өөрийгөө цайруулчихна! Гэхдээ тугалган жад шиг харимхай, тууштай биш, уран сайхандаад уяраад уучилчихдаг, аргалуулчихдаг учраас дахиад л горьдлого, гомдол, гуниг залгаад, тамын тогоо үргэлжилнэ. Тамын тогоо нь уран сайхны ТАМ. Хэдэн биенээ хэмлээд хов хөөцөлдөөд сууж байх нь гоё! Сошиалд комент гэж нэг уран сайхны талбар гарч ирсэн биш хараал ерөөл туйлшрал нь ёстой сагаж хальж байна. Сошиал, зурагт, сонинууд нь тэр чигтээ уран сайхан, уран сайхны бүтээл, уран сайханжсан улс төр.

Ерөнхийдөө Монгол хүний уран сайхны сайхан сэтгэл, мөрөөдөл нь жилдээ хоёр том ойн баярт бэлтгэх, угтах, тэмдэглэх, тэмдэглэсний дараа хөөрцөглөн нэг жилдээ санан дурсах хэлбэрээр явна. Тэр хоёр нь өвөлдөө Цагаан сар, зундаа Наадам. Тэр хоёр баяраа яаж баярхуу, аархуу, хүнээс дор орохгүй, муу хэлүүлэхгүйгээр тэмдэглэх вэ гэдэгт Монголын нийгэм тэр чигтээ зориулагдсан мэт нүднээ бууна. Хөлтэй нь хөлхөн хөлгүй нь мөлхсөөр дуусах энэ их баяруудаас баахан хүн (3.5 саяуулаа) сэтгэлийн ханамж авснаас өөрөөр үр дүн байхгүй, санхүү мөнгөний гарлага зарлага л үлдэнэ. Өр шир ч явж өгдөг биз.

Уран сайхны сэтгэлийн ханамж аваад санхүү мөнгөний гарлага зарлагатай үлдэв гэж улиглан бичээд байгаа чинь л нөгө АГУУЛГА нь байхгүй байнаа л гэсэн санаа юм. Агуулга байхгүйгээр хэлбэрдээд байна, хэлбэртээ (уран сайхан) живж үхлээ гэдгээ МОНГОЛ ХҮН (олонхи нь) хэзээ ч ойлгохгүй, харин бахархал болгон нийгмээрээ хөөрцөглөн хөнөглөн яваа нь өнөө цагийн гол эмгэнэл юм даа. 

АГУУЛГА гэдэгт бүтээн байгуулалт гэсэн ганц том үгээр таглаад өнгөрөмгүй байна. Бүтээн байгуулалт дотроо бас уран сайханддаг тул ялгаж ойлгох хэрэгтэй. Жишээ нь нийслэлд хөл гишгэх газаргүй бол барилгажилт явагдаж байна. Барилгын салбарын гавьяатуудыг нэрлэж барах юм биш. Тоогоо алдсан. Одоо тэд бүгд Хөдөлмөрийн баатар горилон лоббидож явааг нь ч ойлгож байна. Хоёр гурван давхар хуучин барилгыг өөлсөөр муулсаар байгаад буулгана, суурин дээр нь хорь гучин давхар сүндэрлээд босоод ирнэ. Тэнгэр баганадаад байдаг, гэр хороолол, ядуусын улны давхарга хорогддоггүй ээ. Хэлбэр (тэнгэр баганадсан, уран барилгын ур хийц) байна, агуулга (гэр хороолол бахь байдгаараа) алга.

Хөдөөний аж төрөл, мал аж ахуйгаа хөгжүүлж байгаа байдал нь нуль уран сайхны хүсэл мөрөөдөл дээр босно. Мал өсгөнө, бүр жар, далан сая давна. Нүүдэлчний уран сайхны фантаз, бяцхан тархи, шунал нь хослоод мал аж ахуйгаа орчин үежүүлэхгүй байсаар зуданд хиаруулаад байж байгааг нь бид харж байна. Малд зориулсан дуу шүлэг, ерөөл магтаалдаа автаад малаа хайрласаар байгаад адаг сүүлд нь!

Нийслэл ба томхон хотуудаар дүүрэн зах дэлгүүр, чингэлэг, бөөний төв, ломбард. Уран сайхны сэдлээс үүдэлтэй. Уран сайхны фантаз нь ерөөл магтаал, мухар сүсэгтэйгээ холилдоод бяцхан тархинд очиж суухаараа эдийн засгийн ийм нэг үзэгдэл болчихдог. Худалдагч борлуулагч, хувийн тэрэгний жолоочийн мэргэжил чинь нүүдэлчин хүний хэнд ч үл захирагдах эрх чөлөө нь уран сайхны мөрөөдөлтэйгөө (төдийд тэгж баяжна, ингэж мөнгөжинө!) хослоод байж байгаа нь тэр юм. Уран сайхны фантаз дээр нь тоглох залилан луйвар хэзээ ч зогсохгүй, учир нь тэгж залилуулахдаа таарсан уран сайхны горьдлого бүхий бяцхан тархинууд бэлэн зэхээстэй залилагдахаа хүлээгээд мөнхөд байж байна.

Ерөөсөө энэ их уран сайхандалтын дараа сүүдрийн далд эдийн засаг хөгждөг байх, хүмүүсийн гар дээр эргэлдэх их мөнгө, тэр мөнгийг баяр наадам, уран сайхны сэтгэл ханамжинд зарцуулдаг байх. Монгол Улс хөгжлийн эрэмбэ, бодит ДНБ, түүнээс ард түмэндээ хүртдэг бодит орлого гээд яривал дэлхийд сүүл мушгих руугаа дөхнө. Дундаж гэж сэтгэлээ аргалъя. Зах зээлийн харилцаа-капитализм руу шилжээд 34 жил болчихсон улс гэхэд социализмын үеийн шагналын тогтолцоо, сэтгэхүй дээрээ уран сайхандсан ийм нэг дутуугийн комплекстой 3.5 сая ард түмэн Азийн цээжин дээр байж байна. Нүүрс, зэс гадагш зарахгүй бол угаасаа эдийн засаггүй болчих гээд. Урлаг уран сайхан мянга байгаад нэмэргүй. Ард иргэд нь мөнгөгүй, өр зээлтэй, мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй, хэнд ч худалдагдахад бэлхэн уран сайханч тийм ард түмнээрээ хөгжлийн хурдны XXI зуунд мөнхрөх нь юуны сайхан байх билээ? ЯДУУ хэрнээ баярхуу, найрч наадамч! АГУУЛГА алга! ХЭЛБЭР байна!

Д.Баярхүү /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 56 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 10 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 27 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 10 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 20 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top